| | USD/MNT 0₮

Тог цахилгааны ачаалал огцом өсвөл ХЯЗГААРЛАЛТ хийнэ

 
Засгийн газар өнгөрсөн ням гарагт хийсэн ээлжит бус хуралдаанаараа улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ирэх 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцах шийдвэр гаргасан.  Үүнтэй холбогдуулан цахилгаан ачаалал огцом нэмэгдэж, зарим газруудад цахилгааны хязгаарлалт хийх нөхцөл байдал үүсээд байна.
 
Тухайлбал, Тахилт болон Дэнжийн мянга мөн зарим орон сууцанд цахилгааны доголдол үүсч, нэг айлын хариуцлагагүй байдлаас болж нийтээрээ тог цахилгаангүй болох асуудал үүсээд байгаа учир үүнтэй холбогдуулан зарим нэг зохицуулалтыг хийнэ гэдгийг өчигдөр мэдээллээ. 

Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Гэр хороололд цахилгааны ачаалал хамгийн их байна. Харин орон сууцанд харьцангуй тогтвортой байна. Гэр хорооллын айлууд дулаанаа хангахын тулд халаагуур залгаж байна.
 
Энэ нь эрчим хүчний ачаалалд нөлөөлж байна. Ялангуяа өглөөний  10.00-12.00 цаг, оройны 17.00-23:00 цагийн хооронд ачаалал огцом өсөж байна. Энэ үед цахилгаан халуугаараа битгий залгаарай. Ачаалал огцом өсвөл хязгаарлалт хийх шаардлагатай болно. Засгийн газрын шийдвэртэй зэрэгцээд цахилгааны хэрэглээ 18 хувиар нэмэгдсэн” гэлээ.
 
Улс даяар тог цахилгаанаа хэмнэе гэсэн уриалгыг гаргаад байгаа бол зарим нэг ухамсаргүй хүмүүс нохойныхоо байр болон машины гражидаа цахилгаан халгаагуур залгаж, цахилгааны ачааллыг нэмэгдүүлж, тог цахилгаан тасрахад хүргэсэн байгаа юм.
 
Тиймээс энэ хүнд цаг эмзэг үед иргэн бүр хариуцлагатай хандахаас гадна, тог цахилгаандаа хэмнэлттэй хандах цаг юм шүү. Хэдий төрөөс төлбөрийг нь дааж байгаа ч сард заасан лимтээс илүү гарсан төлбөрийг иргэн, аж ахуйн нэгж та бүхэн төлнө гэдгийг мэдэх хэрэгтэй юм. 
Тог цахилгааны ачаалал огцом өсвөл ХЯЗГААРЛАЛТ хийнэ
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.