| | USD/MNT 0₮

СХД-ИЙН АЛСЛАГДСАН 32 ДУГААР ХОРООНД САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААД ТАВ ХОНОЛОО

Энэ жилээс эхлэн нийслэлийн айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж эхэлсэн билээ.

Эхнээсээ асуудал дагуулсан энэ түлш өнөөдөр айлуудад хэр хүртээмжтэй байна вэ. Долоо хоногт зургаан уут нүүрсний нормтой ч зарим айлд хүрэлцэхгүй, нэмэлтээр авъя гэхээр байхгүй, өгөхгүй гээд байгаа талаар иргэд ярив. Ер нь сайжруулсан түлшний нийлүүлэлт хангалтгүй, үйлдвэр дээрээ ачаалалтай, уутлаад тавьсан нүүрсээ борлуулалтын цэг рүү хүргэж өгч амжихгүй, үйлдвэр дээрээсээ дуусчихаад байна гэдгийг борлуулагчид хэлж байна.

Тухайлбал, СХД-ийн алслагдсан хороо болох 32 дугаар хороонд байрлах борлуулалтын цэг дээр сайжруулсан түлшний нийлүүлэлт хангалтгүй, иргэд бухимдалтай байгаа талаар Х.Ариунтуяа хэллээ.

Тэрбээр “Ард иргэд бухимдалтай байна. Та нар захиалгаа өгсөнгүй. Ард түмнийг хөлдөөж аллаа, хөлдөө чирлээ. Нөөцөө хангалттай бэлтгэх ч яасан юм бэ гэж харааж загнадаг” гэв.  

Тус хооронд түлш тээвэрлэлт нь тав хоног тасарч, уржигдар таван тонн түлш буусан ч хэдхэн цагийн дотор дуусчээ. Тээвэрлэлтийн компани нь хоёрхон машинтай гэх бөгөөд заримдаа тус газар нь утсаа авдаггүй гэнэ. Утсаа авахаараа “Нойр хоолгүй ажиллаж байхад та нар түлш нэхлээ, та нартай яаж ярьдаг юм бэ” гэж загнадаг аж.

Бодит байдал ийм байна. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байхад хотын удирдлагууд сайжруулсан түлшний талаар болон угаарын хийн хордлогын талаар мэдээлэл хийх бүртээ түлш хүрэлцээтэй, борлуулалтын цэгүүдэд хангалт сайн, үйлдвэр нь цаг алдалгүй шахмал түлшээ үйлдвэрлэж чадаж байгаа, нөөц хангалттай мэтээр худлаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж бухимдуулж байна.

Долоо хоногт зургаан уут гэсэн нормтой ч долоо битгий хэл тав ч хонохгүй түлш нь дуучихсан иргэд хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэх ёстой юмуу. Дээрх хороонд ганцхан борлуулалтын цэгтэй, нийслэлээс алслагдсан хороо учраас айл өрхүүд зургаан уут сайжруулсан түлш авахын тулд олон км газарт такси барьж ирж, түлш авна гэдэг үнэхээр хүндрэлтэй боломжгүй асуудал болчихоод байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ядаж энэ алслагдсан хорооныхоо айл өрхийг сайжруулсан түлшээр сайн хангахын тулд нөөцийг нь хангалттай бүрдүүлж өгөөчээ, холбогдох удирдлага, дарга нараа.



СХД-ийн алслагдсан хороо болох 32 дугаар хороонд шахмал түлшний нийлүүлэлт тасраад тав хоножээ. Түлшний хүртээмж муутайгаас болж иргэд хөлдөж үхэж мэдэх нь.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.