| | USD/MNT 0₮

Н.Арвинтариа:Яагаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос шүүх эмнэлэг төлбөр авах ёстой юм бэ

Сүүлийн үед охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, зүй бусаар харьцах доромжлох, биед нь халдах нь энгийн үзэгдэл болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар ХЭҮТ-д 1000 гаруй иргэн хандснаас 53 нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Ингээд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариатай эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаар ярилцлаа.

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ихэвчлэн ямар хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байгууллага вэ?

-Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлэх дүрмэндээ заасчихсан. Манай байгууллага өдөрт 5-7 хүнд шууд үйлчилгээ үзүүлдэг. Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс. Мөн ажлын байрны бэлгийн дарамт ч юмуу, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчид орж ирж үйлчилгээ авдаг. Манайх хамгаалах байртай учраас насанд хүрээгүй хүүхдийг авдаг. Гэр бүлийн тухай хуулинд зааснаар 7 төрлийн үйлчилгээг цогцоор үзүүлдэг. Мөн хохирогчийг 7-90 хоног хүртэл байрлуулдаг. Энэ хооронд тэдэнд үнэ төлбөргүй өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлнэ.

-Танай төвд нийт хэчнээн өмгөөлөгч ажилладаг вэ?

-Манай Дондов өмгөөлөгч бэлгийн хүчирхийлэл болон бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт дагнан үйлчилгээ үзүүлдэг. Манайх 2010 онд 30 өмгөөлөгчийг энэ чиглэлээр бэлтгэсэн. Хүчингийн хохирогч болсон хүний шүүх хурлыг дуустал явдаг.

-Энэ оны байдлаар нийт хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлсэн байна вэ?

-Энэ оны эхний байдлаар 1000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлснээс 53 нь бэлгийн хүчирхийллийн хохирогчид. Бага насны хүүхдүүд ч манай хамгаалах байранд байна. Өмгөөллийн үйлчилгээ авч явж байгаа олон хүн бий.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос шүүх эмнэлэг төлбөр авдаг байсан асуудлыг халсан гэсэн үү. Энэ талаараа?

-2012 оноос хойш энэ асуудлыг таслан зогсоохоор уйгагүй тасралтгүй явсны үр дүн өнөөдөр гарсан. Энэ бол хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхэнд гарч байгаа дэвшил гэж үзнэ. Тодруулбал, шүүх эмнэлэгт гэмтлийн зэргээ тогтоолгохын тулд хохирогч 8000 төгрөгийг төлдөг байсан.

Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хуульзүйн сайдын хамтарсан тушаалын тодорхой хэсгийг хүчингүй болгуулах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах чиглэлээр ТББ-ын хуулиар олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан. Хүчирхийллийн хохирогч бол хэн ч байж болно. Төрийн өндөр албан тушаалтан, насанд хүрээгүй хүүхэд, эмзэг ядуу иргэд ч байж болно. Тийм учраас энэ хүмүүсийн найдвартай байх эдийн засгийн баталгаатай байх асуудлыг төр өөрөө хариуцдаг. Тодорхой боломжуудыг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүд эдлэх ёстой. Нэн түрүүнд ШШҮХ-нд гэмтлийн зэргээ тодорхой болгоход төлбөр авч байгаа байдал нь тухайн иргэдэд бэрхшээл учруулдаг байна гэж үзсэн.

Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхэд манай төвөөс нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан бол давж заалдах шатны шүүх мөн хүчирхийлэлд өртсөн иргэд 10 мянгын төлбөр төлөх ёсгүй гэж үзээд журмыг хүчингүй болгуулсан. Яагаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос шүүх эмнэлэг төлбөр авах ёстой юм бэ.

-Энэ гэмтлийн зэрэг тогтоолгоход авдаг төлбөрийг хүчингүй болгуулж өгөөч гэсэн хүсэлтийг хохирогч нар танд тавьсан уу?

-Тийм. Ер нь бол гэмт хэргийн халдлагад өртсөн хэнээс ч болов төлбөр аваад түүнийг төсвийн эх үүсвэр болгоно гэдэг байж боломгүй асуудал. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг нь төр хангаж өгөх ёстой. Хэргээ шударга шүүхээр шүүлгэх, шударга шүүхийн тусламж дэмжлэгийг авахад төр тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл хохирогч болоод очсон хүнээс 8000 төгрөгийн төлбөр авна гэдэг байж болохгүй зүйл.

-Одоо тэгээд шүүх эмнэлэг 8000 төгрөгөө авч байгаа юмуу эсвэл больчихсон юмуу?

-Авч байгаа. Тэр авдаг зохицуулалтыг хүчингүй болгоогүй байгаа. Хэрвээ энэ чиглэлээр хохирогчийн эрхийг хамгаалдаг чиглэлээр ажилладаг байгууллагууд нэгдвэл хүчингүй болгуулж чадна. Уг нь шүүх эмнэлгийн тусламж үйлчилгээ чинь төрийн үйлчилгээ байх ёстой. Төрийн үйлчилгээ авах гээд очсон хүн яахаараа төлбөр төлөх ёстой юм бэ.

-Хүчирхийллийн хохирогч болон насанд хүрээгүй хүүхдүүдтэй хэрхэн харьцдаг вэ. Мэдүүлэг яаж авдаг вэ?

-Нөхцөл байдал өмнөх үеэ бодвол харьцангуй сайжирсан. ЭХХШТХ-нд хохирогчоос мэдүүлэг авах бол тусдаа өрөө ашиглаж болно гэж заасан. Хохирогч болон бага насны хүүхдээс тэр өрөөндөө мэдүүлэг авдаг. Сэжигтэн этгээдийг таньж олуулах ажиллагаагаа ч тэр өрөөнд хийж болно. Хамгийн гол нь өмгөөлөгч хүсэлт гаргаад тусгай өрөөнд мэдүүлэг авах шаардлагатай байна. Аль эсвэл хохирогчийн байгаа газар нууцлалыг нь хангаж мэдүүлэг авч болдог. Өмнө нь нэг том өрөөнд бүгдээрээ сууж байгаад мэдүүлэг авдаг байсан бол одоо шинэ хуулийн хүрээнд харьцангуй сайжирч нөхцөл байдал өөрчлөгдсөн.  

 

Ер нь бол гэмт хэргийн халдлагад өртсөн хэнээс ч болов төлбөр аваад түүнийг төсвийн эх үүсвэр болгоно гэдэг байж боломгүй асуудал. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг нь төр хангаж өгөх ёстой. Хэргээ шударга шүүхээр шүүлгэх, шударга шүүхийн тусламж дэмжлэгийг авахад төр тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл хохирогч болоод очсон хүнээс 8000 төгрөгийн төлбөр авна гэдэг байж болохгүй зүйл.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.