| | USD/MNT 0₮

Б.Дашдондог: Яг энэ түүхэн мөчид “Thu Hu” хамтлагийн залуус маань дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна

The Hu хамтлагт "Чингис хаан" одон гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Энэ үеэр “The Hu” хамтлагийн продюсер Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Дээд хөх тэнгэр, ивээлт өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан минь ээ,

Мөрийн зэрэгт хүргэгдэж, төрийн хэрэгт өргөгдсөндөө мөхөс би талархан нэгэнтээ мэхийн ёсолж байна.

Б.Дашдондог миний бие та бүхэндээ Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний билэгт сайн өдрөөр “Thu Hu” хамтлагийнхаа эрч хүчтэй эрэлхэг цоглог залуусынхаа болон удам сударч ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн Монгол бахархлын өдрийн мэндийг дэвшүүлье. Билэгт сайн энэ өдөр төрийн сүлд, есөн хөлт цагаан тугныхаа оршихуй дор Чингис хааны нэрээр адислагдсан дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж, “Thu Hu” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Thu Hu” хамтлагийн авьяаслаг залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний урлаг, эх сайхан орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань минь, гэр бүл, найз нөхөд, хамтлагийн менежерүүд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл, тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн нэг бүрт гүн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэйгээ хамт хүртэх ёстой юм шүү. Их цадигт өвгөдийнхөө түүхгүйгээр бид хэн сэн билээ. Их оюунт өвгөдийнхөө үнэн сургаалгүйгээр бас бид хэн сэн билээ. Өнөөгийн соёл иргэншлийн үндэс суурь болсон төрт улс, хууль, цааз, худалдаа арилжаа, шуудан холбоо, соёлын эх болсон анхны найрал хөгжим зэрэг улс орнуудын оршин тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон үндэс суурь гээд олон зүйлийг өвөг дээдэс минь хүмүүн төрөлхтөнд нээн өгсөн билээ. Бид эв эвийг хичээж, эвлэлдэн нэгдэж чадваас оюун чадлаараа хүчирхэг улс гүрнийг дахин цогцлоож чадна гэж би боддог. Тойроод гарахгүй, туулаад өнгөрөх богинохон амьдралдаа хойч үрдээ өвөг дэдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг нь бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой.

Жил бүрийн энэ цаг дор эзэн хааныхаа сургаал зарлигийг хэлэлцэж, үр хойчдоо захин үлдээж байх санаачилгыг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдөр богд дээдсийнхээ өндөр их алдраар соёрхсон Монгол төрийн тэргүүн эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс гардан авсан энэ цаг мөчид миний бие гаргаж байна" хэмээлээ.

The Hu хамтлагт "Чингис хаан" одон гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Энэ үеэр “The Hu” хамтлагийн продюсер Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.