| | USD/MNT 0₮

ДОХ-ын халдвартай иргэн Б: Хэн ч энэ өвчнийг авч болно. Хэнийг ч ялгахгүй

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ/ХДХВ-ийн улмаас амь насаа алдсан ойр дотнын хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Ковид 19-ийн халдвартай байгаа энэ цаг үед манай улс өнөөдөр “Дэлхийн эв санааны нэгдэл -Хамтын хариуцлага" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Манай улсад ДОХ-ын халдвараар оношлогдсон 303  хүн байгаагаас 40 гаруй нас баржээ. Харин эдгээр илэрсэн халдварын ард 620 гаруй иргэн халдвартай байгаа гэсэн тооцоолол судалгаа байна.

Мөн халдвартай ээжүүдээс 25 хүүхэд цоо эрүүл төрсөн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс өгсөн юм. Энэ өдрийг угтаж “Шинэ өөдрөг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Батзоригтой ярилцлаа. Тус байгууллагын хувьд ХДХВ буюу ДОХ-той иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж ажилладаг юм.

-Дэлхий нийтээр ХДХВ болон ДОХ-ын өвчлөлийг бууруулж зогсоохоор ажиллаж байна. Түүнээс гадна танай байгууллагаас эдгээр иргэдийг нийгэмд ялгаварлан гадуурхалтын эсрэг ямар ажил хийж байна?

-Манай төрийн бус байгууллага халдвартай иргэдтэй тулж ажилладаг. Өнөөдөр халдвартай 300 гаруй хүн бий. Тэдний 40 гаруй нь нас барсан байна. Одоогоор 100 гаруй хүн эмчийн хяналтанд эмчилгээгээ хийлгээд явж байгаа. Ерөнхийдөө 3Д-гийн зарчим гэж байдаг. Халдварыг зогсоох, халдвартай эхээс урагт халдвар дамжуулахгүй байх, халдварын хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн зарчимтай. Тэрний нэг нь ялгаварлан гадуурхахгүй байх.

-Халдвартай хүмүүсийн хувьд өвчтөн болохоос нийгэмд хэрэг тарьж гэмт хэрэгтэн болоогүй байхад нийгмээс тусгаарлаж, ялгаварлан гадуурхах үнэхээр хэцүү санагдана биз дээ?

-Тийм. Нийгэмд гэмт хэрэгтэн мэт гэлбэлзэж явах хэцүү шүү дээ. Тэгэхээр дээрх зарчим дээр тулгуурлаад нэг зүйлийг онцолж хэлэхэд дэлхий дээр бүгд л энх тунх сайхан амьдрах эрхтэй. Гэвч өргөн бүдүүн, тарган туранхайгаараа биш халдвартай гэдгээрээ бусдад ялгаварлан гадуурхагдаж байна. Тиймээс манай байгууллага болон бид бүхэн үүний эсрэг бодолтой байдаг.

Нөгөөтэйгүүр ялгаварлан гадуурхалтаас болж эл асуудал нуугдмал байдалд ордог. Үүнээс үүдэж халдвар хүрээгээ тэлж улс эх оронд аюул учруулаад байна. Тиймээс олон улсын хурал дээр халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх талаар ярилцдаг. Ялгаварлан гадуурахгүй байх нь халдварыг зогсоож чадна. Тиймээс ялгаварлан гадуурхалтанд бид ялагдахгүй ээ.

-ХДХВ-ийн халдвартай иргэдийнхээ эрх ашгийг яаж хамгаалдаг вэ?

-Бид нар таван жилийн стратеги төлөвлөгөө боловсруулсан. Мөн ХДХВ ДОХ-ын тухай хуулинд шинэчилсэн найруулга хийхэд багаараа оролцсон. Өнөөдөр халдвартай эх аль ч аймаг дүүрэгт амаржих боломжтой болсон. Гэхдээ төрөөд бай гэсэн утга биш. Бид нар халдвар дамжих, дамжихгүй байх замыг тодорхой мэднэ. Бүр амны уншлага мэт уншиж байна. Тэр уншлагаа л амьдралд хэрэгжүүлдэг зөв дадал болгочих юм бол халдварыг зогсоож чадна. Өнөөдөр тооны араас хөөцөлдөхдөө гол биш ямар учраас халдвар тархаад байгааг зогсоох ёстой.

-Анх манайд 1992 онд халдвартай иргэн бүртгэгдсэн. Тухайн үед нийгэмд энэ халдварыг олон нийтэд мэдээлэхдээ буруу өгснөөс үүдэж өнөөдөр халдварын талаарх ойлголт буруу яваад байх шиг. Тэгвэл өнөөдөр энэ өвчний тухай ойлголт, чиг хандлага өөрчлөгджээ?

-Яг тийм. Анх олон нийтэд ойлгуулахдаа хүний амийг залгидаг үхэлд хүргэдэг өвчин мэтээр ойлгуулж ирсэн. Тиймээс олон нийт буруу ойлгож, тийм хүмүүсийг балиар заваан явдал суудалтай хүн мэтээр ойлгож ялгаварлан гадуурхаж ирсэн нь үнэн. Хэн ч энэ өвчнийг авч болно. Хэнийг ч ялгахгүй. Энэ халдвар бусад өвчнөөс төгс эмчлэгдэхгүй гэдгээрээ ялгаатай болохоос эмчилгээтэй архаг явцтай өвчин гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Өнөөдөр эмчилгээгээ хийлгээд 20-30 гаруй жил жирийн хүмүүстэй адил амьдарсан хүмүүс байна.

Тэр хүмүүсийн урт удаан хугацаанд амьдарч байгаа туршлагыг Монголын хөрсөнд суулгахыг зорьж яваа бид. Туршлагыг нь судлаад үзэхээр тэр хүмүүст ямар ч ялгаварлан гадуурхалт алга, стерсс байхгүй. Халдварын тухай өндөр мэдлэгтэй, халдвар дамжих, дамжихгүй замаа мэдэж байна. Харин ялгаварлан гадуурхалт байх юм бол далд хэлбэрт шилжих аюултай.

-Дэлхий нийтэд уг халдварыг бүрэн төгс эмчлэх эмчилгээ судалгаа хэр явцтай явна?

-Ер нь бол судалгаа өндөр түвшинд явагдаж байгаа. Халдварын эсрэг эмийг насан туршдаа уух ёстой. Энэ эм таван жилийн хугацаанд өөрчлөгдсөн. Тухайлбал, 4-5 ширхэг эмийн бүтэцтэй нэг ширхэг эм болж байна. Хуучин өдөрт 4 эм уудаг байсан бол өнөөдөр нэг ширхэг эм ууж байх жишээтэй. Эмчилгээний тухайд төгс эмчлэгдэхгүй ч 90 гаруй хувьтай эмчилгээ хийж байна.

-Хүний амьдралын гол зорилго бол үр удмаа үлдээх. Халдвартай иргэдийн хувьд эрүүл халдваргүй хүүхэд төрүүлдэг нь амьдралын нэг баяр баясгалан, амьдрах итгэл найдвар өгч байгаа нэг хэрэг болов уу?

-Тийм. Хүн болж төрсний утга учир үр удмаа үлдээх ёстой. Өнөөдрийн байдлаар халдвартай 17 ээжээс 25 хүүхэд төрсөн. Бүгд эрүүл халдваргүй өсөж торниж байна. Хоёр халдвартай хүнээс хоёр халдваргүй хүүхэд төрсөн байгаа. Манайд нэг ч хүүхдийг халдваргүй төрүүлсэн нь томоохон ололт амжилт юм шүү.

-Таны хувьд халдвар аваад хэдэн жил болж байна?

-Халдвар аваад 18 жил болж байна. Өөрийнхөө талаар яриад яах вэ.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би гэр бүлтэй байсан. Миний халдвар авсныг манай хүн мэдээгүй, харин би халдвар авснаа мэдээд эхнэрээсээ өөрөө хөндийрсөн. Удалгүй салсан. Бид нэг хүүхэдтэй. Одоо биднийг хүүхэд л холбож байна даа.

-Бэлгийн замаар дамждаг халдвар гэдгийг хүмүүс мэднэ. Тэгвэл өөр замаар халдвар авсан тохиолдол манайд бүртгэгдсэн үү?

-Манайд бүртгэгдсэн бүх тохиолдол бэлгийн замаар авсан байдаг. Түүнээс цус цусан бүтээгдэхүүн, хар тамхи мансууруулах төрлийн бодисоор дамжиж авсан тохиолдол байхгүй.

-ХДХВ-ийн халдвартай иргэд эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалж чаддаг вэ?

-Өөрсдийгөө сайн хамгаалах ёстой. Бусдад халдварыг тараана, бусдаас халдвар авах хоёрхон замтай. Нөгөөтэйгүүр өөрийнхөө нэр төр, өвчний түүх, нууцаа сайн хамгаалах. Мөн ямарч үед бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орох ёстой. Халдвар дотроо өөр өөр байдаг. Жишээлбэл, ази, африк, европ маягийн гэх халдварууд байдаг юм. Минийх бол ази маягийн халдвар.

-Таны хэтийн зорилго юу бэ?

-Халдвар мэдээж байна. Харин халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг би дуу хоолойгоо хүргэнэ, нэгтгэнэ. Хамгийн том зорилго нь халдвартай иргэдийгээ нийгэмшүүлнэ. Өөрөөр хэлбэл, ажилтай, орлоготой болгоно гэсэн үг. Мөн дахиад нэг хүүхэдтэй болох бодолтой байгаа.

-Та одоо ямар хүнтэй дотно харилцаанд ордог вэ?

-Халдвартай эмэгтэй бий. Гэхдээ бид хоёр хамгаалалтай дотно харилцаанд ордог. Халдвар өөр өөр болохоор бие биедээ өөрсдийнхөө халдварыг халдаах магадлалтай тул бэлгэвч байнга хэрэглэдэг.

-Халдвартай иргэд ажил хийх боломж нь хэр байдаг юм бэ?

-Халдвартай гэдэг утгаараа ажилгүй байна. Ихэнх нь ажилгүй байгаа шүү дээ. Төрийн болон хувийн байгууллагад ажилд орох анкет бөглөхөөр заавал эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийн шаарддаг. Ийм асуудлаас болж ажил хийж чаддаггүй. Хэн ч бэлгийн замын халдварт өвчтэй гэдгээ олон нийтэд харуулахыг хүсэхгүй биз дээ. Өөрсдөө боломжтой бол хувиараа компани байгуулах, өрхийн үйлдвэрлэл гар урлал хийж амьжиргаагаа дээшлүүлж болно.

-Бэлгийн замын халдварт өвчнөөс гадна гэр бүл тогтвортой байх гэдэг зүйлтэй холбогдож байна. Тиймээс ирээдүйд гэр бүл зохиох залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Манай залуучууд амьдралд өнгөц ханддаг болжээ. Нийгэмд хэтэрхий их архидалт, ядуурал байна. Үүнийгээ дагаад завхайрал их байна. Бөөнөөрөө нийлж наргиж цэнгэж байна. Үүний үр дагавар нь юу байх вэ гэхээр эрсдэлт алхам хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бэлгийн замын халдвар авдаг. Хэрвээ та архи уугаад хянах чадвараа алдаад эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон бол цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах ёстой.

ХӨСҮТ болон улсын эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийгддэг. Тэр ч битгий хэл бэлгийн замын халдварт өвчин авсан бол нэг удаа үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх заалт нь байгаа. Түүнээс гадна урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй байх ёстой. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч байнга хэрэглэх, архи тамхи хэрэглэхгүй байх. Өөрийнхөө амьдралын хувь заяаг өөрийнхөө гарт атгана гэдгийг битгий мартаарай.

 

Анх олон нийтэд ойлгуулахдаа хүний амийг залгидаг үхэлд хүргэдэг өвчин мэтээр ойлгуулж ирсэн. Тиймээс олон нийт буруу ойлгож, тийм хүмүүсийг балиар заваан явдал суудалтай хүн мэтээр ойлгож ялгаварлан гадуурхаж ирсэн нь үнэн. Хэн ч энэ өвчнийг авч болно. Хэнийг ч ялгахгүй. Энэ халдвар бусад өвчнөөс төгс эмчлэгдэхгүй гэдгээрээ ялгаатай болохоос эмчилгээтэй архаг явцтай өвчин гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Өнөөдөр эмчилгээгээ хийлгээд 20-30 гаруй жил жирийн хүмүүстэй адил амьдарсан хүмүүс байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.