| | USD/MNT 0₮

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Монголчууд бидний бахархал, үүх түүхийн эзэн болсон Эзэн Богд Чингис хаан бээр билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн билээ.

Их хүмүүний мэлмий гийсний 857 жилийн ой Монгол бахархлын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар гаргасан байдаг юм.

Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр найм дахь жилдээ золгож байна.

Дээрх зарлигт  Эзэн богд Чингис хаан Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ.

XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулсан бөгөөд улс байгуулсны гол ач холбогдол нь бүх монголчууд нэгэн төрийн жолоонд нэгдсэнээр, дотооддоо эв нэгдэл батжин хүчирхэгжиж, олон улсад Монгол Улсын нэр хүнд өсч дэлхийн түүхийн тавцанд бие даасан Монгол улсыг гаргаж ирсэнд оршино.

Чингис хаан өөрийн улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тус гүрэн 200 гаруй жил оршин тогтнож дэлхийн түүхэн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Ингэснээр хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн хорин нэгэн зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгож чадсан юм.

Харь улс орнуудыг байлдан дагуулах явцад хүний амь нас хохирч, соёлын үнэт зүйлс тодорхой хэмжээнд эвдэрч сүйтгэгдсэнийг үгүйсгэх аргагүй. Гэсэн хэдий ч Монголын эзэнт гүрэн сэргээн босгох, хөгжүүлэн цэцэглүүлэх ажлыг тасралтгүй хийсэн билээ.

Чингис хаан өрнө, дорныг холбосон Торгоны замыг сэргээж, аюулгүй байдлыг нь ханган, урьд өмнө байгаагүй өртөө, шуудан холбоог шинээр үүсгэн буй болгосон нь улс түмнүүдийн харилцан ойлголцох, нэвтрэлцэх, ахуй, соёлын талаар бие биеэсээ суралцах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцан холбоог өргөжүүлэхэд чухал  түлхэц үзүүлсэн юм.

АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргав. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд “Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэсэн байдаг.

Чингис хааны түүхэн гавьяа зүтгэлийг дэлхий дахинд ийнхүү өндрөөр үнэлж байгаа нь түүний үр хойчист Их эзэн хаанаа санан дурсах, үйл хэргээр нь бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлж байна.

Монголчууд бид жил бүр Их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тусгайлан тэмдэглэх болсон явдал нь Чингис хаан төдийгүй, монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой.

Монголчууд бидний бахархал, үүх түүхийн эзэн болсон Эзэн Богд Чингис хаан бээр билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн билээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.