| | USD/MNT 0₮

ХОВДЫН ЗАРИМ СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА НАР, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БУСДЫН ДАНСААР “ХАХУУЛИА” ДАМЖУУЛСАН ГЭВ ҮҮ

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай Цагаан эрэг гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр гянтболд олборлож, түүнийгээ хяналт шалгалтаас гадуур байлгахын тулд цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнуудад хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэлд элсүүлсэн хэрэгт холбогдсон “Белон” компанийн захирал Р.Баатархүү, УЕПГ, Хууль зүйн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшлуулаад байгаа. Учир нь шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар нар эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд товлосон хуралд ирээгүй, М.А.Кожинов Дорноговь аймгийн Айраг сумд хөл хорионд орсон, Ц.Ганболдын өмгөөлөгчийн хурал давхацсан, Ж.Өнөржаргалын өмгөөлөгч коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон учраас ийнхүү хойшлуулсан юм.

Энэ хэргээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга асан, дэд хурандаа С.Батзаяад холбогдох үйлдлийг тусгаарлаж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, Москва дахь манай улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Галсандондог нарт холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээчихээд буйг бид энэ сарын 21-ний дугаартаа “БОАЖЯ-ны газрын дарга зөвшөөрөл олгоогүй бол олон хүн хэрэгтний ширээнд суух байсан уу” нийтлэлээр хүргэсэн. Тэгвэл энэ удаа бид Ховдын болон тус аймгийн Цэцэг сумын удирдлагыг ямар үндэслэлээр буруутган гэм буруутай, эсэхийг нь тогтоохоор болсныг тодруулъя.

ИТХ-ЫН ДАРГА НАР, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БУСДЫН ДАНСААР “ШАГНАЛАА” ДАМЖУУЛСАН ГЭВ ҮҮ

“Белон” компанийн захирал Р.Баатархүү, УЕПГ, Хууль зүйн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат нарын байгуулсан гэмт бүлэглэлд Ховд аймагт АН, МАН-аас сонгогдсон ИТХ-ын дарга нар, Засаг даргын орлогч албан тушаалтай хүмүүсийг элсэж, эрх мэдлээ ашиглаж хахууль авсан гэж буруутгаж байгаа юм. Тухайлбал, сүүлийн хоёр ч орон нутгийн сонгуулийн үр дүнд ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж буй Г.Пүрэвгандийг Р.Баатархүү, Х.Бат-Эрдэнэ нараас 2016 оны аравдугаар сард бусдаар дамжуулан таван сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар тооцжээ. Түүнийг 2015 оны долдугаар сарын 3-нд баталсан 82 дугаартай Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журмыг хүчингүй болгох саналыг аймгийн ИТХ-д оруулалгүй, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, 2017 оны тавдугаар сарын 31-нд ИТХ-ын тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолоор журамд өөрчлөлт оруулсан атлаа түүнийгээ хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлээгүйн төлөө дээрх хэмжээний мөнгө хахуульд авсан гэх хэрэгт холбогдуулжээ.

Тэгвэл түүний өмнө ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг дээрх 82 дугаар тогтоолыг баталж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийгээд зогсохгүй хуулийн дагуу ХЗДХЯ-нд уг тогтоолоо бүртгүүлээгүйнхээ төлөө Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас гурав, Р.Баатархүүгээс удаа дараагийн үйлдлээр нийт 41 сая төгрөг хахуульд авсан хэмээн буруутгаж буй юм билээ. Уг мөнгөнийхөө нэлээд хэсгийг бусдын дансаар, 5-6 саяыг нь бэлнээр авсан хэмээн тогтоосон байна.

Харин Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэгийг дээрх тогтоолыг хүчингүй болгох санал оруулалгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бэлэг, хандив авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж буруутгах үндэслэл бүрджээ. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглоно” гэснийг зөрчин “Белон” ХХК-ийн захирал Р.Баатархүүгээс 2016 оны арванхоёрдугаар сараас хойш 10 удаагийн гүйлгээгээр түүний хүү Б.Бат-Энэрэлийн дансаар дамжуулан өөрийнхөө хүүгийн дансанд 16.6 сая төгрөг авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэнэ. Энэ тухай Ч.Уранчимэгийн хүү нь “Ээж Р.Баатархүү ахтай очиж уулзаад намайг дагуулаад ирээрэй гэсний дагуу “Белон” компанийн байранд түүнтэй уулзуулсан. Удалгүй зөөврийн компьютер аваарай гээд 1.7 сая төгрөг шилжүүлснийг ээж “Мөнгөний хэрэгтэй байна” гээд 1.65 саяыг нь авсан” гэх зэргээр мэдүүлсэн аж.

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай Цагаан эрэг гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр гянтболд олборлож, түүнийгээ хяналт шалгалтаас гадуур байлгахын тулд цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнуудад хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэлд элсүүлсэн хэрэгт холбогдсон “Белон” компанийн захирал Р.Баатархүү, УЕПГ, Хууль зүйн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшлуулаад байгаа. Учир нь шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар нар эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ сарын 21-нд товлосон хуралд ирээгүй, М.А.Кожинов Дорноговь аймгийн Айраг сумд хөл хорионд орсон, Ц.Ганболдын өмгөөлөгчийн хурал давхацсан, Ж.Өнөржаргалын өмгөөлөгч коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон учраас ийнхүү хойшлуулсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.