| | USD/MNT 0₮

Д.Самбуу:Урлагийн тайзан дээр, Төрийн концертод дуулж үзээгүй хүн гавьяа шагнал, алдар цол хүртэнэ гэдэг ичгэвтэр хэрэг шүү

Үндэсний урлагийн их театр өнөө жил 70 жилийн ойтойгоо золгож, урын сан арвинтайгаар ойгоо угтаж байна. Тус теарт 50 гаруй жил дуучнаар ажилласан Ардын жүжигчин Д.Самбуутай ярилцлаа.

-Сайн байна уу та, сайхан намаржиж байна уу?

-Сайн сайн байна уу.

-Үндэсний урлагийн их театр 70 жилийн ойтойгоо золгож байна. Таны хувьд энэ театрт нас чацуу гэж ярилаа?

-Үндэсний урлагийн их театр 1959 онд байгуулагдсан. Түүнээс хойш өнөөдөр 70 жилийн ойтойгоо золгож байна. Уран бүтээлийн урт дардан биш замыг туулсан. Гэхдээ алтан үеийн гэж ярьдаг уран бүтээлчид энэ театрыг босгохын төлөө өөрсдийн бүх боломж нөхцөл, авьяас чадвараа бүрэн дайчилж энэ байгууллагыг өдий зэрэгтэй авч явж иржээ. Сайхан хамт олон. Би бол энэ байгууллагатайгаа нас чацуу хүн. Энэ байгууллагад дуучнаар ажиллаад 50 жил болсон ахмад уран бүтээлч байна.

-Анх дуучин болж, энэ теарт орж ирж байсан үеэ дурсвал?

-Намайг анх энэ театрын босгыг алхаж орж ирэхэд алтан үеийн бүх уран бүтээлчид ажиллаж байлаа. Дорждагва багшаас эхлээд Түмэндэмбэрэл, Лхамжав гэх мэт мундаг дуучид. Сүүлийн үеийнх нь гэвэл Банзрагч, Нансалмаа, Хоролсүрэн, Адарсүрэн нартайгаа хамт ажиллаж, олон жил уран бүтээлээрээ ард түмнээ урлагаар цэнгүүлж ирсэн байдаг.

-50 гаруй жилийн хугацаанд та үндэсний их урлаг, дуу хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчилахад ямар оролцоотой байв?

-Энэ 50 гаруй жилийн хугацаанд ардын урлагийг ард түмэндээ түгээх мөн цаашлавал дэлхийн олон оронд таниулж аялан тоглосон байдаг. Тодруулбал манай чуулга дэлхийн 60 гаруй оронд тоглолтоо тавьсан байдаг. Миний хувьд гэхэд дэлхийн 40 гаруй орноор аялан тоглолтоо хийсэн. Мөн очсон орныхоо дуу хөгжмийг сурах, мөн ардын болон нийтийн дуунуудыг дуулж, ард түмнийхээ урлагийг сурталчилж явсандаа бахархдаг.

-Ардын урлагийн хөгжил ямар шатандаа явж байгаа вэ?

-Ардын урлагийн хөгжил гэвэл Данзанравжаагийн Саранхөхөө театраас авахуулаад гэр маягтай театрууд байсан. Өнөөдөр дэлхийн хэмжээнд хаана ч өрсөлдөх, аль ч оронд очоод тоглоход Монгол Улс гэдэг ийм урлаг соёлтой ард түмэн гэдгээ дэлхийд харуулж, гайхуулж чадсан хамт олон энд ажилладаг юм даа. Манайх дээр үед сэдэвчилсэн концертуудыг их тоглодог байсан. Сүүлийн 1980-аад оноос эхлээд дуулалт жүжиг, дуурийг хүртэл уран бүтээлчид маань тавьж байлаа. Дэлхийд манай үндэсний урлаг бол нэлээд дээгүүр байр эзлэж явдаг шүү дээ.

-Үндэсний их урлагийн театрын уран бүтээлчдийг харахад залуусаар их хүч сэлбэж, хүрээгээ тэлсэн харагдана. Залуу уран бүтээлчдийнхээ тухайд гэвэл?

-Сүүлийн үед залуу уран бүтээлчид биеэ дайчилж, хөдөлмөрлөж байна. Ялангуяа дуучдын хувьд гэвэл бүгд мэргэжлийн сургуулийг нь төгссөн урлагийн зохих хэмжээний мэдлэг боловсролоо эзэмшсэн яг мэргэжлийн болсон хүмүүс ажиллаж байна. Эдгээр залуусынхаа хүчинд Үндэсний урлагийн их театр өдий зэрэгтэй байх ёстой.

-Уран бүтээлийн чанар чансаа, хэм хэмжүүрийг ярихгүй бол болохгүй. Өнөөдөр дуучид борооны дараах мөөг шиг олон болжээ гэх. Нөгөөтэйгүүр урт настай удаан жаргалтай уран бүтээл хийхгүй байна гэж шүүмжилдэг?

-Сүүлийн үед олон сайхан дуучид төрөн гарч байгаа. Гэхдээ нийтийн дуучид гэж бий дээ. За яах вэ, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн үнэлэгдсэн сайхан дуучин байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг хэв маягийг барьсан олон дуучид төрөх юм бол бусдаасаа ялгагдахгүй дээ.

Манай Үндэсний урлагийн их театрын дуучид бол яг өөр өөрийн гэсэн өнгө аястай, өөрийн гэсэн аялгуутай. Дуулах дуу нь хүртэл аль нутаг, ямар үндэстэн ястны дуу байх вэ гэдгээс шалтгаалж, өөртөө тохируулж, сонгож шалгаруулдаг. Үүгээрээ манай театрын дуучид бусад дуучдаас ялгарч чаддаг.

-Сүүлийн үед нийтийн дуучдаас гавьяагүй гавьяатууд төрж байна гэсэн шүүмжлэл нийгэмд нэлээд өрнөөд байх шиг. Ахмад уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байна вэ?

-Сайхан дуулдаг нийтийн дуучид бий гэж хэлсэн дээ. Тийм хүмүүс гавьяа шагнал хүртэж авалгүй л яах вэ. Гэхдээ би нэг зүйлийг хатуухан хэлэхэд, мэргэжлийн урлагийн тайзан дээр ганц удаа дуулж үзээгүй, мөн цаашлавал Төрийн ямар нэгэн концертод ганц дуулж үзээгүй хүн энэ алдар цол, гавьяа шагналыг хүртээд байгааг би гайхаж байна. Энэ бол ичгэвэтэр хэрэг мөн биз дээ. Чухам ямар хэмжүүрээр ийм алдар цол хүртээгээд байгаа юм бол.

Нэгэнт гавьяат өгчихсөн юм чинь тэрийг гавьяагүй гавьяат гэж шүүмжлэхээс өөр яах юм бэ. Хамгийн гол нь уран бүтээлээрээ ямар гавьяа байгуулсан бэ гэдэг нь яах аргагүй эргэлзээ төрүүлж байдаг юм даа.

О.Сайхан 

 

Ардын урлагийн хөгжил гэвэл Данзанравжаагийн Саранхөхөө театраас авахуулаад гэр маягтай театрууд байсан. Өнөөдөр дэлхийн хэмжээнд хаана ч өрсөлдөх, аль ч оронд очоод тоглоход Монгол Улс гэдэг ийм урлаг соёлтой ард түмэн гэдгээ дэлхийд харуулж, гайхуулж чадсан хамт олон энд ажилладаг юм даа. Манайх дээр үед сэдэвчилсэн концертуудыг их тоглодог байсан. Сүүлийн 1980-аад оноос эхлээд дуулалт жүжиг, дуурийг хүртэл уран бүтээлчид маань тавьж байлаа. Дэлхийд манай үндэсний урлаг бол нэлээд дээгүүр байр эзлэж явдаг шүү дээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.