| | USD/MNT 0₮

М.Сономпил давж заалдах шатны шүүх хуралдаа цахимаар оролцож байна

Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас удаан хугацаанд шалгасан билээ.

Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...хахууль авсан..." гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. 

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх  хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл шүүгдэгч М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Түүний өргөдлийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 09:00 цагт хэлэлцэж эхэллээ. Тэрбээр өөрөө цахимаар давж заалдах шатны шүүх хуралдаа оролцож байгаа юм байна.

М.Сономпил хэргийг задалж, мөрдөн байцаалтад буцаах саналтай байгаа гэх мэдээлэл байна.

Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх бөгөөд яллагдагчаар нэмж хүн татуулах саналтай байгаа аж. 

 

О.Гал

М.Сономпил хэргийг задалж, мөрдөн байцаалтад буцаах саналтай байгаа гэх мэдээлэл байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.