| | USD/MNT 0₮

Т.Оюунчимэг:Хоёр хүүхдийнхээ 200 мянган төгрөгийг яаж авахаа мэдэхгүй байна

Монгол Улс цар тахлыг дотооддоо алдсан учраас бүх нийтийн бэлэн байдал буюу хатуу хөл хорионд шилжсэн өдрүүд үргэлжилж байна. Өдрөөс өдөрт халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, дотоодод алдсан халдварын тоо 72 болж нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 505 боллоо. Энэ бол маш их тоо. 

Хөл хорио тогтоосноос бол захын гэр хороололд амьдардаг айл өрхүүдийн амьжиргаа хэцүүдэж байна. Дарга нар иргэдийнхээ амьдралд нийцсэн шийдвэр гаргаагүйгээс болж өдрийнхөө хоолыг залгуулдаг байсан олон иргэн хоосон хонож, нүүрс түлээгүй хөхөө өвлийн хүйтэнд зутруухан байна. Гэвч ийм амьдралыг захын хорооллоор явж харахгүй байгаа харалган төр, дарга нарт ард иргэд гомдож цухалдаж байгаа ч хатуу хөл хориог тэвчиж гэр гэртээ хоригдсон хэвээрээ байна.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх долдугаар сарын 01 хүртэл олгох шийдвэрийг гаргасан нь олон айлын амьдралд бага ч болов гэрэл асаасан шийдвэр байлаа. Энэ онцгой цаг үед ажилгүй, орлогогүй иргэд зөвхөн хүүхдийнхээ мөнгөөр аж төрж амьдран сууж байгаа нь үнэн. Гэвч хөл хорио тогтоосноос болж банкууд хаалгаа барьж, хүүхдийн мөнгөө бэлнээр авдаг байсан айлууд олон бий. Өчигдөр салбарын сайдынх нь мэдээлснээр бол 60 мянган хүн хүүхдийн мөнгөө банкнаас бэлнээр авдаг гэсэн. Тэднийг яаралтай цахимжуулж мөнгийг нь дансаар олгох ажлыг хийж байгаа гэсэн юм.

Харин маргааш буюу энэ сарын 20-нд хүүхдийн мөнгийг олгоно. Гэвч цахимаар карт захиалж амжаагүй, банкнаас нь холбогдоогүй гэсэн нэгэн эмэгтэй манай сайтад хандсан юм.

Түүнийг Т.Оюунчимэг гэдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороонд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм байна.

-Сайн байна уу, хөл хориогоо сайн сахиж байна уу? 

-Гэрт хоёр хүүхдээ хараад сууж байна. Гарч болохгүй гэсэн биз дээ. 

-Ам бүл хэдүүлээ бэ, ажил хийдэг хүн байсан уу? 

-Нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань нэгэн хувийн жижиг тоосгоны үйлдвэрт ажилладаг байгаад сая хөл хорио гээд ажил нь зогсоосон. Хүмүүс ирээд ажлыг нь хийлгэхгүй байна гэсэн. Тэгээд манай нөхөр гэртээ ажилгүй суусан. Цалингаа ч авч чадаагүй. Дарга нь утсаар ярихгүй юм. 

-Та ажил хийдэггүй юмуу, хүүхдүүд нь хэдэн настай бэ? 

-Хийдэггүй. Гэртээ хүүхдүүдээ хардаг. Том маань 5 настай, бага нь нэг нас гарантай. 

-Хүүхдийн 100 мянган төгрөгөө яаж авдаг бэ?

-Хаан банкаар авдаг байсан. Гэтэл банкууд хаачихсан гэнээ. Одоо яаж хоёр хүүхдийнхээ 200 мянган төгрөгийг авах юм бэ. Би тэр цахим данс энэ тэр байхгүй. Шууд сар бүрийн 20-ноос хойш банкин дээрээ очоод иргэний үнэмлэхээ үзүүлээд авчихдаг юм. Одоо яаж авахаа мэдэхгүй сандарч байна.

-Юунд нь сандрах вэ дээ, энэ онцгой цаг үед засгаас арга хэмжээ авна гэсэн. Ямар нэгэн данс ашигладаг уу тэрэнтэй чинь холбоно гэсэн? 

-Нөхөр бид хоёрт ямар ч данс байхгүй ээ, бэлнээр цалингаа авдаг, бэлнээр хүүхдийн мөнгөө авдаг байсан юм. 

-Хаан банкнаас тань руу залгасан уу?

-Залгаагүй ээ, ядаж байхад би симээ хаячихсан. Уг нь миний дугаар бүртгэлтэй байсан байхдаа. 

-Хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг юунд зарцуулах вэ?

-Энэ мөнгөөрөө л бараг амь зуудаг. Нөхөр бага цалинтай түлш тогны мөнгөө төлдөг. Хүүхдийнхээ мөнгөөр хоол хүнсээ авдаг. Одоо манайх хар цай, хар гамбирнаас өөр юм алгаа. Хоёр хүүхэд өлсөөд байна. Мах байхгүй. 200 мянган төгрөгөөр сарынхаа хүнсийг хангачихдаг. Гэвч одоо мөнгөө авч чадахгүй байдал хүрчихээд байгаа юм бишүү.

-Та яагаад цахим карт захиалж болоогүй юм бэ?

-Тэрийг чинь ашиглаж мэдэхгүй ээ. Тэгээд ч бичиг үсэг муу мэднэ. 

-Өнөөдрийн дотор банкнаас тань залгах байх?

-Харин тийм, гэхдээ бүртгэлтэй утасны дугаарын симээ хаячихсан байна. 

-Цаг үеийн мэдээ мэдээлэл авч чаддаг уу?

-Үгүй манай телевизор байхгүй. Хажуу айлын хөгшнөөс мэдээ мэдээлэл сонсдог. Одоо гэрээсээ гарч болохгүй болохоор ямар ч мэдээлэл алга. Манай нөхөр л корона тэгж нэмэгдэж, тэнд илэрч гэж яриад байгаа.

-Ухаалаг гар утастай юу?

-Байхгүй ээ, нокиа барьдаг. 

-Нийгмийн харилцаанд хэр оролцдог вэ?

-Өрхийн эмнэлэг хороо руу нээх их явдаггүй ээ, хол байдаг юм. Хүүхдийн мөнгөө авахаар л хот руу банк руу явдаг юм. 

-Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа юу?

-Гэртээ цэвэрлэгээ хийнэ. Гэрээсээ гарч орохгүй болохоор гайгүй байх гэж бодож байна. Одоо яах вэ.

-Яасан? 

-Хүүхдийн мөнгөө яаж авах бэ. Энэ сард аваагүй гээд дараа сард өгөхгүй байх биш юм биздээ. Маргааш авч хүнсний юмаа цуглуулмаар байх юм. 

-Тийм юм гэж ерөөсөө байхгүй ээ, санаа зоволтгүй ээ? 

-Үнэн үү. 

-Үнэн. Таны хоёр хүүхдийн мөнгө олдоно. Ялангуяа захын гэр хороололд байгаа айл өрхүүдийн хүүхдийн мөнгө заавал олдоно? 

-Ашгүй дээ. Би бүр санаа зовоод байгаа. Хажуу айлын хүмүүс банк онгойхгүй гэж хэлснийг сонсоод. 

 

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх долдугаар сарын 01 хүртэл олгох шийдвэрийг гаргасан нь олон айлын амьдралд бага ч болов гэрэл асаасан шийдвэр байлаа. Энэ онцгой цаг үед ажилгүй, орлогогүй иргэд зөвхөн хүүхдийнхээ мөнгөөр аж төрж амьдран сууж байгаа нь үнэн. Гэвч хөл хорио тогтоосноос болж банкууд хаалгаа барьж, хүүхдийн мөнгөө бэлнээр авдаг байсан айлууд олон бий. Өчигдөр салбарын сайдынх нь мэдээлснээр бол 60 мянган хүн хүүхдийн мөнгөө банкнаас бэлнээр авдаг гэсэн. Тэднийг яаралтай цахимжуулж мөнгийг нь дансаар олгох ажлыг хийж байгаа гэсэн юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.