| | USD/MNT 0₮

Зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ж.Эрдэнэбатын гомдлыг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг Дээд шүүх өнөөдөр  хэлэлцэнэ.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус, тус тооцсон. 

Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан.

Улмаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 15-ны өдөр  болж, шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт оногдуулсан яланд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм.

Харин өнөөдөр Дээд шүүх шүүгдэгчид болон өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэлэлцэх гэж байна. 

Зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ж.Эрдэнэбатын гомдлыг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.