| | USD/MNT 0₮

НМХГ-ын дэд даргын ялыг Дээд шүүх хэвээр үлдээснээр ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хоёр дахь удаагаа шүүгдэгчийн ширээнд сууж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Дээд шүүх хэвээр нь баталжээ. Ингэснээр түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээд байгаа юм. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 47.1-2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах”-аар заасан юм. С.Даваасүрэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгосон.

Тэрбээр 2019 оны зургадугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт байрлах НМХГ-ынхаа шатан дээр иргэн А.О-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, “Самсунг А-6” загварын гар утсыг нь гэмтээсэн хэрэгт холбогдсон аж. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Даваасүрэнд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хэлэлцээд гар утсыг нь гэмтээсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, А.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын 30-нд С.Даваасүрэнд холбогдох хэргийг хянаад аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох магадлал гаргасан бол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг нь хүчингүй болгосон байна. Ийнхүү Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноор Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалт үйлчлэх нөхцөл бүрдээд буй юм. Харин МХЕГ-ын удирдлага хуулийг хэзээ хэрхэн хэрэгжүүлэхийг харах л үлдлээ. Ер нь МХЕГ-ын удирдлага хууль бус үйлдэл хийсэн албан тушаалтнуудаа хаацайлах нь олон. Тухайлбал, тус газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал Б.Амар ажилтнаа үндэслэлгүй халж, улмаар шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Үүнд нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Б.Амар ч тийм баримт шүүхэд өгснөө мөрдөгчид мэдүүлж, хүлээн зөвшөөрсөн гэх. Улмаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр шүүхэд хуурамч нотлох баримт хүргүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Гэвч тухайн албан тушаалтанд хариуцлага тооцолгүй өдий хүрч байна.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгийн тухайд эрүүгийн хэрэгт холбогдож шүүгдэгчийн ширээнд суусан тохиолдол ганц энэ биш. Тэрбээр “Хадгаламж банк”-наас 14.2 тэрбум төгрөг алба болж, тус банкны Бүртгэл тайлан тооцооны газрын даргаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн нар казинод тоглож алдсан хэргийн нэг холбогдогч болж байсан билээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хоёр дахь удаагаа шүүгдэгчийн ширээнд сууж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Дээд шүүх хэвээр нь баталжээ. Ингэснээр түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээд байгаа юм. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 47.1-2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах”-аар заасан юм. С.Даваасүрэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгосон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.