| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчиж хорьсон асуудлаар ОУПХ-оос манай улсад хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчиж хорьсон асуудлаар ОУПХ-оос манай улсад хэрэг үүсгэсэн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Парламентийн гишүүдийн хүний эрхийн хорооны 162 дахь удаагийн хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон нь нэгд, мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, хоёрт, шүүх хурал шударга бус явагдсан, гуравт, парламентийн гишүүний халдашгүй эрхийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иймд хүний эрхийн дээр гурван зөрчлийг гаргасан учир ОУПХ-ноос хэрэг үүсгэсэн байна. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Халдашгүй байдлын дэд хороон дээр энэ асуудлыг хэд хэдэн удаа ярьсан. Шүүх болон прокурорын байгууллагад УЕП болон СЕХ-ноос зөвшөөрөл авсан эсэх асуудлаар хүсэлт хүргүүлсэн. Манай Халдашгүй байдлын дэд хорооны хувьд УИХ-ын гишүүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. ОУПХ-ноос парламентийн гишүүдийн бүрэн эрх зөрчигдөж үү, үгүй юу гэдэг дээр хэрэг нээгээд, араас нь хөөцөлддөг журамтай. УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшээд явж байхад шүүгч нарын шийдвэрээр хорьдог хууль манайд байхгүй ээ гэдгийг манай талаас мэдүүлсэн байгаа. 

-ОУПХ өмнө нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дээр хэрэг нээж байжээ. Одоо хоёр дахь удаагаа буюу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэрэг дээр хэрэг нээж байгаа юм байна. Энэ байгууллага олон улсад ямар нэр хүндтэй вэ. Манай парламентийн нэр хүндэд халтай юу? 

-Олон улсад нэр хүндтэй энэхүү байгууллага Монгол улсад хоёр дахь удаагаа хэрэг нээж байна. Хэргийн араас явдаг, шалгадаг учир манай улсад ирж ажиллаж таарна. Хэрэв хууль зөрчигдсөн байвал манай хууль хяналтын байгууллага, прокурорын нэр хүндэд таагүй байх нь ойлгомжтой. Хэрэг нээсэн гэдэг нь өөрөө том асуудал юм шүү дээ. Парламентийн дархлаа гишүүдээрээ дамжин хангагдаж байдаг. Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчсөн гэж үзсэн. ОУПХ-ны шийдвэртэй ч санал нэг байна. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчиж хорьсон асуудлаар ОУПХ-оос манай улсад хэрэг үүсгэжээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.