| | USD/MNT 0₮
УИХ-ын Байнгын хороодоор хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, мэдээлэл авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Монгол адууны соёлыг устгах хулгайн хууль батлах гэж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар 2019 онд Засгийн газраас төсөл боловсруулаад ажилласан. Үүнээс сугалж оруулж ирж байна. Ийм юм ярьж суух цаг үе нь ч биш. Цар тахал гээд амь наана, там цаана байхад юун сэрвээний өндөр, юун баяр наадмын хууль вэ. Монгол үндэсний наадам бол монголын тусгаар тогтнол, соёлын асуудал. Хүн төрөлхтний соёлын өв гэж үзэж ЮНЕСКО-д 2010 онд бүртгүүлсэн. Тиймээс цахимаар хэлэлцэх асуудал ч биш. Энэ хүнд цагт өвс тэжээлийн тусламж яг малчдад очиж байна уу. Баячуудын морь малыг тэжээх, тэдний зугаа цэнгэлд очиж байгаа. Би таван наснаасаа хурдан морь унасан. Монгол наадмыг мэднэ. Наадмын үеэр сум, аймгийн төвд морь хасагдах асуудал гардаггүй. Мөнгө дагасан, бие биеэ давах гэсэн хэдхэн хүний хүслээс болж Улаанбаатарт л морь хасагддаг. Тэднийг хэн авлига авч өг, гаднаас морь оруулж ир гэсэн юм. Баячуудын, хөрөнгөтэй хүмүүсийн зугааг хуульчилж, жинхэнэ монгол адууны соёлыг устгах гэсэн хүмүүсийн хүслийг биелүүлсэн хулгайн хууль батлах гэж байна.
Үнэхээр баяр наадмын хуулиа сайжруулъя гэвэл морь, бөх, сур гээд яагаад цогцоор нь оруулж ирж ярихгүй байгаа юм. Байшинд амьдардаг адууг яагаад дэмжих ёстой гэж.