| | USD/MNT 0₮

Өнөөдөр өндөр өвөөгийн төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Өндөр өвөө Эзэн Чингис хааны мэндэлсэний 858 жилийн ойн өдөр. Мөн Монгол бахархлын өдөр хэмээн монгол түмэн бэлгэдэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Төрийн өндөрлөгүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай. Гэвч энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж энэхүү арга хэмжээ цуцлагдсан байгаа юм. Учир нь Монгол Улс дотооддоо халдвар алдаж, халдвартай хүний тоо огцом нэмэгдэж байгаа учраас улс орон даяар бүх нийтийн хатуу дэглэмд шилжиж хөл хорио тогтоосон байна. Тиймээс Монгол бахархлын өдөрт зориулсан төрийн томоохон арга хэмжээнүүдийг цуцалсан байна. Тодруулбал, Чингис хаан одонг гардуулахгүй, мөн хүчит бөхийн барилдааныг цуцалсан байгаа юм. 

Харин өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа юм. 

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм.

  • 2012 он: 11 сарын 14, Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр
  • 2013 он: 11 сарын 4, 851 жилийн ойн өдөр
  • 2014 он: 11 сарын 23, 852 жилийн ойн өдөр
  • 2015 он: 11 сарын 12, 853 жилийн ойн өдөр
  • 2016 он: 10 сарын 31, 854 жилийн ойн өдөр
  • 2017 он: 11 сарын 19, 855 жилийн ойн өдөр
  • 2018 он: 11 сарын 8, 856 жилийн ойн өдөр
  • 2019 он: 11 сарын 27, 857 жилийн ойн өдөр
  • 2020 он: 11 сарын 16, 858 жилийн ойн өдөр
  • 2021 он: 11 сарын 5, 859 жилийн ойн өдөр
  • 2022 он: 11 сарын 24, 860 жилийн ойн өдөр
Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Өндөр өвөө Эзэн Чингис хааны мэндэлсэний 858 жилийн ойн өдөр. Мөн Монгол бахархлын өдөр хэмээн монгол түмэн бэлгэдэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.