| | USD/MNT 0₮

COVID 19-ийн халдвар аваад эдгэрсэн Н:Гараа ариутгаж, маск зүүж, бээлий өмсөхөөс гэхээс илүүтэй Д витамин ууж, дархлаагаа сайн дэмжээрэй

Нийслэл хот халдварын голомт болоод удаж буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 1349 болсон бол үүнээс эдгэрсэн хүний тоо 887-д хүрээд байна. Харин өчигдрийн байдлаар халдварын голомтуудад нийтдээ 853 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс Нийслэлд батлагдсан тохиолдол 527 болжээ. Нийслэлд халдварын тархалт их байгаа бөгөөд үүнээс үүдэж томоохон эмнэлгүүд тахлын голомт болж хөл хорио тогтоосон хэвээр байна.

Харин коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрээд гарсан хүмүүсийг “Нийгэмд чимээгүй байна, тэд яагаад дуугарахгүй байна. Энэ вирусийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх ёстой, эмчилгээ хэр хийгддэг юм бол” гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд өрнөсөөр байгаа. Ингээд коронавирусийн халдвараар өвчлөөд Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ хийлгэн эдгэрч эмнэлгээс гарсан Дархан-Уул аймгийн иргэн Н-тай ярилцлаа. Тэрбээр энэ халдварын талаар болон эмчилгээний талаар нийгэмд эерэг, зөв мэдээ мэдээлэл хүргэх зорилготой байгаагаа хэлсэн юм.

-Сайн байна уу. Бие нь сайн уу?

-Сайн байна.

-Таны хувьд коронавирусийн халдвараар өвчлөөд, эдгэрчээ. Халдвар авснаа анх яаж мэдсэн бэ, ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Анх бие сульдаж эхэлсэн өндөр халуураагүй ч 2 хоног бага зэрэг халуурч хий ханиалгаж байсан. Дөрөв хоногийн дараагаас амт үнэр мэдрэхээ больсон. Өөр зовиур байгаагүй. Биед дээрх шинж тэмдэг илрэхээр нь тусгай дугаарт холбогдож хэлсэн. Ингээд гэрт ирж шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Дараа нь нэг өрхөөс нэг хүн гэсэн шинжилгээнд аав шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Ингээд би тусгаарлагдаад дахиад шинжилгээ өгөхөд миний хариу эерэг гарсан даа.

-Эмнэлгээс гараад гэрийн ажиглалтад хэд хонож байна вэ?

-Эмнэлгээс гараад гэрийн ажиглалтад 14 хоног болж байна. Нийгмийн харилцаандаа хэвийн ороогүй байна.

-Залуу хүний хувьд хурдан эдгэрсэн үү. Настай архаг хууч өвчтэй хүмүүс их хүнд өвчлөөд байх шиг?

-Тийм, залуу хүн гэхэд эмчилгээ хийлгээд дархлаа хурдан тогтсон. Хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн болохоор гайгүй шүү. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт олон хоног тусгаарлах шаардлага байхгүй юм билээ.

-Яагаад?

-Эмнэлэгт болон хөнгөн хүмүүсийг хэвтүүлмээргүй юм билээ. Эмчилгээ бичиж өгөөд гэрт нь тусгаарлах ёстой. Гэтэл яах гэж байгаа нь мэдэгдэхгүй бөөн бөөнөөр нь эмнэлэгт аваачаад 20 хоног “хорьчихно” эмчилгээ гэж сүйдтэй юм байхгүй. Тариа ч байхгүй. Арбитол эмийг 10 хоног уулгаад, үлдсэн хоногт бидний гар дор байх хуурай чацаргана, витамин С болон Д өгч байгаа юм. Дээр нь эмнэлэг нь хүйтэн болохоор нялх нойтон хүүхдүүд нэмээд ханиад авах эрсдэл маш өндөр. Ядаж ус буцалгаж байхгүй, бид хангалттай халуун бүлээн шингэн юмаа ууж чадахгүй, эмнэлгээс өгөх аарц, чацаргана хоёроор л өдөрт амаа чийглэдэг байсан. Хөнгөн хүмүүс гэртээ тусгаарлагдвал ядаж тохь тухтай байх юм билээ. Эмнэлэгт агаар дутагдаж, нялх хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд ороод хэцүү байсан.

-Энэ халдварыг зүгээр ханиад, зарим нь аюултай тахал хэмээн янзаар ярьж бичээд байгаа. Үнэхээр монголчууд бидний айх ёстой аюултай зүйл мөн үү?

-Бусад хүмүүсийг сайн мэдэхгүй байгаа тул яг өөр дээрээ хариулахад миний хувьд айх зүйл байгаагүй. Аюултай зүйл гэж харж болохгүй.

-Эмнэлгээс гарсны дараа биед нь ямар нэг өөрчлөлт, шинж тэмдэг илэрсэн үү?

-Эмнэлгээс гарсны дараа одоо хүртэл биед ямар нэгэн өөрчлөлт илрээгүй байна. Эмнэлэгт 28 хоног, гэрт 14 хоног гээд 42 хоног нийгмийн харилцаанд орохгүй, ажил амьдрал гэж байхгүй нэг гэр бүл хохирлоо. 

-Та хаана эмнэлэгт хэвтсэн бэ. Мөн тухайн эмнэлэг ямар эмчилгээ хийсэн бэ. Нэг хүнд 8 сая төгрөгийн үнэ өртөг бүхий эмчилгээ хийж байгаа гэдэг нь үнэн юмуу?

-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн болохоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний тухайд гэвэл эмнэлэгт хэвтсэнээс хойш Арбитол, Аспирин, Витамин Д гээд 3 нэр төрлийн эм, дээр нь Витагрип гээд хуурай чацаргана өгсөн. Арбитолыг 10 хоног бусдыг нь эмнэлгээс гартал өгсөн.

-Сэтгэлзүйн хувьд хэр байсан бэ?

-Миний хувьд гайгүй ээ, харин гэр бүлийнхэн маань маш их сэтгэлээр унасан. Тэрнээс гадна эмч эмнэлгийн ажилтнуудаас ирэх дайралт их байсан. Нээх муухай шоронгийн хоригдлуудтай харьцаж байгаа юм шиг хандаад сүүлдээ манай аав уурласан. Бид ямар гэм хийсэн биш, ялтнууд биш. Өвчин бол хэнд ч тусна, хэнийг ч ялгахгүй шүү дээ. Эмч сувилагч, хоол зөөдөг хүмүүс нь хоёр давхар маск хийчихээр хэлж байгаа зүйл нь сонсогдохгүй, дөхөхөөр “Цаашаа бай” гэж хашгирна. Аягаа эрт гаргасангүй, бэлдсэнгүй, тэгсэнгүй, ингэсэнгүй гэх мэтээр их дээрэнгүй өнгө аястай харьцаж, хашгирдаг байсан.

-Эмнэлгээс эдгэрээд гарахад нь эмчилсэн эмч нь ямар нэгэн зүйл хэлсэн үү. Гам сахиарай, дархлаагаа дэмжээрэй ч гэх юмуу?

-Дархлаагаа сайн дэмжээд халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай гэж хэлсэн.

-Эмч болон эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын дэглэмээ хэр сахидаг вэ. Одоо эмч нар өөрсдөө халдвар их аваад байгаа?

-Өөрсдөө тэр халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихгүйгээс болж эмч, сувилагч нараас нь халдвар илрээд байгаа биз дээ.

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэн хүн хамгийн түрүүнд юуг хийж, юуг анхаарах ёстой вэ?

-Хамгийн чухал нь дархлаагаа сайн дэмжих. Мөн витамин Д уух нь хамгийн чухал урьдчилсан сэргийлэлт гэж ойлгосон.

-Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эмч сувилагч нарын харилцаа болон хоол хүнсний хангамж хэр байсан бэ. Мөн орчны ариутгал халдваргүйжүүлэлт хэр хийгдэж байсан бэ?

-Хөнгөн шинж тэмдэгтэй байсан тул Цэргийн эмнэлэгт 21 хоносон. Эхний ээлжийн ажилчид сэтгэл санаагаар дэмжиж харилцаа их сайн байсан ч дараагийн ээлжийн ажилчид дуу цөөтэй холоос хашгирч ярьдаг, зандрангуй харьцаатай хүмүүс байсан эмчлүүлж байгаа хүмүүст тэр байдал нь таалагдаагүй. Хангамж хоол хүнс бол цэргийн эмнэлэгт маш сайн байсан. Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж байсан. Тэнд 7 хоногт 1 удаа гаднаас эргэлт оруулдаг.  Харин Цэргийн эмнэлгээс гараад Яармагийн эх хүүхдийн эмнэлэгт 7 хоноход тэнд хоол унд хангалтгүй цагтаа хоолоо өгдөггүй асуудал их гарсан.

-Монгол Улсад ковидыг мөнгө угаах, бусдыг айлгах тактик гэж хараад шүүмжлээд байх юм?

-Энэ дээр бол санал нэг байгаа шүү. Миний хувьд бол эмнэлэгт хэвтэж 28 хоног тусгаарлагдах ямар ч шаардлага байгаагүй. Анх шинж тэмдгүүд илрээд бүгд арилсан хойно эхний шинжилгээ сөрөг гарсан, дараа нь эерэг гарангуут шууд эмнэлэг рүү шилжүүлсэн. Ер нь бид нарын шинжилгээний хариунд итгэхэд хэцүү шинжилгээ өгдөг ч “Хариу нь энэ байна ийм учраас эерэг гарсан гэсэн үг” гээд баримттай зүйл байхгүй шууд утсаар хэлээд л “За эерэг байна” гээд аваад явдаг. Дээр нь энэ түргэвчилсэн оношлуур нь буруу заах магадлалтай гээд өөрсдөө мэдэж байгаа хэрнээ цаг алдахгүй шалгахын тулд гэсэн шалтгаанаар шалгаад байгаа нь мөнгө угаах хэрэгсэл гэж харна. Мөнгө угааж хямдхан оруулж ирсэн оношлуураа зөвтгөх шалтаг гэж харж байгаа.

Бас нэг жишээ гэвэл “Улаан бал” ярилцлага дээр Д.Нямхүү эмч хэлэхдээ “ХӨСҮТ ээс нэг сувилагчийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан гэж Заригийн Өнөрөөд эхний шилжилгээгээр гарсан хариуг хэлсэн. Гэвч дараагийн шинжилгээнүүд нь СӨРӨГ гарсан тул вирусгүй гэж үзээд одоо ажлаа хийж байгаа” гэж хэлсэн нь хамгийн сэжигтэй санагдсан. Ард иргэдээс авсан шинжилгээний эхний хариу нь эерэг гарвал шууд эмнэлэг рүү явуулаад байгаа нь цэвэр мөнгө угаах шалтаг, арга саам гэж харж байна.

-Нэг хүнийг 8 саяар эмчилдэг гэж үнэн юм болов уу?

-Манайх зургуулаа эмнэлэгт хэвтсэн. Нэг хүний 8 сая гэвэл 48 сая төгрөг болно. Тэр мөнгөө аваад гэртээ Арбитол эмээ уусан бол гэж бодогдох юм. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарынхан мөнгө идэхээр барах уу даа. Зөвхөн мөнгө идэхээс гадна иргэдийн арын амьдрал, сэтгэл санаа гээд өчнөөн хохирол учруулж байгаагаа мэддэг болов уу. Манай гэр бүл ч гайгүй тулдаа олон хоног тусгаарлагдлаа. Ажил төрөл хийдэггүй, хувийн бизнес хийдэг хүмүүс ямар ч орлого байхгүй 42 хоног байна гэдэг чанга. Янз бүрийн хүн хэвтэж байгаа, тэр бүгдэд асуудал байсан.

УОК болон эрүүл мэндийн байгууллага энэ тэр нь ямар ч уялдаа холбоо шийдвэргүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ажиллаж байгаа. Дээрээс тэгж хэлсэн гэдэг. Хэн гэхээр эзэн нь мэдэгдэхгүй байх жишээний. Тулгарч байгаа асуудлаа хэлэхээр “Бид мэдэхгүй, дээшээ хэлье” гээд таг болчих жишээтэй. Томчууд нь болохоор эмнэлгийн эмч ажилчдынхаа нэрийг бариад “Бид өдөр шөнөгүй ажиллаж байна, чанга байна хэцүү байна” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байна. Ачир дээрээ тэр хэцүү байгаа зүйл рүүгээ орж үзээгүй л байгаа байхгүй юу. Төрийн ямар ч уялдаа холбоо шийдвэргүйгээр ажиллаж байгаа нь үнэн.

-Одоо вакцин хийнэ гээд байгаа. Үүнийг та юу гэж бодож байна?

-Одоо вакцин гэж бүр мөнгө угаах ажлаа эхэлсэн байх шиг. Тэр вакцин нь амьтан дээр туршилт хийгээгүй шууд хүн дээр хийж байгаа гээд яриад байсан. Мэдээгээр нэг хүн вакцин тариулаад 17 минутын дараа нас бараад олон улсын эмч нар энэ вакцин битгий хийлгэ мэдээлж байхад манайхан оруулж инэ гээд хандив цуглуулаад хэдэн тэрбумаар нь мөнгө төсөвлөөд байгаад асуудал бий. Цаад санаа нь мөнгө угааж идэх байх гэж харж хардаж сууна.

-Энэ вирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс олон нийтэд хандаж, энэ муухай өвчний талаар мэдээлэл өгөхгүй байгаа нь их сонин санагдаад байгаа. Эсвэл нийгмийн шаардлага, олон нийтийн хэл амнаас эмээж, нэр усаа ил гаргахаас цааргалдаг юм болов уу?

-Эдгэрсэн хүмүүс яагаад мэдээлэл өгөхгүй байна вэ гэхээр ажлын шаардлагаас болдог юм шүү. Манай ажил нууцлаарай гэж хэлээгүй ч нууцлахаас өөр аргагүй шалтгаан нөхцөл байна. Тийм болохоор хүмүүс нүүрээ ил гаргаж, бодитой мэдээлэл өгөхгүй байна. Энэ нь амьдралтай нь шууд холбоотой гэсэн үг.

-Эдгэрсэн хүмүүс эргээд халдвар тусах магадлал хэр бол. Энэ талаар мэргэжлийн эмчээс асууж, судлаж үзсэн үү, та?

-Эдгэсэн хүмүүс дахиж халдвар тусах магадлал маш бага. Учир нь дархлаа заавал тогтож байж эмнэлгээс гаргаж байгаа юм. Хэрвээ дархлаа тогтоогүй бол тогттол нь эмнэлэгт байлгаж байгаа юм билээ. Хүний биед дархлаа тогтсноор вирус нь устаагүй байсан бусдад тараах боломжгүй болдог гэсэн шүү. Тийм болохоор эмчлүүлээд гарсан хүмүүсээс сэжиглэж айх ямар ч шаардлага байхгүй гэдгийг дахин дахин хэлье. Нөгөөтэйгүүр эдгэрсэн хүмүүс зоригтой үгээ хэлдэг байх хэрэгтэй. Надтай хамт эмнэлгээс гарсан нэг хүний вирус нь устаагүй ч дархлаа тогтсон учраас эмнэлгээс гаргасан. Сүүлийн шинжилгээ нь эерэг гарсан. Тийм болохоор дархлаа хамгийн чухал юм билээ шүү.

-Дархлаа тогтоно гэдэг нь нөгөө яриад байгаа сүргийн дархлаа гэгч мөн үү?

-Мэдэхгүй. Вирус барьдаг л гэж хэлсэн. Дархлаа тогтсон эсэхийг нь цусны шинжилгээ авч шалгадаг юм билээ.

-Эрүүл мэндийн яамны мэдээллээр өгч байгаа тоо болон бусад мэдээллийг өдөр бүр сонсохоор яах аргагүй дархлаа унаж, сэтгэлзүйн хувьд ч дарамттай байдал үүсээд байх боллоо?

-Өдөр бүр халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо өсч байгаа талаар мэдээллэх нь яах аргагүй иргэдийг айлгаж байгаа дүр зураг мөн. Эдгээр тоонуудын 80-90% нь хөнгөн ямар ч шинж тэмдэггүй хүмүүс байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй.  Сэтгүүлчид та нар нийт өвчилсөн хүмүүсийн хэд нь хөнгөн хэд нь хүнд байгааг мэдэж байгаа байх. Тийм болохоор энэ вирусээс айх ямар ч шаардлага байхгүй гэж хэлье. Иргэд маань Улаан бал нэвтрүүлгийн Оном сангийн Наранбаатар болон ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү эмчийн орсон дугаарыг үзээд нэгийг бодож хоёрыг тунгаагаарай гэж хэлье.

-Өвчлөөд эдгэрсэн хүний хувьд бусад эрүүл хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүмүүст хандаж хэлэхэд гар ариутгах, маск бээлий зүүх гэхээс илүү хамгийн гол нь витамин Д ууж дархлаагаа дэмжээрэй гэж уриалмаар байна. Надтай хамт эмчлүүлсэн нэг хүний бодит жишээ байна. Ээж аавтайгаа хамт амьдардаг мөртлөө тэр хүний хариу шинжилгээний хариу эерэг гараад эмчлүүлж байсан. Харин ээж аав нь халдваргүй. Тэгээд гайхаад байсан чинь ээж аав 2 нь өдөр бүр ургамлын гаралтай витамин Д уудаг байсан юм байна билээ. Дархлаа сайтай хүн халдвар тусахгүй дээ.

Дахин хэлэхэд, миний гол санаа гэвэл хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэхгүй ар гэрт нь эмчлэх боломжтой юм байна. Эмнэлэгт хэвтээд 10 хоног Арбитол гэдэг эм л өгдөг. Тэр нь олдохгүй эм гэсэн. Аспиран витамин Д бол олдоно. Эмнэлэгт хөнгөн хүмүүс эмчлүүлэхээр коронавирусээс өөр өвчин тусах эрсдэлтэй юм байна билээ шүү. Хүнд архаг хууч өвчтэй хүмүүсээ л эмнэлэгтээ авна уу гэхээс хүнд, хөнгөн хэлбэрийн хүмүүсийг холилдож оруулах нь эрсдэлтэй санагдсан.

О.Сайхан 

Эмнэлэгт болон хөнгөн хүмүүсийг хэвтүүлмээргүй юм билээ. Эмчилгээ бичиж өгөөд гэрт нь тусгаарлах ёстой. Гэтэл яах гэж байгаа нь мэдэгдэхгүй бөөн бөөнөөр нь эмнэлэгт аваачаад 20 хоног “хорьчихно” эмчилгээ гэж сүйдтэй юм байхгүй. Тариа ч байхгүй. Арбитол эмийг 10 хоног уулгаад, үлдсэн хоногт бидний гар дор байх хуурай чацаргана, витамин С болон Д өгч байгаа юм. Дээр нь эмнэлэг нь хүйтэн болохоор нялх нойтон хүүхдүүд нэмээд ханиад авах эрсдэл маш өндөр. Ядаж ус буцалгаж байхгүй, бид хангалттай халуун бүлээн шингэн юмаа ууж чадахгүй, эмнэлгээс өгөх аарц, чацаргана хоёроор л өдөрт амаа чийглэдэг байсан. Хөнгөн хүмүүс гэртээ тусгаарлагдвал ядаж тохь тухтай байх юм билээ. Эмнэлэгт агаар дутагдаж, нялх хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд ороод хэцүү байсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.