| | USD/MNT 0₮

С.Цогтсайхан:Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Монголынхоо нүүр царай болж явдаг

Үндэсний урлагийн их театр өнөө жил 70 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээнд олон сайхан арга хэмжээ, урлагийн тоглолт зохион байгуулагдаж байна.

Тэдний нэг нь тус театрын дуучид болох Б.Батмэнд, С.Цогтсайхан, Д.Ширмэнтуяа Г.Амаржаргал, Ш.Баянмөнх, Ц.Нарантуяа нар хамтарч “Ханьсах сэтгэлийн дуу” нэртэй тайлан тоглолтоо маргааш буюу энэ сарын 06-нд хийх гэж байна.

Ингээд тус театрын уртын дуучин, МУГЖ С.Цогтсайхантай ярилцлаа. Түүний хувьд гадны улс орны хүндтэй зочдыг ирэхэд ая дууны мялаалга өргөдөг “төрд данстай дуучин”. Дуу хуурын өлгий нутаг болох Дундговийн бүсгүй гэдгийг хүмүүс андахгүй сайн мэднэ. 

Гавьяат жүжигчин С.Цогтсайхан дуучин Б.Батмэндтэй хамтран дуулсан “Санасан шүү чамайгаа” дуугаараа анх олны танил болсон. Тэрбээр эл бүтээлээс хойш “Сургаалын үг”, ”Хэрлэн тоонотын уулс”, “Өвлийн хайрын дуу”, “Эрх сэтгэл”, “Уяхан замбуу тивийн наран дор”, “Хатан салхины аялгуу”, “Ээжийн үнэртэй сүүн аялгуу” зэрэг бие даасан болон хамтарсан уран бүтээлээ толилуулан олны сонорыг мялаасан билээ.

-Сайн байна уу та. ҮУИТ-ын 70 жилийн ойдоо зориулж байгаа “Ханьсах сэтгэлийн дуу” тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-2000-аад оноос эхэлж дуэт дуучид гарч ирсэн. Тэдгээр дуучдын анхдагч нь бараг бид зургаа юмуу даа. Бид нараас хойш дуэт дуучид мөөг шиг олон төрөн гарч тэдний тоглолт их болдог байсан. Батмэнд, Баянмөнх, Ширмээ эгч, Нарантуяа бид зургаагийн хувьд нэг байгууллага. Тийм учраас бид зургаа 70 жилийн ойг угтаад төлөвлөгөөт хөтөлбөрийн нэг нь болж, тэгэхдээ бүр эхлэл нь болж ойн арга хэмжээг бид зургаагийг “Ханьсах сэтгэлийн дуу” нэртэй тоглолтоор нээж байгаа юм. Энэ тоглолтоо бид өмнө нь 2007 онд хөдөө орон нутаг болон өөр театрын тайз болон концертын танхимд хийж байсан. Гэхдээ тодорхой хугацаанд хамтарсан тоглолт хийгээгүй завсарласан байлаа.

-Олон нийт бол та зургааг дан зохиолын дуу дуулах байх гэж төсөөлж байгаа байх. Гэвч таны хувьд уртын дуучин хүн?

-Амаржаргал, Баянмөнх хоёроос бусад нь дан уртын дуучид. Театрын уртын дуучин гэж явдаг. Тэгэхээр энэ театрынхаа тайзан дээр уртын дуугаа ч дуулна. Мөн нийтийн дуугаа ч хослож дуулна. Ардын богино дуу болон дуулалт жүжгийн гол дүрд ч тоглож дуулна.

-Тоглолтын онцлогоос дурдвал?

-ҮУИТ-ын уран бүтээлчид, Норовбанзад багшийн нэрэмжит дуучид гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ орно. Үндэсний оркестартай, мөн өөрсдийнхөө имижийг өөрчилнө. Нийтийн дууны өнгө аясаа өөрчлөх гэх мэт. Тоглолт маань гурван хэсэгтэй их өвөрмөц сонирхолтойгоор явагдана.

-Уран бүтээлчдийн хувьд урын сан арвинтай 70 жилийн ойгоо угтаж байх шиг. Уран бүтээлчдийн хувьд ч их залуужсан харагдана?

-Тийм. Би гэхэд Улсын ардын дуу бүжгийн чуулга нэртэй байхаас нь орсон. Бараг 20-иод жил дуучнаар ажилласан байна. Бид зургаагийн хувьд бараг ахмад уран бүтээлчдийн тоондоо орно шүү. Олон сайхан залуу уртын дуучин байна. Дархад болон Буриад дууны жанраар дуулдаг уран бүтээлчид бий. Дээрээс нь нуруу туруу, зүс царайгаараа ч сайхан залуусаар сэлбэгдэж, шигшигдсэн. Нэг үе шинэ уран бүтээлчдээр сэлбэгдэхгүй бидний үе яваад байсан нь үнэн.

-Таны хувьд мэргэжлийн уртын дуучин. Мэргэжлийн гэдэг үг их хариуцлагатай сонсогддог?

-Тайзны урлагийн цөм нь мэргэжлийн дуучид, жүжигчид байдаг. Тиймээс алдаа гаргах эрх байхгүй. Дуучдын тухайд дуулж буй дуугаа сэтгэл зүрхээрээ дамжуулан үзэгчдэд хүргэх ёстой. Миний бодлоор уртын дуу тухайн дуучнаас ур чадвар, хөдөлмөр ихээхэн шаарддаг байж мэднэ. Уртын дуу хүний сэтгэл зүрхэнд хүрэхдээ байгалийн сайхныг, хүний мөн чанарыг, эх үрийн нандин холбоог жинхэнэ утгаар нь мэдрүүлж чаддаг. Ерөөсөө монгол хүн л уртын дууны хөг, аялгуу, айзам хэмнэлийн сайхныг мэдэрч, хүлээж авдаг.

-Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Монгол Улсаа урлагаар нь дэлхийд сурталчилж, гайхуулж, соёл урлагаа түгээн дэлгэрүүлж явдаг гайхалтай уран бүтээлчид байдаг?

-Тэгэлгүй яах вэ. Үндэсний урлагийн их театрын тайз өөрөө ардын урлагийн нэг номерын тайз шүү дээ. Тэгэхээр Төрийн том арга хэмжээ болон гадаад дотоодын арга хэмжээнүүдийн нээлтэд очиж дуу хуураа өргөдөг. Монголын нүүр царай болж ажилладаг хамт олон. Монголд ирж байгаа жуулчдад тасралтгүй урлагаараа үйлчилдэг. Зуны гурван сар бид бүхэн ажилтай, улсынхаа өв соёл, урлаг соёлыг гадныханд сурталчилж, таниулдаг ажилтай. Дээрээс нь төрийн их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн гадаад улсад зохиогддог олон наадамд бүх төрлөөрөө оролцдог. Үндэсний их урлагаа сурталчилхаас гадна уралдаан тэмцээнд тэргүүн байр эзлэж ирдэг бахархалтай хамт олон шүү дээ.

-Таны хувьд өнгөрсөн жил гадаадад томоохон тэмцээнээс Гранпри хүртэж байсан байхаа?

-Өнгөрсөн жил Саудын Арабын нийслэл Рияд хотноо зохион байгуулагдсан Олон улсын ардын урлагийн наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид оролцож, би Гранприг нь хүртэж байсан юм.

-Энэ жилийн хувьд ковид-19 тэй холбоотойгоор гадагшаа явж чадаагүй байх?

-Хөл хорирг эхэндээ бол цочирдож хүлээж авсан. Ковидтай жил бусад байгууллагуудтай адил манай театрын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Гэхдээ уран бүтээлч бид зүгээр байхыг хүссэнгүй. Хувь хувийнхаа уран бүтээл дээрээ анхаарч цаг хугацаагаа зарцуулсан. Энэ хугацаанд манай театрын хамт олон “Ардын дуу мину” теле концерт, мөн СD-гээ гаргасан. Миний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байсан.

-Танд үндэсний хувцас их сайхан зохих юм?

-Баярлалаа. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бид үндэсний дээл хувцgсаараа л их гоёно. Монгол хүнд ер нь үндэсний хувцас илүү гоё зохидог шүү дээ.

-Ярилцсан танд баярлалаа, тоглолтод нь том амжилт хүсье?

-Баярлалаа.

О.Сайхан 

Тайзны урлагийн цөм нь мэргэжлийн дуучид, жүжигчид байдаг. Тиймээс алдаа гаргах эрх байхгүй. Дуучдын тухайд дуулж буй дуугаа сэтгэл зүрхээрээ дамжуулан үзэгчдэд хүргэх ёстой. Миний бодлоор уртын дуу тухайн дуучнаас ур чадвар, хөдөлмөр ихээхэн шаарддаг байж мэднэ. Уртын дуу хүний сэтгэл зүрхэнд хүрэхдээ байгалийн сайхныг, хүний мөн чанарыг, эх үрийн нандин холбоог жинхэнэ утгаар нь мэдрүүлж чаддаг. Ерөөсөө монгол хүн л уртын дууны хөг, аялгуу, айзам хэмнэлийн сайхныг мэдэрч, хүлээж авдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.