| | USD/MNT 0₮

Б.Батзориг: Он гарсаар 9 хүүхэд гэртээ галд өртөж амиа алджээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Нийслэл хотод энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24,7 хувиар, хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон үзүүлэлт 30,7 хувиар тус тус буурсан байна. Ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хулгайн гэмт хэрэгт холбогдож, хохирсон байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн золгүй байдлаар ахуйн хүрээнд бэртэж гэмтэх, улмаар амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол гарсаар байна. Энэ жилийн хувьд ковидоос шалтгаалж хүүхдүүд гэр бүлийн орчинд дийлэнх цаг хугацааг өнгөрүүлж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлага нэгдүгээрт гэдгийг хэлмээр байна.

-Бага насны хүүхдүүд орон гэртээ галд өртөж нас барсан хэрэг бүртгэгдсэн байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү.

-Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд айлын гэр шатаж байгаа дуудлага цагдаагийн байгууллагад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Үүнд бага насны 2 хүүхэд өртсөн тохиолдлыг шалгаж байгаа тул хуульд зааснаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ бүү цоожлож үлдээгээч гэж олон ч удаа сэрэмжлүүлэг өгч байгаа, хаана анхаарал болгоомжгүй хайнга байдал байна, тэнд эрсдэл үүсч байна шүү дээ. Он гарсаар хүүхдүүд орон гэртээ гал түймрийн аюулд өртсөн 9 харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Цаашид ч эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Иймд хүүхдээ галын болон бусад аюул ослоос мултрах боломж, аюулгүйн зааварчилгааг өгөх хэрэгтэй байна. Тэр битгий хэл өвчнийг бага дээр нь үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь авч эмчилгээг бүрэн хийлгэхгүй тоомжиргүй явсаар өвчин нь хүндэрч амь нас хохирох, нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлэхдээ өөрөө унтаж хөхөөрөө дарж амьсгалыг нь боогдуулах гэх мэт золгүй тохиолдол гарч байгаад анхаарч, яавал хүүхдэдээ аюулгүй, осолгүй байх вэ гэдэг дээр эцэг, эхчүүд бодмоор, анхаармаар зүйлүүд байна.

-Цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд, ялангуяа эцэг, эхчүүдэд юуг онцлон анхааруулах вэ?

-Хүүхдүүд гэмт хэргийн золиос болохоос илүүтэй ахуйн осолд өртөх магадлал их байна.  Цагдаагийн байгууллагаас “Сэргийлэгч хүү, охин”-ы дүрээр хүүхдийн аюулгүй байдлын 70 төрлийн зөвлөмж бэлтгэн олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байгаа. Хүүхдийн аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэсэн тус зөвлөмжийг мөн хүүхдүүдийн ихээхэн сонирхон үздэг Дрийм ТВ гэх мэт телевизүүдээр тогтсон хугацаанд цацаж байгаа үүнийг хүүхдүүддээ үзүүлээрэй гэж хүсмээр байна. Тухайлбал хүйтний улиралд орон гэртээ халаагуур /тень/ залгах тохиолдолд хүүhдүүддээ цахилгааны залгуур, утас зэргээр тоглож болохгүй, нойтон гараар хүрч болохгүйг, шүдэнз галаар наадаж болохгүйг сайн ойлгуулах хэрэгтэй. Бага насны хүүхдийн дэргэд шүдэнз, асаагуур, янз бүрийн цэвэрлэгээний бодис, эм тариа, иртэй үзүүртэй зүйл байлгахгүй байх, халуун тогоог хол байлгах, цонхоор унахаас сэргийлж хаалт хамгаалалт хийх, хамгийн чухал нь хүүхдийг харгалзах хүнгүй гаднаас нь цоожлож үлдээхгүй байх гэх мэт олон санамжийг өгмөөр байна. Таны гэрт байгаа цахилгаан хэрэгсэл хэр чанартай вэ, утас нь халж, шалбарсан, халалт үүсч хайлж байна уу, масс үүсч байгаа эсэхийг тогтмол шалгаж байх, олон зүйл зэрэг залгахгүй байх, утаа мэдрэгч дохиоллыг стандартын дагуу ажиллуулаагүйгээс угаарын хийнд хордох аюул байгааг, Монгол гэрийн янданг галд тэсвэртэй материалаар хамгаалалт хийж, яндангийн цонолт халалтаас сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй, заавал төмөр сав поошигт хийж байх, гэртээ галд шатамхай бензин, бусад тослох материал хадгалахгүй байх, удахгүй шинэ жил болох нь бенгалын галаар тоглох, шинэ жилийн гацуур модоо цахилгаан гэрлээр чимэглэх зэрэг бас л эрсдэл үүснэ. Үүнд байнгын сонор сэрэмжтэй хандаж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Мөн хүүхдийн цахим орчны хэрэглээг эцэг, эхчүүд хянаж байх шаардлагатай байна. Таны хүүхэд хэтэрхий олон цагаар цахимд суугаад байна уу, хэнтэй чатлаад байна, ангийнхаа чат грүппэд ангийнхаа хүүхдийг доромжлоод цахим гадуурхалд өртүүлж байгаа юм биш биз, бас таны хүүхэд үе тэнгийн гадуурхалд өртөөд сэтгэл санааны хувьд гунигтай, айдастай, уйтгар гунигт автан амьдрах сонирхолгүй болоод байгаа юм биш биз гэдгийг анхаарч өсвөр насны хүүхдээ ажиглаж байх, гар утсыг нь заримдаа үзэж шалгаж байх, хоорондоо ярилцаж санал бодлыг нь сонсож байх зэргээр хүүхэдтэйгээ хэрхэн харилцах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй гэж эцэг, эхчүүддээ зөвлөе.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.