| | USD/MNT 0₮

Маргааш 06.00 цагаас Нийслэлээс орох, гарах болон хотын доторх бүх тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусын халдварын шинж  тэмдэг илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, тухайн иргэнийг ХӨСҮТ-д тээвэрлэн авчирч буй бөгөөд PCR шинжилгээг авч, эцсийн хариуг баталгаажуулан гаргах юм.

Тухайн иргэн нь 2020.11.06-ны өдөр халуурч, 2020.11.08-ны өдөр эмнэлэгт хандсанаар тандалт шинжилгээнүүд хийгдэж, коронавирусын хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гараад байна. Иймд тухайн иргэний нэг, хоёрдугаар зэргийн болон дам хавьтагчдыг тандалтаар илрүүлж Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлаж шинжилгээнүүдийг авч эхлээд байгаа аж. Мөн Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд шинжилгээний хариу нь гараагүй байна. 

74 настай иргэний зорчих хөдөлгөөн, эрүүл мэндийн илэрсэн шинж тэмдэгээс  үзвэл Улаанбаатар хотод ачаа тээврийн жолоочоос илэрсэн коронавирусын халдварын тархалттай холбоогүй байж болзошгүй байна. Холбогдох цагдаа, тагнуул зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид хаанаас халдварласныг тогтоохоор тандалт судалгаа хийж байна.

Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд эдгээр зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнүүдийг авсан бөгөөд 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын явган болон автомашинтай зорчих хөдөлгөөн төдийлөн буурахгүй, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгаалал дутмаг, хангалттай бус байгаа тул цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн хэв журам сахиулж буй алба хаагчдын иргэдэд тавих хяналтыг чангаруулж ажиллахаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд өнөөдөр 23:00 цагаас эхлэн аливаа зорчих хөдөлгөөнийг хумьж, чангатгана. Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, зайлшгүй тохиолдолд, хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг зэргээр үйлчлүүлэхдээ амьдарч буй бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг УОК-иос анхаарууллаа.

Үүгээр ч зогсохгүй Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр маргааш буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагаас Нийслэлээс орох, гарах болон хотын доторх бүх тээврийн хэрэгсэл болоод явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана. Зөвхөн УОК-ын хавсралтад заагдсан байгууллагын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох ба нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд үйлчилнэ.

Үүгээр ч зогсохгүй Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр маргааш буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагаас Нийслэлээс орох, гарах болон хотын доторх бүх тээврийн хэрэгсэл болоод явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана. Зөвхөн УОК-ын хавсралтад заагдсан байгууллагын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох ба нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд үйлчилнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.