| | USD/MNT 0₮

Г.Манлайжав:Монгол Улсад ямар ч цөмийн хог хаягдал булшилсан тохиолдол байхгүй

“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” семинарыг өнгөрсөн баасан гарагт Цөмийн энергийн комиссын Ажлын алба, МУИС хамтран зохион байгууллаа.

Энэ семинарт салбарын эрдэмтэн судлаачид болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник технологийг ашиглаж, сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавтай ярилцлаа.

-“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт семинарын гол зорилго нь юу бэ, үүнээс гарсан үр дүн юу байв. Мөн цөмийн технологи Монгол Улсад хэр хөгжсөн байдаг вэ?

-Бид нар цар тахалтай холбоотойгоор жилийн хугацаанд нэгдсэн сургалт семинар хийж чадаагүй юм. Сүүлийн үед цөмийн технологи нэвтрүүлж байгаа байгууллагууд ямар ололт амжилттай ажиллав. Ямар бэрхшээл байв, болохгүй бүтэхгүй асуудлыг салбар дундын түвшинд яаж зохицуулж байна гэдгээр илтгэл, хэлэлцүүлэг тавилаа. Монгол Улсад цөмийн энергийн салбар нь нийгэм эдийн засгийн бүхий л салбарт цөмийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх үр өгөөжийг сайжруулах, судалгааг өргөжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй хөгжиж байна.

-Цөмийн технологийг манайд хэдэн салбарт ямар зориулалтаар ашигладаг юм бэ?

-Нийгэм, эдийн засгийн бүх салбарт ашиглаж байна. Ашигладаггүй салбар гэж байхгүй. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд, оношилгоо, эмчилгээ болон халдвартай тэмцэх, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр шинэ үр тариаг гарган авах, бордоо үйлдвэрлэх, хөрс, усны менежментийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүн эм, химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох, малын халдварт өвчин болон зоонозын өвчний тархалтыг судлах, эмчлэх, оношлох, эм бэлдмэл, вакцин үйлдвэрлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, геологи, уул уурхайн чиглэлд хайгуул, шинжилгээ  төрөл бүрийн дээжинд үндсэн ба дагалдах элементийг тодорхойлох, гааль болон мэргэжлийн хяналтын чиглэлд гэх мэт өргөн ашиглагдаж байна.

-Цөмийн технологийг ашиглаад түүнээс гарсан хог хаягдлыг хаях булшлахад их асуудал гардаг?

-Ямар ч үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний хаягдал гардаг. Гэтэл цөмийн технологийн гарах хаягдал манайд бага байдаг. Цацрагийн үүсгэвэр байна. Жишээлбэл, геологийн салбар газрын гүний судалгаанд ашиглагдаад дууссан цацрагийн үүсгэвэрүүдийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалдаг байгууллага Монгол Улсад бий. Харин хаягдал гэж ярихаар өөр юм бодоод байх шигээ. Цөмийн хаягдал гэж том нэр томъёоноос хүмүүс айдаг. Түүнийг ойлгодоггүй. Тэр бол шал эсрэг өөр зүйл. Тэр бол цөмийн цахилгаан станц ажиллуулдаг газраас гардаг өндөр идэвхтэй маш урт удаан хугацаанд хадгалагдаж, цацрагийн өндөр идэвхтэй хаягддаг зүйл.

-Иргэний нийгмийн байгууллагууд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд цөмийн хаягдал, уран булшилсанаас болж гаж төл мал гараад байна гэж мэдээлэл хийж, эсэргүүцдэг. Албаны хүний хувьд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Энэ бол худлаа шүү. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ямар ч цөмийн хаягдал булшилсан тохиолдол байхгүй. Монгол Улс хэд хэдэн хуультай, олон улсын конвецитой. Монгол Улсад үүссэн хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалдаг байгууламжтай салбар бол цөмийн салбар. Химийн бодисын асуудал дээр манай улсад проблем их байна. Өмнө нь ашиглаж байсан одоо ашиглахаа больсон химийн бодисуудыг бүгдийг нь цуглуулж хадгалж, булшилж чадахгүй байна. Харин цацраг дээр бол булшилдаг тусгай газрууд байна. Түүнээс хөдөө орон нутагт хууль бусаар оруулж ирж, булшилж, түүнээс сөрөг үр дагавар гараад байна гэдэг асуудал худлаа шүү. Тийм байх ч боломжгүй.

-Манай улсад уран болон цөмийн хаягдлыг булшлах боломж нөхцөл байгаа юу. Эрдэмтэн судлаачид болохоор болно, иргэний нийгмийн байгууллагууд бол болохгүй, боломжгүй асуудал гэж талцдаг?

-Бид нар хуулийн дагуу ярих ёстой. Гадны хог хаягдлыг булшлах асуудлыг хуулиараа хориглочихсон байгаа. Ерөнхийлөгчийн тогтоол бий. Цөмийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд гадны орны цөмийн ямарваа нэгэн үүсгэвэр цацраг дахь хаягдлыг бид нар Монгол Улсын хилээр нэвтрүүлэн оруулах, дамжин өнгөрүүлэх зэргийг хуулиараа хориглосон байгаа. Тийм учраас гадны юмыг оруулж ирэх боломжгүй. Харин өөрсдөө ашиглаж байгаа үүсгэврүүд бусад цацрагийг бол нарийн хяналт шалгалтын хүрээнд булшилна. Ямар ч хяналтгүйгээр хууль бусаар булшлах боломж бол байхгүй.

-Иргэний нийгмийн байгууллагууд яагаад “Цөмийн хаягдал булшилсан, химийн хортой бодис хог хаягдлаас болж мал сүйдэж, гаж төрж, хүн хордоод байна” гэж ярьдаг юм бол?

-Би эх оронч иргэний нийгмийн байгууллагуудыг дэмждэг. Байх ёстой. Гэхдээ хуулийнхаа хүрээнд үнэн зөв бодит мэдээллийг гаргах ёстой. Манай семинар дээр шүүмжлэл өрнөсөн. Яагаад иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүс сошиал ертөнцөөр ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, буруу ташаа зүйлийг яриад байхад төрийн байгууллага, эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллагууд дуугай байгаад байдаг юм бэ. Тэр дор нь хариу өгдөг шуурхай эксперс байгаачээ гэдгийг залуу судлаачид эрдэмтэд хэлж байна. Тэгэхээр Төрийн бус байгууллагуудад хандаж дахин хэлье, цөмийн хаягдал гэдэг асуудал Монголд байхгүй.

-Цөмийн хог хаягдлыг яг хаана булшилдаг юм бэ?

-Манайд булшлах газар бол улсын чухал обьект гэж явдаг учраас нууцлалтай. Улсын болон төрийн байгууллагын нууцаар бол байршил нарийн мэдээллүүд нь нууц байдаг. Гэхдээ холбогдох бүх байгууллагууд нь мэддэг, хянадаг.

-Мал аж ахуйн салбарт, малын үүлдэр угсааг сайжруулахад цөмийн технологийг яаж ашигладаг юм бэ?

-Малын үүлдэр угсааг сайжруулах асуудал бий. Гэхдээ генетикийн өөрчлөлт гэх асуудал биш юм. Мал дээр бол хамгийн сайн үр өгөөжөө үржил шимээ өгдөг, уургаа илүү өгдөг генийн дарааллуудыг бүртгээд тэрнээс хамгийн сайнуудыг нь ялгаад үүлдэр угсааг сайжруулдаг. Жишээ нь өвчин тэсвэрлэх, хүйтэнд тэсвэрлэх ч гэдэг юмуу эд нарыг сайн гаргах асуудлаар манай Улсын мал эмнэлэг, Мал эмнэлгийн хүрээлэн идэвхтэй ажиллаж байгаа.

О.Сайхан 

Бид нар хуулийн дагуу ярих ёстой. Гадны хог хаягдлыг булшлах асуудлыг хуулиараа хориглочихсон байгаа. Ерөнхийлөгчийн тогтоол бий. Цөмийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд гадны орны цөмийн ямарваа нэгэн үүсгэвэр цацраг дахь хаягдлыг бид нар Монгол Улсын хилээр нэвтрүүлэн оруулах, дамжин өнгөрүүлэх зэргийг хуулиараа хориглосон байгаа. Тийм учраас гадны юмыг оруулж ирэх боломжгүй. Харин өөрсдөө ашиглаж байгаа үүсгэврүүд бусад цацрагийг бол нарийн хяналт шалгалтын хүрээнд булшилна. Ямар ч хяналтгүйгээр хууль бусаар булшлах боломж бол байхгүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.