| | USD/MNT 0₮

Сувилагч Ш.Бямбасүрэн:Хотын дарга байрны батламж, баглаа цэцэгтэй гэнэтийн бэлэг барихад гайхсан. Зүүдэнд оромгүй явдал болсон

Эрүүл мэндийн салбарын энхийн манаанд үүрэгтэй хариуцлагатай зогсож, олон мянган хүнийг асарч сувилж, эмчилсэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Ш.Бямбасүрэнтэй ярилцлаа.

Тэрбээр 2021 оны босгон дээр эрхэлсэн ажил хөдөлмөр, бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан тул нийслэлийн Хөдөлмөрийн аваргаар тодорч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламж гардан авсан байгаа билээ.

-Сайн байна уу та. Шинэ оны босгон дээр Нийслэлийн Хөдөлмөрийн аварга болж, түрээслээд өмчлөх байртай болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл санаа минь өндөр байна. Хэдэн өдөр догдолж баярлаж байна даа. Надаас илүү хоёр хүүхэд минь үнэхээр их баярлаж байгаа.

-Нийслэлийн Засаг дарга талархал, цэцгийн баглаа, байрны батламж бариад ажил дээр нь очиход их баярлаж гайхаж байгаа харагдсан?

-Надад бол зүүдэнд оромгүй явдал болж өнгөрлөө. Эгчид нь гэнэтийн бэлэг барьсан. Би өөрөө ч мэдээгүй байсан. Эмнэлгийн удирдлага над руу залгаад “ирээд уулзаачээ” гэсэн.

Эгч нь үений хагалгаанд ороод гэртээ түр хугацаагаар ажлын чөлөөтэй байсан. Одоо бол эрүүл сайхан болсон. Ингээд ажил дээрээ очоод удаагүй байтал Хотын дарга Сумъяабазар цэцгийн баглаатай, батламж бариад ороод ирэхэд ёстой шоконд орсон. Байр өгнө гэж төсөөлж байгаагүй. Амьдралдаа баярлаж байгаагүйгээр баярласан даа.

-Эрүүл мэндийн байгууллагад хэдэн жил сувилагчаар ажиллаж байгаа вэ. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Сувилагчаар 35 дахь жилдээ ажиллаж байна. Одоо 36 дахь жил рүүгээ явж байна. Би 1985 онд 15 настайдаа Хүүхдийн клиникийн төв эмнэлэгт асрагчаар ажиллаж, ажлын гараагаа эхэлж байлаа. Ажиллах хугацаандаа ажилчин, залуучуудын 77-р сургуулийг оройгоор төгссөн. Тэгээд сувилагчийн дунд сургуульд элсэж, эрүүл мэндийн салбарт өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа оны аварга Сувилагчаар хэд хэдэн удаа шалгарч байсан.

-Та ам бүл хэд вэ?

-Эгч нь өрх толгойлсон эмэгтэй, хоёр хүүхдийнхээ хамт дөрвөн ханатай амьдардаг. Гэр маань БГД-ийн 11 хороонд байдаг. Нас ахиад эгч нь гэр барьж чадах боломжгүй болсон. Энэ удаагийн бэлэг бол ёстой гэнэтийн бэлэг байсан. Ажил мэргэжлийн онцлогоос шаардаад эгч нь олон жил зогсоогоороо ажилласан болохоор үений хагалгаанд орсон. Одоогоор гэртээ түр хугацаагаар байгаа хэдий ч эрүүл саруул болсон. Удахгүй ажилдаа орно.

-Өчигдөр байрныхаа түлхүүрийг гардаж авсан уу. Хэзээ байрандаа орох гэж байна вэ?

-Тэгсэн. Хотын дарга байрны түлхүүр гардуулж өгсөн. Цар тахал намжсаны дараа нүүж орох бодолтой байна.

-Түрээслээд өмчлөх хэлбэрийн байр юм билээ?

-Тийм. Буянт-Ухаа 2-т байрны түлхүүр гардуулж өгсөн. Түрээслээд өмчилнө гэдэг нь урьдчилгаа байхгүй, хүү байхгүй. Сар болгон 320 мянган төгрөг төлж яваад өөрийн болгож авах юм билээ. Хотын даргадаа амьдралыг минь өөд татаж, байртай болгосонд дахин баярлалаа. Энэ шагнал бол нүдээ олсон шагнал юм шүү. Хамт олон маань ч нүдээ олж шагналаа. Олон мянган хүн дотроос онцолж сонгоно гэдэг амаргүй даваа байсан байх. Хамт олондоо ч баярлалаа гэж хэлье.

-Энэ хүнд цаг үед эрүүл мэндийн байгууллага болон эмч, эмнэлгийн ажилтнууд ачаалал ихтэй хариуцлагатай ажиллаж байна. Таны хувьд ч мөн хариуцлагатай байх ёстой?

-Эрүүл мэндийн байгууллага хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажилладаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Хүн бүхэн өвчин зовлонгүй эрүүл байгаасай гэж боддог. Гэтэл сүүлийн үед халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авлаа гэдгийг сонсоод их санаа зовж эмзэглэж байгаа. Гайгүй байж, хурдан эдгэрээсэй.

-Сувилагчаар ажиллахын сайхан муухай гэж байдаг уу. Сувилагч бол өвчтнүүдийг сувилах асрах энэрэх үүрэгтэй гэж боддог?

-Янз бүрийн ааш араншинтай өвчтөнтэй харьцана. Тэр бүрт ааш аягт нь тааруулахгүй бол болохгүй шүү дээ. Саараасаа илүү сайн нь олон хорвоо доо. Үхэл хагацал, өвчин зовлонгийн ирмэг дээр ирсэн хүмүүс бид нараар үйлчлүүлдэг. Тэр болгонд хамт олондоо нэг баг болж ажиллаж сэтгэлийн дэм, итгэлийн гэрлээр өвчтэй хүмүүсийн амьдралынх нь төлөө эдгээх, илаашруулахын төлөө ажиллаж, тэмцэж ирсэн дээ. Эмнэлгээс эдгэрээд гараад явж байгаа олон мянган хүн “Эмчээ баярлалаа, сувилагчаа баярлалаа” гэж хэлээд гарах нь бидэнд их урам өгч байгаа хэрэг шүү.

-Мэргэжил бүхэн сайхан гэж ярьдаг?

-Мэргэжлийн сайхан муухай гэж ярихаас илүүтэй, мэргэжил бүхэн сайхан шүү. Нэгэнт би энэ мэргэжлийг сонгож суралцаж, эзэмшсэн тул хайртай байлгүй яах вэ. Би 15 настайгаасаа л эмнэлгийн хүн болно гэж боддог байсан.  Зорилго ч байсан зорилгодоо хүрсэн гэж боддог. Өвчтэй хүнийг үхэл хагацал, өвчин зовлонгоос нь салгаад ах дүү, аав ээжид нь найз нөхдөд нь элэг бүтэн хүлээлгэж өгөх тэр баярт мөч л хамгийн гоё сайхан санагддаг шүү. “Баяртай эмчээ, баярлалаа сувилагчаа” гээд нүүр бардам инээмсэглээд эмнэлгээс гарахыг нь харах л мөн сайхан даа.  Хүн ажлыг голно уу гэхээс ажил хүнийг голдоггүй юм. Эрхэлсэн ажилдаа тууштай байж амжилт гаргана гэдэг нэр төрийн хэрэг ч нөгөөтэйгээр ажлын хамт олны минь ач тус гавьяа шагнал. Энэ удаагийн Хөдөлмөрийн аварга маань ажлын минь үр шим, хамт олны минь том дэмжлэг гэж хэлнэ.

-35 жил сувилагчаар ажиллахдаа шантрах үе байсан уу?

-Би сувилагч мэргэжлийг өөрөө дурлаж сонгосон. Маш олон зүйлээс шалтгаалан шантрах үе зөндөө гарч байсан. Гэхдээ өөрийнхөө сонгосон мэргэжлээр ажиллаж байгаа болохоор алдаа, оноогоо хамт олонтойгоо ярилцаж, биенээсээ урам зориг аваад даваад гардаг. Аль болох шантрахгүй байхыг хичээдэг. Хүнд сэтгэлийн дэм сайн өгч чадвал хурдан эдгэрдэг. Зөвхөн үйлдлээр бус, үг, сэтгэлээр хүнийг эмчлэх нь хамгийн чухал.

-Хамт олныхоо талаар та яриач?

-Манай дарга Балдандугар гэж ерөнхий эмч бий. Шинэ дарга ч ажилчдынхаа амьдрал ахуйг их сайн мэддэг. Мөн Сувилахуйн алба, ҮЭХ-ны дарга Оюунбилэг, Тасгийн эрхлэгч Нямлхагва гэж алтан гартай сайхан эмч байна даа. Бид нэг баг болж ажилладаг.

-Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа хандаад та нэг сайхан урмын үг хэлээч?

-Бид нар ковид 19-ийн эсрэг хамт олноороо нэг баг болж нэг хүн шиг ажиллана. Бид нар энэ өвчнийг даван дийлнэ гэсэн сэтгэлийн уриатай байгаа.

-Маргааш шинэ он гарах гэж байна. Монголчууддаа хандаад юу гэж хэлэх вэ?

-Монголчууд маань эвтэй байхдаа хүчтэй гэж ярьдаг. Бид энэ муухай цар тахлыг сэтгэлийнхээ дэмээр, ЭМЯ-наас гаргасан уриалгыг сайтар дагаж мөрдөж, гэр гэртээ хөл хориогоо сайн барьж, элэг бүтэн байж ирж буй 2021 оноо угтаарай. Айлчлан ирж буй ондоо монголчууд маань эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн бүхэн санасан хүссэн бүхнээ авсан жил байх болтугай.

-Ярилцсан танд баярлалаа, эрүүл энхийг хүсье. Шинэ оноо сайхан угтаарай?

-Баярлалаа.

 О.Сайхан 

Буянт-Ухаа 2-т байрны түлхүүр гардуулж өгсөн. Түрээслээд өмчилнө гэдэг нь урьдчилгаа байхгүй, хүү байхгүй. Сар болгон 320 мянган төгрөг төлж яваад өөрийн болгож авах юм билээ. Хотын даргадаа амьдралыг минь өөд татаж, байртай болгосонд дахин баярлалаа. Энэ шагнал бол нүдээ олсон шагнал юм шүү. Хамт олон маань ч нүдээ олж шагналаа. Олон мянган хүн дотроос онцолж сонгоно гэдэг амаргүй даваа байсан байх. Хамт олондоо ч баярлалаа гэж хэлье.
Ярилцлага

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.