| | USD/MNT 0₮

Д.Шагдарсүрэн:Говийн нутгаар цасгүй, хангайн нутгаар цас их унасан хүйтэн өвөл болно

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэнтэй энэ өвөл цаг агаар ямар байх талаар ярилцлаа.

Түүний хувьд цаг агаарын прогноз гаргахаас гадна малчдынхаа борог амьдрал, малч ухаан, байгаль дэлхийн хүйн холбоо, нүүдэлчин өв соёл, монголчуудын ёс заншлын өв тээгч болсон малчдынхаа амьдралыг хэнээс ч илүү мэддэг, амьд уурхай болсон нэрт сэтгүүлч юм.

-Сайн байна уу та, сайхан намаржиж байна уу?

-Сайн байна уу, сайхан намаржиж байна. Энэ намар хоёр удаа огцом хүйтэрснээс биш сайхан налгар урт намар болж байна даа.

-Энэ өвөл ямархуу өвөл болох бол. Та цаг агаарын прогнозоо гаргасан байгаа байх?

-Ер нь бол говь руугаа цас багатай, хангай руугаа цас ихтэй өвөл болно. Хүйтэн өвөл болно гэж миний мэргэн ардууд болох Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын малчид өндөр уулан дээр гарч, өвлийн байдлаа шинжиж дүгнэсэн байгаа. Есдүгээр сарын 30, аравдугаар сарын 04, 05-ны цас хаагуур орсон байна тэр нутгаар зуд болно гэж ойлгож болно.

-Энэ сард их хүйтэн байна гээд байгаа. Энэ үнэн болов уу?

-Энэ сард эхний 10 хоногт хүйтрээд өнгөрлөө. Сая жаахан цас хаяж, хангай дэлхий хүйтэрсэн дээ. Дунд арав хоногтоо гайгүй дээ, энэ сарын 20-доор хүйтэрнэ. Харин арванхоёрдугаар сар бол олон жилийн дунджаасаа хүйтэн болно шүү.

-Өнгөрсөн жил зуншлага муутай аймгуудад зуд болно гээд байгаа. Цаг зүтгүүлэх байх?

-Засгийн газар ч энэ асуудлаар ярьж байна. Би ч эрт хэлж байсан даа. Юу гэвэл, цаг агаараас хамаараад, өөрөөр хэлбэл тэнгэрээс хамаарахгүй газраас хамаарсан өвөл болно гэж хэлж байлаа. Эрдслийн судалгаагаар бол зургаан аймгийн 75 суманд бэрх өвөл, хавар болно. Хустайн буга их орой дуудлаа. Энэ Төв аймгийн Сэргэлэн суманд тарвага ичээгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Ингэхээр өвөл оройтож, тэр хэмжээгээр өвөл сунаж, хавар нь цаг хүндэрнэ шүү.

-Зургаан аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрнэ гэлээ. Ямар ямар аймаг байна вэ?

-Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Архангай, Ховдын зарим сумдад өвөлжилт хүндэрнэ гэж судалгаа гарсан. ХХААХҮЯ нарийн тооцоо судалгааг гаргаж, хэдэн сая малаа хаана оторлуулахаа шийдэх байх. Аймгийн удирдлагууд хаана отор нүүдэл хийхээ мэдэж байна гэх. Гэвч сум орон нутаг, багийн Засаг дарга нар нь хэдэн малчидтайгаа ажилладаггүй юм байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас малаа туугаад гарсан малчин Булган аймгийн Бүрэгхангай суманд яваад очлоо, гэвч аймгийн ИТХ-ын дарга болон ард иргэд нь албан бичиг бариад “Оторчин авахгүй” гээд хөөгөөд явж байна. Тэгэхэд Баян-Өндөр сумын Засаг дарга малчнаа тэр суманд явааг мэдэхгүй л байна шүү дээ.

Малчид нь ч дарга нартайгаа харьцдаггүй. Дарга нь ч ямаагаа алдсан ухна шиг болчихжээ. Малчиддаа тараагаад хаячихсан байна. Гантай аймгийн малчид Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгаар отор нүүдэл хийгээд өвсний сөл хөөгөөд намаржлаа.

-Малчдад хандаж та юу гэж хэлэх вэ. Ер нь малчил өвөлдөө хэр бэлтгэдэг вэ?

-Одоо юу ч гэж хэлээд оройтчихжээ. Салбарын яам нь мах экспортлох аргыг маш хурдан шийдэж өгөх ёстой байсан юм. Ерөнхийлөгчийн бэлгэнд өгсөн 30 мянган хонийг өгөх гэж гурван сар ноцолдлоо. Гурван сар ноцолдож байж 14 хоногийн өмнө хил давууллаа. Гантай газрын малчид өвөлд юугаа бэлтгэх вэ дээ. Бэлтгэх хадлан тэжээл ургасан биш. Тэгэхээр нэгдүгээрт төр засгаас өвс тэжээлийн үнийг бодлогоор хямдруулах хэрэгтэй байна.

-Өвс тэжээл их үнэтэй байна. Боодол өвс 16-17 мянган төгрөгт хүрсэн бол хорголжин тэжээл уут нь 20 мянга, хивэг уут нь 17 мянга гэж байна?

-Үнэтэй байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж урамшуулал өгдөг шиг төрийн зүгээс хадлан тэжээл бэлтгэдэг компани, үйлдвэрүүдэд хөнгөлөлт юмуу, татварын бодлогоор нөлөөлөөд малчдад зээлээр өвс тэжээлийг нь өгөх ёстой. Тэгээд цаг сайхан болсон хойно үнийг нь авах механизмыг ажиллуулахгүй хэрэгтэй байна.  

-Цаг агаарыг ургамлаар хэрхэн шинждэг вэ?

-Шинжих олон арга бий. Одоо үед газар тариалан уул уурхайн зориулалтаар газар ашигласнаар унаган ургамал ургахаа больжээ. Тийм учраас байгалиар нь шинжих боломж  тун бага. Уг нь цагаан цэцэг ургасан газар цас их унана гэж ярьдаг байсан. Мөн ардын уламжлалт арганд самар жимсээр нь таних арга гэж бий.

-Тэнгэр хангайнхаа байдлыг шинжихэд тодорхой сар өдрийг сонгодог уу?

-Өвгөчүүд хүүхдүүдээ долоо, наймтайгаас нь дагуулаад л хээр хоноод, байгальтай ойр өсгөдөг. Малчин хүн хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс өвлийн адаг сарын битүүн хүртэл үргэлж байгаль дэлхийгээ ажиглаж байх ёстой гэж үздэг. Ганцхан л намрын дунд сарын 15-ны шөнө довцог дээр гарч суугаад л бүхнийг мэддэг юм гэж байхгүй. Таамаглал дэвшүүлж байгаа арга нь цаг уурын прогноз гаргахтай төстэй. Цаг уурын прогноз гаргадаг аргын үндэс нь шүүхийн аргатай төстэй. Шүүх яадаг гэхээр энэ хэргийг хэн, хэзээ, хэдэн онд хийж байсан бэ, тэр хэргийг хэрхэн шийдэж байсан бэ гэдгийг архив ухаж төстэй байдлаар шийддэг. Түүн шиг өнөөдрийн найман цагийн байдлаар Хойд Америкт цаг агаар ийм байсан байна, Баруун европт тийм байсан байна гээд газрын зураг дээр зурчихна. Тэрийг хараад иймэрхүү цаг агаар хэдэн оны хэдэн сарын хэдэнд болж байсныг харж адилхныг нь олно. Адилханыг нь олоод маргааш нь цаг агаар хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг одоогийнх дээрээ авчирч тавиад агаар мандлын термодинамик тэгшитгэлээр бодно.

-Сүүлийн үед МҮОНРТ-д үүсээд байгаа асуудлыг та юу гэж харж байна вэ. Та Монголын радиогийн амьд архив шүү дээ? 

-Нөхцөл байдал ямар байна сүүлийн 13 жил ийм л байдлаар ажиллаж  ирсэн. Би хоёр зүйлд санаа зовоод байна. МҮОНРТ гэдэг гоё байсан уран бүтээлчдийн өргөө байсан юм. Тэнд Ч.Сангидорж, З.Батсүх гээд агуу хөгжмийн зохиолчид орж ирдэг. Малчин тариаланчин дурын үзэгч сонсогч нар чөлөөтэй орж ирж ажил төрөл, санаа оноогоо ярилцдаг байсан. Өнөөдөр гэхэд МҮОНРТ рүү ороход их бэрх болжээ, хаалга үүд нь цоожтой, харуул хамгаалалттай. Өрөөндөө ороход нэлээд төвөгтэй болжээ. Тэрийгээ гоё болсон гэж ярьдаг юм билээ. За энэ ч яах вэ, дотоод асуудал байх. 

-Алтан төлийн эзэн шагналыг гурван сая төгрөгөөр авдаг болсон гэх мэдээлэл үнэн юмуу?

-Хоёрдугаарт манай Малчин нэвтрүүлэгийн Алтан төлийн эзэн шагналыг 1976 оны үед СГЗ М.Цагааны санаачилгаар бүтээсэн байдаг. Тухай үед соц нийгэм байлаа, бүх малын төрийн өмч гээд жилд 5 хан хүнд олгодог байсан шагнал. Хамгийн олон ботго, ишиг, хурга, унага, тугал бойжуулсан малчин авдаг хүндтэй шагнал байлаа. Тусгай болзлын дагуу шалгаруулдаг байсан. Гэвч 1990-ээд оноос хойш энэ шалгаруулалт сулраад дээрээс нь Радиогийн шагнал нь Хөдөө аж ахуйн яамтай холилдож, шагналын санг нь бүрдүүлэхдээ мөнгө гуйдаг болсонтой холбогдуулаад дээрх яам түлхүү ордог болов. Дээрээс нь нэмээд улстөр ороод ирлээ. Одоо сүүлдээ хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүд халаасандаа Алтан төлийн эзэн шагналыг аваад ирдэг болжээ. Сүүлдээ бүр нөгөө шагнал чинь Л.Нинжжамцын гарт орсон гэж дуулдана. Би энэ шагналд оролцдог байсан одоо бүр оролцох битгий хэл сургийг нь ч дуулахаа больжээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн жил гэхэд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Ч.Төмөрбаатар гэдэг хүн Алтан унаганы эзэнд нэр явсан юм гэсэн. Засаг даргатай нь ярихад “Нэрийг нь явуулсан” гэдэг. Ингээд Радиогийн хамт олноосоо асуухаар “Мэдэхгүй тэр шагналыг бид мэдэхээ байсан. Нинжжамцын гарт байгаа. Хэн хэн шалгарч байгааг ерөөсөө үзүүлдэггүй юм” гэж хэлдэг. Ингээд захирал Батзаяа дээр ороод асуухаар “Цаг нь болохоор танд хэлнэ” гэдэг. Харин дараа нь ямар мэдээлэл надад ирсэн бэ гэхээр Ч.Төмөрбаатар нь байхгүй, өөр хүн шагналыг авсан байдаг. Тэгэхээр миний хардах сэтгэл төрөөд байгаа юм. Дарга нарын гараар дамжсан малчид Алтан төлийн эзэн болдог болжээ. Энэ хүүхдүүдийн ярьж буйгаар хувийн буюу ТББ болоод гурван сая төгрөгөөр зарж явна гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр үнэн байх гэж хардаж, харамсч байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

О.Сайхан 

 

Ер нь бол говь руугаа цас багатай, хангай руугаа цас ихтэй өвөл болно. Хүйтэн өвөл болно гэж миний мэргэн ардууд болох Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын малчид өндөр уулан дээр гарч, өвлийн байдлаа шинжиж дүгнэсэн байгаа. Есдүгээр сарын 30, аравдугаар сарын 04, 05-ны цас хаагуур орсон байна тэр нутгаар зуд болно гэж ойлгож болно.
Ярилцлага

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.