| | USD/MNT 0₮

Д.Ундраа:2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгож зарласны үр дүн хаана байна вэ

Үжин төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраатай хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа. Тэрбээр орон нутагт хүүхэд хамгааллын чиглэлээр судалгаа болон нөлөөллийн ажлууд хийгээд иржээ. 

-Таныг хөдөө орон нутгаар явж ирээд удаагүй байгаа гэж сонссон. Ямар ажлууд амжуулаад ирэв?

-9-р сарын 7 ноос 11-р сарын 10 хүртэл Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон зарим сумдад  ГБХЗХГ, БСУГ, ДЗМОУБ-ын ОНХХ-ийн урилгаар гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх “Хамтарсан баг”, цэцэрлэг, сургуулийн захиралаар ахлуулсан “Хүүхэд хамгааллын баг” Байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийг чадавхжуулах,зөвлөн туслах, “Хүүхдийн хөгжил хамгаалалд эцэг эхийн үүрэг, оролцоо, хариуцлага” сэдвээр ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийн үл тэвчих нийгмийн сэтгэл зүй, зан үйлийг бий болгох сургалт, нөлөөллийн болон хүүхэд хамгааллын нөхцөл байдалд судалгааг хийгээд ирлээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  2018 оны 12 дугаар сарын 03- ны өдрийн  03 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуй нэгж байгууллагууд дэргэдээ Эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах, мөн бүхий л байгууллагуудыг Хүүхэд хамгааллын бодлоготой болж хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхэд ээлтэй орчин бүрдүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд, хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, мэдлэг, хандлага, төлөвшүүлэх, нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр “Эцэг эхийн зөвлөл”-үүд ажиллах ёстой болсон.

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлээд удаагүй энэ цаг үед цэцэрлэг, сургуулийн “Хүүхэд хамгааллын баг”-ийн үйл ажиллагаа эрчимжүүлэх, цэцэрлэг, сургууль бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд үүрэг хүлээсэн талуудад, ХТУ-108 утсанд заавал мэдээлэх, хүүхэд бүрийг бие махбодийн шийтгэл, дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, суралцагчдыг эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, хүүхэд-гэр бүлийн судалгааг хийх, суралцагчдын  нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг  эвлэрүүлэх, зохицуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц ажиллагаа, арга хэмжээнд оролцуулахгүй байх, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, орчны аюулгүй байдал, гадаад дотоод орчны эрсдлийн үнэлгээ, бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчид, нийгмийн ажилтан хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт, бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах,  илрүүлэх, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй тохиолдолд заавал мэдээлэх хуулийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахад боловсролын орчинд ажиллаж байгаа бүх хүн анхаарч ажиллахгүй бол цэцэрлэг, сургуульд сурдаг хүүхдүүд амь насаа алдсан хэд хэдэн ноцтой кейс гарсныг бид мартах учиргүй.

Гэртээ зодуулдаг, хүчирхийлэлд дунд амьдардаг хүүхдийн нүдийг нь хараад л тухайн ангийн багш мэдрэх, илрүүлэх боломж байгаа шүү дээ. Бүх анги удирдсан багш нарт анги даалтын 10%-ийн нэмэгдэл цалин олгодог. Энэ мөнгийг ангийн хүүхдийн ирц бүртгэх, анги цэвэрлүүлэх, хичээл таслалт, улирлын дүнг нэгтгэ гэж өгөөгүй гол нь ангийнхаа 30,40 хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал гээд бүхий л зүйлд анхаарч оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай иргэн болгон бэлтгэж өгөөрэй гээд өгч байгаа урамшуулал гэж би ойлгодог.

-Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

2020 оны 10-р сарын 30-ны байдлаар гэмт хэргийн хохирогч болсон 7 хүртэлх насны 136, 8-13 насны 294, 14-17 насны 580 нийт 1010 хүүхэд гэмт хэргийн золиос болсон ба үүнээс сурагч 756, сургууль завсардсан 13 хүүхэд, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан  7 хүртэлх насны 61, 8-13 насны 20, 14-17 насны 17 хүүхэд нийт 98 хүүхэд, бэртэж гэмтсэн 7 хүртэлх насны 54, 8-13 насны 114, 14-17 насны 247 нийт 415 хүүхэд гэмт хэргийн улмаас бэртэж гэмтжээ.

Ковидтой холбоотой сургууль цэцэрлэг энэ 3 сараас хойш хичээлсэнгүй мөн. Дахиад 11-р сараас онцгой дэглэм зарлаж цэцэрлэг, сургууль ажиллахгүй байна. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ олон хүүхдэд хамгаалах байр, дулаан гэр, халуун хоолтой байх, айх айдасгүй орчин нь болж байдаг.

Гэтэл энэ цаг үед гэр бүлийн орчиндоо гэмт хэргийн улмаас амь насаа алдсан, бэртэж, гэмтсэн хүүхдүүдийн тоог хараад үнэндээ хэлэх ч үг олдохгүй гашуудаж сууна.

-Хүчирхийлэл ярьж УИХ-д гарсан гишүүд яагаад дуугарахгүй юу ч хийхгүй байна вэ. Одоо яах ёстой вэ?

-Одоо л Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, аймаг, сумын Засаг дарга нараар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, ИТХ-ын даргаар ахлуулсан ГХУСАЗСЗ, бүх шатны Засаг даргаар ахлуулсан Хамтарсан баг, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр ахлуулсан Хүүхэд хамгааллын багууд шуурхай ажиллаж, зорилтот гэр бүлд амьдарч байгаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэмт хэргийн хохирогч хүүхдэд эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх,  эрт шатанд илрүүлэх, заавал мэдээлэх, нийгмийн халамжийн туслалцаа дэмжлэг, нийгмийн ажлын цогц үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллах нөхцөл байдал бий болоод байна.

Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталж, 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, ХНХ-ын, БСШУС-ын, ЭМ-ийн сайдын 2020 оны 04 сарын А/107, А/210, А/268 дугаар хамтарсан тушаалаар батласан. 2018 онд Засгийн газрын Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай  01 албан даалгавар, МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 60-Р ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН 210 ДУГААР ТОГТООЛООР 2019-2020 оныг ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИЛ болгон зарлаж, төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл баталсан байдаг.

-Тэгвэл 2019, 2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгож зарласан үр дүн хаана байна?

-Хоёр жил дараалан Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгож зарлаад ажиллаад байхад хүүхэд гэмт хэрэгт өртсөн, хохирсон, бэртсэн, гэмтсэн, амь насаа алдсан асуудал буурах биш нэмэгдээд байгаад л бид анхаарал хандуулж, хөрсөндөө буусан бодитой, эдийн засгийн тооцоо судалгаатай ажлуудыг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна.

Эрсдэлт нөхцөл байгаа, хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй ажиллах арга зүй,  кейсийг үр дүнтэй хаах хүртэл нь ажиллахад дутагдаад байгаа хөрөнгө, санхүү, эрх мэдэл, цаасан дээр буусан ч хөрсөндөө буух боломжгүй хууль, журам, стандартаа биелүүлж болохуйцаар засаж янзлаад, мэргэшсэн ажлаа мэддэг хүнээр Хүүхэд хамгааллын салбарын удирдлагаар томилж, анхан шатанд ажиллах нөхцөл бололцоог нь хангах өгөх хэрэгтэй байна.

2018 онд 169 сум, 2019 онд 172 сум 2020 онд 130 суманд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид, Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, ажлын байран дээр нь зөвлөн туслах, сум, тосгоны ард иргэдийг “Гэр бүлийн харилцаа, үнэ цэнэ”, “Хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгаалалд эцэг эхийн үүрэг, оролцоо, хариуцлага” сэдвүүдээр лекц уншиж, сургалт, нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажлыг цас, бороо, сайн муу машинаар сум тосгонд зорин очиж хийж явна. Үр дүн ч нилээдгүй гарч байна.

Бид сошиал орчинд аян, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, хурал гэхээс илүү бүх яам агентлаг, салбарын удирдлага, мэргэжилтнүүд анхан шатандаа очиж бодит байдлыг харж ажиллавал ядаж юу хийх вэ гэдэг ажлын зөв дараалал гарч, гаргаж байгаа хууль, дүрэм, журам нь  ядаж хөрсөндөө буух байдлаар боловсруулагдах болов уу гэж харах юм. Мөн “Хүүхдийн эрх хамгаалал төв” ТББ, Монголын асрамж, халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбооны дэмжлэгтэй 24 цагийн тасралтгүй, нийгмийн ажлын 12 төрлийн цогц үйлчилгээтэй  бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх, түр хамгаалан байрлуулж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх "Үжин төв" 1,2-ийг 2018 оноос хойш ажиллуулан түрээсийн байр дамжин үйл ажиллагааг нь тасалдуулахгүй  авч явж байна.        

Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн  У.Хүрэлсүхийн 1 номерт хийх ажил бол Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд анхааралаа хандуулан дорвитой, бодитой хөрсөндөө буусан шийдвэрийг гаргаж ажиллах болов уу гэж хүүхэд хамгааллын  салбарынхан бид горьдсоор, хүлээсээр.

-Хүүхэд хохирсон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахгүй нэмэгдэх хандлагатай байна? Хохирсон хүүхдүүдэд үзүүлж байгаа хүүхэд хамгааллын үйлчилгээ ямар түвшинд байна вэ?

-2017 онд 189, 2018 онд 206, 2019 онд 253, 2020 оны 10-р сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 444, хүчиндэх гэмт хэрэг 360, үүнээс 200 орчим нь хүүхэд хохирогч байна.

Илрээгүй нуугдмал хичнээн хэрэг байгаа бол охидын хүсээгүй жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчтэй хүүхэд гээд бүгдийг нь хэн шалгах, хянах үүрэгтэй вэ, тухайн жирэмсэн охиныг үзэж байгаа эмч яагаад хуулинд заасан мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна вэ мэдсэн мөртлөө мэдээлэхгүй байна уу эсвэл өөр шалтгаан байна уу. Охидын үр хөндөлтөнд хэн хяналт тавьж ажиллах вэ? гээд асуудал маш их байна. Эдгээр хохирсон хүүхдийн хэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадсан бол, хэдэн хүүхдэд кэйс нээгээд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байгаа бол?  Хохирогч хүүхдэд үзүүлсэн үйлчилгээг хангалттай, үр дүнтэй гэж хэлэхэд хэцүүхэн л байна.

Аймаг, дүүргийн хуулийн хэлтсийн даргаар ахлуулсан гэмт хэргийн хохирогч хүүхэд үйлчилгээ үзүүлэх, ажиллах ёстой дан дарга нараас бүрдсэн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо үнэндээ ажлаа хийхгүй байна, тэнд сэтгэлтэй дарга нар ч цөөхөн байна.Тэр нялх жаахан хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болчихоод байхад дарга гэдэг бодлоо хаяад эх хүн, эцэг хүний үүднээс хандаад сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй байгааг үнэндээ ойлгох ухаан  алга. Зунжингаа сонгуульдсаар байгаад дарга, цэрэг нь солигдоно гээд төрийн ажил явагдсангүй. Одоо яаралтай сум, хорооны Засаг дарга нараа томилоод гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, архины хамааралтай, дагавар, тавиул, хараа хяналт сул  эрсдэлтэй гэр бүл, хүүхдийн судалгааг гаргах, хүчирхийллийн эрсдэл байгаа эсэхийг судалснаар далд, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлдэг ба хүүхдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээх, эдийн засаг, сэтгэл зүй, бие махбодийн хохирлыг тооцох, нөхөн сэргээх цогц үйл ажиллагаа явуулдаггүй, хохирогч хэвээр нь үлдээж байгаа нь одоо ч үргэлжилсээр байна.

Ялангуяа хүчингийн гэмт хэрэг илэрсэн даруйд хохирогч хүүхдийг буруутгах, доромжлох, гутаах, шоолж дээрэлхэх, сохирхож сонжих зэрэг сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нутаг орныхны зүгээс олон гарч ирдэг учир, байгаа орчноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хувьд дэмжих, буруутгахгүй байх, аюулгүй газар, хамгаалалтанд байгаа гэдгийг итгүүлэн, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, мөн энэ хугацаанд гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн хямралаас гаргах үйлчилгээ, дам хохирогч болсон нутаг дэвсгэрийн хүн амд нөхцөл байдлын учир шалтгааныг ойлгуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх чадавхийг бэхжүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бусдын эрхшээлд орж, бие махбодийн хувьд бүрэн бүтэн байдлаа алдаж, сэтгэл санааны хувьд доромжлогдож, гутаагдсанаас үүдэн өөртөө итгэлгүй болж, зан үйлд нь өөрчлөлт орох, бусдад өширхөх, амиа хорлох, боловсролоос хөндийрөх, улмаар биеэ үнэлэх, жирэмслэх, бэлгийн замын халдварт өвчин тээх, гэрээсээ болон амьдран суугаа орноосоо дайжих, худалдагдах, дараагийн хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох нь цөөнгүй байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хууль ёсны эрх ашгийг бүрэн  хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа, урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ, гэмт хэрэг үйлдэгдсэн орчноос нь тусгаарлах, тухайн нөхцөл байдлыг мартахад тус болох өөр орчинд хүүхдийг хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хэрэг шийдэгдтэл хүүхдийг түр хамгаалах байр, нөхөн сэргээх төвүүдэд байрлуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн, бие махбод, сэтгэл санааны хохиролыг заавал барагдуулдаг механизмыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөөг баталсан ба  уг төлөвлөгөөнд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг 2020 оны I-IV улиралд хийх, хэрэгжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам хариуцан ажиллахаар тусгасан боловч одоо болтол тодорхой хийсэн ажил байхгүй байна.

Бид энэ цаг үедээ хүүхдийг хайр, халамж, хоол хүнс, орон байр, хувцас, чанаргүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал гээд олон зүйлийг анхаарахгүй бол 2040 онд ч энэ асуудалтайгаа нүүр тулсан хэвээр үүнээс бүр дордсон байх болно гэдгийг хэлмээр байна. Тиймээс л хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгааллын асуудлыг энэ цаг үед нь анхаараад, бодлоготойгоор хөгжүүлэхгүй бол өнгөрсөн алдаагаа давтах болно.

2021 оны улсын төсвийг  харахад яг хүүхэд рүү чиглэсэн, ямар ажлууд хийгдэх нь төдийлөн харагдахгүй байна. Ордон, байшин, сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал мянга бариад тэрэн дотор ажиллах хүнээ бэлтгээгүй цагт хөгжил дэвшил яриад хэрэггүй л болов уу.

Зарим сумдаар яваад үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Сумын дотуур байранд хамрагдах боломжтой 70 хүүхэд байхад 150 хүүхдийн багтаамжтай дотуур байр барьсан байх жишээтэй. Дотуур байрны тал нь хоосон дулаан, цахилгаан гээд үргүй зардал гарч байна. Тиймээс төсвөөс санхүүжилт гаргаад барьж байгаа байшин барилга, сургууль цэцэрлэг, дотуур байрыг бариулахдаа тооцоо судалгаа сайн хийж байгаач ээ.

-Хүчирхийллийн хохирогчийг хамгаалах хэдэн байр байдаг вэ?

-Хүчирхийллийн хохирогчийг хамгаалах 14 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв байгаа боловч эдгээр хамгаалах байранд ажиллах хүний нөөц, цалин, хоол хүнс гээд санхүүжилтийн асуудлыг нь шийдэж өгөөгүй дийлэнх нь Цагдаа, Эрүүл мэнд, ГБХЗХГ-ын дэргэд хохирогчид үзүүлж байгаа үйлчилгээ нь төдийлөн үр дүнгүй, хүний нөөц нь мэргэшээгүй, тогтворжихгүй байна.

-Аймаг, сумдаар сургалт, судалгаа хийж явахад ямар асуудлууд тулгамдаж байгаа харагдаж байна?

-Өнгөрсөн онд 15 аймгийн 172 сум энэ жилийн хувьд 14 аймаг, 130 суманд ажиллалаа. Бүх л суманд адилхан тулгамдсан асуудал, бэрхшээл байна. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл зарим газар нэмэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа этгээдийн  зан үйлийг засах, архины хамаарлаас гаргах, эмчлэх зэрэг ажлууд нь огт хийхгүйгээр  аян өрнүүлээд сургалт, хэлэлцүүлэг хийгээд эсвэл хоол хүнс, түлээ түлш хангаж өгөөд үр дүнгүй л дээ. Монгол Улсын засгийн газар Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэн ажиллаж байна гэж байгаа боловч хөрсөндөө буухгүй байгаа нь хэдхэн жишээнээс л харагдана л даа.  Архины хамааралтай зорилтот өрхөд амьдардаг хүүхдийн асуудлыг нэг куртик, цүнх өгөөд шийдэхгүй харин ажилгүй байгаа ээжийг нь ажилтай болгох, архи уугаад байгаа аавыг архинаас гаргаж эргэн нийгэмшүүлэх, ажилтай, орлоготой өөртөө итгэл итгэлийг нэмэгдүүлснээр тэр гэр бүлд байгаа хүүхдүүдийн  асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм.

-Аймгуудад салбар хоорондын уялдаа чухам хэр байдаг юм бол?

Аймгуудын эрүүл мэндийн газар, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гол ажил бол нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл зан үйл, дадал хэвшил бий болгох, ард иргэдийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажил гэж би хардаг. Гэтэл өвдсөний дараа үзээд эм бичдэг, эмнэлэгт хэвтүүлдэг байж болохгүй л дээ. Жишээ нь: Тэмбүүгүй, бэлгийн замын халдварт өвчин, тураалгүй хүүхэдгүй нэг ч сум, баг, хороо алга. Сум болгон дээр 30-60 гаруй архины гүн хамааралтай хүмүүс, нийт ард иргэдийн 75-85% нь шүдний цооролтой, 53-60% нь таргалттай, хүүхдүүдийн 60-80% шүдний цооролтой, нүдний хараа, сонсголын бэрхшээл, газ үнэрлэх, тамхи татах, дэлгэцийн донтолтонд хүүхдүүд өртсөөр байна. Үүнд сум, хорооны өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд анхаарал хандуулан ажиллах ёстой  хэдий ч энэ ажил руугаа төдийлөн сайн орохгүй байгаа нь ажиглагдсан.Мөн эмч үзлэгийн явцад зодуулсан цохиулсан, бэртэл гэмтлийн шархтай, өсвөр насны хүүхэд жирэмсэн ирсэн тохиолдолд хуулиараа цагдаагийн байгууллага болон нийгмийн ажилтан ХТУ-108 утсанд мэдээлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлдэг анхан шатанд эмч, эмнэлэгийн байгууллага ажилтан бага байгаад үнэхээр харамсаж байна.

Ихэнх аймгуудад салбар хоорондын уялдаа тааруу Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Шүүх, Прокуорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээ, МХГ, ХХҮГ гэх мэт газрууд ГБХЗХГ-т хүүхэд, гэр бүл, залуучуудтай холбоотой статистик тоон мэдээллийг сар, улирал тутам өгдөггүй чирэгдэл ихтэй байдал ажиглагдсан. Харин Дархан-Уул аймгийн хувьд салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа, нэгдсэн удирдлагаар хангагдсан байдал нь сайн туршлага болохуйц байсан.

Аливаа төрлийн хүчирхийлэл, хүүхэд гэмт хэрэгт өртөх явдлыг бууруулахын тулд гэр бүл  рүү чиглэсэн төрийн зөв бодлого, хүүхдийг бага наснаас нь эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй, гэр бүлийн, бэлгийн, санхүүгийн боловсрол, амьдрах ухааны, харилцааны, хөдөлмөрийн, үндэсний өв уламжлал, эрх зүйн боловсрол олгох, мэргэжлээ зөв сонгох гээд цогц бодлогыг бий болгох шаардлагатай гэж харж байна. Хүүхэд болгон математик ч болохгүй хүүхэд болгон эцэг, эх болно гэдгийг л санах хэрэгтэй.

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо хамгийн чухал. Иймд хүүхдийнхээ дэргэд хэрэлддэггүй, архидан согтуурдаггүй, үгээрээ биш үйлдлээрээ үлгэрлэдэг эцэг эхчүүд олон болоосой гэж боддог. Миний хүүхэд хүчирхийлэл гэмт хэрэгт өртөөгүй болоо гэж боддог аминч үзлээ хаях хэрэгтэй. Ирээдүйн хүргэн бэр чинь ямар амьдралд ямар орчинд өсөж торниж байгааг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор хүн бүр л хүүхдийн асуудалд чин сэтгэлээсээ хандах цаг ирээд байна.

-Хөдөө орон нутагт хорио дэглэмтэй холбоотой хүүхэд хамгааллын асуудал ямар байна вэ?

-Манайхан нэг хэсэг хорио дэглэм суларч байгаад, ковид 19-ийг дотооддоо алдсан хэмээх шалтгаанаар хэсэг үймэлдлээ шүү дээ. Гэнэт л хөл хорио тогтоож, хяналтаа чангарууллаа. Үүний нөлөөлөл нь өдрийн орлогоороо гол зогоодог хүмүүс, хувиараа бизнес эрхлэгчид, зах дээр тэрэг түрдэг, такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүст хүнд туслаа. Олон ч аж ахуй нэгжүүд, түрээслэгч нар хаалгаа барилаа. Аргагүйн эрхэнд олон хоногоор самарт явах, орон нутагт худалдаа наймаа хийхээр яваад гацах зэргээр олон хүндрэлүүд гарах шиг боллоо. Үүний ард хүүхдүүд олон хоногоор хараа хяналтгүй гэртээ үлдсэн тохиолдол гарч аймаг, дүүргийн ГБХЗХГ-ынхан  24 цаг ар гэр, үр хүүхдээ хаян ажиллаж шөнө оройгүй эрсдлийг бага гаргахын төлөө ажиллаж байгаа харагдсан. Иймд төрөөс бодлого шийдвэр гаргахдаа судалгаа, нотолгоонд үндэслэсэн шинжлэх ухаанч байхгүй бол эргэж буцсан шийдвэрүүд ард иргэдийг бухимдуулан нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна.

 -Зорилтод өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн тухайд?

-Аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хэлтэсүүд “ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН хэрэгжилтийг хангах, ядуурлаас гаргах өрхөөр сонгогдсон сум, баг, хорооны зорилтот өрхүүдтэй тулж ажиллах, сум, баг, хороонд эрсдэлт нөхцөлд байгаа, хараа хяналтгүй, түлээ түлшгүй хүйтэн гэрт, архины хамааралтай аав ээжийн хажууд аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин алдагдсан, гамшиг онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдүүдийг хамгаалсан нэгдсэн бодлого салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллах зайлшгүй шаардлага байна.

Энэ онцгой нөхцөл байдалд санаачлагатай сайн ажиллаж байгаа ГБХЗХГ,  хэлтэс “Хамтарсан баг” “Хүүхэд хамгааллын баг”-ууд байгаад үнэхээр их баяртай байна. Жишээ нь Сэлэнгэ аймгийн 1-р сургууль, 3-р цэцэрлэг, Хүдэр, Ерөө, Жавхлант сумд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС, Уулбаян сумын цэцэрлэг, Сүхбаатар аймгийн БСУГ-ын Л.Байгалмаа дарга Дорнод аймгийн А. Нансалмаа даргатай БСУГ, Дархан-Уул аймгийн А.Амгалан даргатай ГБХЗХГ, Дорнод аймгийн Е.Жавхлан даргатай ГБХЗХГ, Өмнөговь аймгйин Эрдэнэцэцэг даргатай ГБХЗХГ, Баянзүрх дүүргийн Ц.Батжаргал даргатай ГБХЗХХ, Хан-уул дүүргийн О.Мягмарсүрэн  даргатай ГБХЗХХ, Өлзийчимэг даргатай “Өнөр бүл” асрамжийн төв гээд олон байгууллагууд “Гамшиг онцгой байдлын үе дэх хүүхдийн хамгаалал”-ын төлөвлөгөөтөй байнгын ажиллагаатай шуурхай баг ажиллуулан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, тусламж дэмжлэг шаардлагатай өрхүүдэд хүрч ажиллаж байгаад баяртай байна.

ХҮҮХДИЙН ӨМНӨ НАСАНД ХҮРСЭН  БҮХ ХҮН, БҮХ САЛБАР, БҮХИЙ Л АЛБАН ТУШААЛТАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ. ӨНГӨРСӨН БОРООНЫ АРААС ЦУВ НӨМРӨХ БИШ ШҮХЭР ЗАРЧИМ БУЮУ ЭРСДЭЛД ОРОХООС НЬ ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН ХҮҮХДҮҮД ЭЭ ХАМГААЛАХ НЬ БИД БҮГДИЙН ҮҮРЭГ.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

 

Илрээгүй нуугдмал хичнээн хэрэг байгаа бол охидын хүсээгүй жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчтэй хүүхэд гээд бүгдийг нь хэн шалгах, хянах үүрэгтэй вэ, тухайн жирэмсэн охиныг үзэж байгаа эмч яагаад хуулинд заасан мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна вэ мэдсэн мөртлөө мэдээлэхгүй байна уу эсвэл өөр шалтгаан байна уу. Охидын үр хөндөлтөнд хэн хяналт тавьж ажиллах вэ? гээд асуудал маш их байна. Эдгээр хохирсон хүүхдийн хэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадсан бол, хэдэн хүүхдэд кэйс нээгээд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байгаа бол? Хохирогч хүүхдэд үзүүлсэн үйлчилгээг хангалттай, үр дүнтэй гэж хэлэхэд хэцүүхэн л байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.