| | USD/MNT 0₮

ТОЙМ:УЛИРЧ БАЙГАА 2020 ОНД БОЛСОН УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2020 он дуусахад хэдхэн цаг үлдсэн байна. Хорь хорь гэсэн утгатай энэ жилд Монголчууд битгий хэл дэлхий нийтээрээ аймшигт цар тахал өвчинд нэрвэгдэж, хөл хориотой жил өнгөрлөө. Ингээд мэдээллийн Asu.mn улирч буй 2020 онд улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Улс төр:

Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж, монголчууд 30 мянган хонь бэлэглэв

2020 оны улс төрийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлын нэг бол Ерөнхий Х.Баттулгын урд хөршид хийсэн албаны айлчлал байв. Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ ын дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү үйл явдал нь хоёр орны иргэдийн дунд хэсэгтээ онцлох сэдэв байв. 

Эцэг хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэллээ

2020 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас хамгийн онцлох нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн явдал байв. Эцэг хуулийн шинэчлэлээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт тэнцэл бий болох суурь тавигдсан бөгөөд 70 зүйлтэй бөгөөд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулж, зүйл заалт нь хүчин төгөлдөр болсон.

Н.Номтойбаярыг түдгэлзүүлж, Б.Батзоригийг чөлөөллөө

УИХ-ын сонгуулийн жилийн эхэнд МАН-ынхан нэг гишүүнээ УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, намаасаа хөөх шийдвэр гаргав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

Тодруулбал, Н.Номтойбаярыг гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Энэхүү үйл явцтай зэрэгцэн МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, удаа дараа зодоон цохион хийсэн асуудалд холбогдож намын нэр хүндийг унагасан учраас хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэн намаасаа хөөсөн юм. Энэ бол нэгдүгээр сарын төгсгөлд болсон үйл явц. 

Харин сонгуулийн өмнөхөн буюу дөрөвдүгээр сард Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Түүний хувьд гуравдугаар сард гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Учир нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал үүссэн. Тиймээс ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв хэмээн үзэж, хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар түүний хүсэлтийг УИХ-ын гишүүд олонх дэмжиж, гишүүний албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. 

МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж, АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр болов

Өнгөрч байгаа оны бас нэгэн онцлох сэдэв бол парламентын ээлжит сонгууль байлаа. УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд нийт 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 нийт 606 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгосон юм. Тодруулбал, МАН-аас 76, АН-аас 76, Монголын ногоон намаас 15, Та бидний эвсэл, МАХН, ИЗН, МУНН-ын эвслээс 74, Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын эвслээс 72, Зөв хүн-Электорад эвслээс 53, Ард түмний намаас нэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 13, Хөгжлийн хөтөлбөр намаас долоо, Эх орончдын нэгдсэн намаас нэг, Сахигтун-Үндсэн хуулийн 19 эвслээс 34, “Ард түмнээ хайрлая” намаас нэг, “Зон олны нам”-аас 30, “Дэлхийн монголчууд нам”-аас гурав, “Ард түмний олонхын засаглал” намаас 24, “Их эв” намаас нэг, “Гэр хороолол, хөгжлийн намаас дөрөв, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн юм. 

Сонгуулийн үр дүнгээр МАН 62, АН 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, Та бидний эвслээс нэг нэр дэвшигч сонгогдов.  

Орон нутгийн сонгууль ба УИХ-ын гишүүнээс Хотын дарга болсон Д.Сумъяабазар

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн аравдугаар сард болж, 9 дүүргийн хэмжээнд МАН олонхи суудал авснаар мөн л ялалт байгуулав. Энэ удаа нийслэлийн Засаг дарга хэн болох вэ гэдэг нь иргэдэд маш өндөр хүлээлттэй байсан юм.

Харин ялалт байгуулсан нам Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг намаа ялуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлж, Улаанбаатар хотыг захирах хариуцлагатай албанд томилсон явдал яах аргагүй онцлох үйл явдлуудын нэг байв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар улирав

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН-ынхан Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томилов. 

Хорих ангиас нэр дэвшигчид

2020 оны найм дахь удаагийн УИХ-ын сонгууль анхаарал татсан үйл явдлын нэг бол хорих ангиас нэр дэвшигчдийг тойрсон “том” асуудал байв. Сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчдийг бөөнөөр нь цагдан хорьж, сонгуульд өрсөлдөх эрх чөлөөг нь хязгаарласан энэ үйл явдал Монголын улс төрийн түүхэнд хараар бичигдэн үлдэв.

Тодруулбал, УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Сэлэнгэ аймагт Ж.Эрдэнэбат, УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар  ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас өрсөлдснөөс Сэлэнгэ аймгаас Ж.Эрдэнэбат УИХ-д сонгогдов.

Нийгэм:

Коронавирусийн халдвар Монголд зөөвөрлөгдөж орж ирсэн ч арваннэгдүгээр сард дотооддоо алдав

БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад ээлж дараалан бүртгэгдэж байв.

Урд хөрштэй хил залгаа манай улсыг ДЭМБ-аас эрсдэлтэй бүс хэмээн үнэлсэн. Иймээс Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэх зорилгоор анх удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, Нийслэлд үйлчилгээний газрууд, олон нийт цугладаг байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргав.

Гэвч Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрснээр 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Тэр цагаас хойш Монгол Улсад гаднын улс орнуудаас зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд ар араасаа бүртгэгдэж, нийт 400 гаруй болоод байна.

Дотооддоо халдвар алдаж, хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гэртээ гарснаас хойш дөрөв хоногийн дараа өөрөөс нь болон түүний эхнэрээс коронвируст халдвар илэрсэнээр нь Монгол Улс цар тахлыг дотооддоо алдсан. Ийнхүү хүн амын дунд халдвар гарсан тул Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Монгол Улс анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Гэсэн ч халдварын багц тохиолдлууд Сэлэнгэ, Дарханд багц тохиолдлууд илэрч, хатуу хөл хорионы дэглэмийг сунгасан юм. Үр дүнд өнөөдрийн байдлаар аймгуудад илэрсэн халдварын голомтыг цомхтгон дарж, дэглэмийг бууруулсан ч нийслэлийн Баянзүрх дүүрэгт дахин халдварын багц тохиолдол илрэв. Иймээ хатуу хөл хорион дэглэмийг ирэх оны нэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжлүүлэхээр болж байна.

Мөн халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөж байна. Дотоодын халдвар 300 гаруй бүртгэгдснээс ихэнх нь Баянзүрх дүүргийн голомтоос эхлэлтэй байна.

Урлаг:

Үзэгчгүй наадмыг онлайнаар анх удаа зохион байгуулав

Дэлхийг нөмөрсөн цар тахлын улмаас монгол түмэн цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэсэн бол Үндэсний их баяр наадмаа түүхэндээ анх удаа үзэгчгүй тэмдэглэж, онлайнаар зохион байгуулж, наадамчин олондоо үзүүлэв.

Үндэсний их баяр наадмыг 13 дугаар зуун цогцолборт үзэгчгүйгээр зохион байгуулж, нээлтийн ажиллагааг Монголын Телевизүүдийн холбоо шууд дамжуулсан.

Тэгвэл дотоодод халдвар гарсантай холбоотойгоор шинэ жилийн баярыг тэмдэглэж, монголчууд бүгд 2021 оныг гэр гэртээ угтах гэж байна.

Соёлын яамтай боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа нэг яам нэмж байгуулав. Тодруулбал, Засгийн газраа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хувааж, 14 яам, нийт 17 сайдтайгаар байгуулсан. Ингэснээр соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын биет өвөө хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой бодлогын яамтай болсон. Ийнхүү 30 жилийн дараа соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх зорилготой Соёлын яамтай болж сайдаар нь түүхч, академич С.Чулуун ажиллаж байна.

Эдийн засаг:

Монголчууд анх удаа баялагийнхаа баялагаас хувь хүртэв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн.  Ингэснээр монголчууд анх удаа байгалийн баялгаасаа ногдол ашиг хүртсэн. Тус компанийн хувьцаа эзэмшигч 2,512,768 иргэн, 486 ААН-д ногдох нэгж хувьцаанд нь 90₮ буюу нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус компани олгов.

ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргахаар болсон шийдвэрээ танилцууллаа. 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг энэхүү жагсаалтад оруулж, нэн даруй хэрэгжүүлэх ёстой зөвлөмжүүдийг өгөөд байсан юм.

Ипотекийн зээлийг 6 хувь болгон бууруулав

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс зургаан хувийн хүүтэйгээр зээл олгож эхэлсэн. 

Гуравдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн хувьд хугацаа хэтэрсэн зээл нь 3.5 хувьтай байсан бол зээл хойшлуулах хүсэлтийн хүрээнд 2.2 хувь болж бууран, 57 орчим тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл хэвийн ангилалд шилжсэн байна. Харин тавдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэдийн ипотекийн зээлийн 8 хувийг нь 6 хувь болгожээ. Өмнө нь найман хувийн зээл авсан иргэд  зээлээ зургаан хувь болж бууруулах боломжтой гэж ойлгож байгаа. Тэгвэл  албаныхны өгч байгаа мэдээллээс харахад энэ нь боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл, шинээр орон сууц худалдаж авах иргэдэд зургаан хувийн орон сууцны зээл үйлчлэнэ гэсэн үг.

Улс даяараа 7 сарын хугацаанд цахилгаан дулаанаа үнэгүй хэрэглэнэ

Дотоодод алдсан коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн Засгийн газраас бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэр гаргасан нь иргэддээ өгч байгаа том дэмжлэг болов.

Засгийн газрын шийдвэрийн дагуу журам гарч, хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцахаар болсон. Учир нь шийдвэр гарахтай зэрэгцэн цахилгаан хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгдсэн юм. Иймээс ачааллыг бууруулахаар журам хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн.

Хууль эрхзүй:

Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг шүүхээр шийдвэрлэсэн ч эргээд хүчингүй болгов

Одоогоос 22 жилийн тэртээ С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг илрэхгүй явсаар хоёр жилийн өмнө гэнэт илэрч, хэрэг нь хуулийн байгууллагаар шийдэгдсэн. Талийгаачийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хөнөөсөн болохыг хуулийн байгууллага тогтоож, улмаар бүх шатны шүүхээр дамжуулж хүндрүүлэн шийтгэсэн.

Гэвч тэр хоёрт хэрэг хүлээлгэж, тамлан зовоож эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэсэн бичлэг дэлгэгдэж нийтэд ил болсон билээ. Энэ хэрэгт тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татаж шалган 2020 оны долдугаар сарын 22-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэж, Б.Хурцад гурван жилийн хорих ял оноосон. Гэвч уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгов. Анхан шатны шүүхэд нь буцаажээ.

Ингэхдээ эхлээд Б.Хурц нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн дүр эсгэж хэд хонуулж байгаад 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 1203 тоот захирамж гаргаж Б.Хурц нарыг сулласан.  

2020 оны улс төрийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлын нэг бол Ерөнхий Х.Баттулгын урд хөршид хийсэн албаны айлчлал байв. Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ ын дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү үйл явдал нь хоёр орны иргэдийн дунд хэсэгтээ онцлох сэдэв байв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.