| | USD/MNT 0₮

12 мянган айлын янданг хөөлөөд байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар эхлүүлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба хуралдаж аяны хүрээнд хийгдэж байгаа ажлууд, тэдгээрийн явц, биелэлтийн талаар мэдээлэл солилцлоо.

Хуралд ОББҮХ, НОБГ, ЦЕГ, МХЕГ, ЭМЯ, “Таван толгой түлш” компаний төлөөллүүд оролцож чиглэл бүрийн тайлангаа танилцуулж, цаашдын авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллэсэн юм.

"Яндангаа хөөлье” аян өрнөж байгаа өнгөрсөн хоёр сарын хугацаанд “Таван толгой түлш” компаний 16 мянга гаруй иргэнээс дуудлага хүлээн авч 12 мянга өрхийн янданг хөөлсөн байна. Мөн 7 мянга гаруй айл өрхийн зуухны битүүмжийг засварлах, ханан пийшин шинээр хийх, янданг солих зэрэг засвар, үйлчилгээг үзүүлээд байгаа юм.

"Таван толгой түлш” компаний Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал: “Таван толгой түлш компаний хэрэглэгчдэд үйлчлэх албаны өрхийн хяналтын ажилтнууд өдөр бүр айл өрхүүдээр явж угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг өгөн ажиллаж байна. Энэ үеэр анзаарагдаж байгаа нэг зүйл нь иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүдэн угаарын хийн хордлогод өртөх явдал багагүй гарч байна. Тухайлбал, яндангаа авч өрхөө бүтээх, яндангийн сойлтоо хаах, зуух, яндан, пийшингийн битүүмж алдагдах гэх мэт шалтгаан нөхцлүүд нь угаарын хийн хордлогод өртөх дийлэнх шалтгаан болж байна. Түүнчлэн угаарын хийн мэдрэгч нь таныг эрсдэлээс хамгаалах хамгийн эхний алхам учир төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, ажиллуулж байхыг иргэддээ анхааруулъя.”

Түүнчлэн яндангаа зөв хөөлөх, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангах, зуух пийшингийн битүүмж, цэвэрлэгээ, зөв галлагаа гэх мэт олон сэдвийн хүрээнд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр дамжуулан иргэдэд мэдээллээсээр байна. Тус мэдээллүүд нь цахим орчинд давхардсан тоогоор 700 мянган хүнд хүрсэн үр дүнтэй байгааг албаны хүмүүс онцоллоо.

Арванхоёр мянган айлын янданг хөөлөөд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.