| | USD/MNT 0₮

Д.Баатарсайхан:Энэ жил ерөнхий шалгалтын онцлог нь ярилцлага байхгүй, зөвхөн шалгалтаар авна

Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан.

Ерөнхий шалгалтыг энэ сарын 4-ны улс, орон даяар зохион байгуулах бөгөөд шалгалтад оролцохоор 16218 хүн бүртгүүлжээ. Энэ удаагийн шалгалтын онцлог, бэлтгэл ажлын талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, төрийн албаны ерөнхий шалгалтын төв комиссын дарга  Д.Баатарсайхантай ярилцлаа.

-Энэ удаагийн ерөнхий шалгалтын онцлогийн тухай тодруулахгүй юу?

-Төрийн албаны хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн найруулгаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн гол онцлог нь өмнө “төрийн албанд орох иргэний шалгалт” гэдэг ерөнхий нэг агуулгатай байсан бол ерөнхий болон тусгай шалгалттай болсон. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын удирдах албан тушаалд, төрийн үйлчилгээний албаны төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт гээд өөр нэг шалгалтын журамтай. Түүнчлэн шатлан дэвших ажиллагааг зохицуулсан шалгалтын журмуудаар явж байгаа. Энэ жилийн шалгалтын тухайд комиссын оролцоо бага. Өөрөөр хэлбэл хүний оролцоогүйгээр цахим технологид суурилсан байдлаар явагдана. Ерөнхий шалгалтад оролцогчид гурван төрлийн шалгалт өгнө. Эхний хэсэгт хууль эрхзүйн мэдлэгийг шалгана. Үүний хажуугаар Монгол улсын түүх, нийгэм, эдийн засаг, соёлын асуултууд хавсаргасан байгаа. Хоёрдахь шалгалтын хүрээнд Монгол хэл, бичгийн ярианы болон бичгийн чадварыг сорьсон даалгаврууд байна. Үүгээр крилл бичиг, уламжлалт хуучин монгол бичгийн чадварыг шалгана. Гуравдугаарт, асуудал шийдвэрлэх хүрээнд логик сэтгэгээг сорьсон даалгаврууд ирнэ.

-Энэ жилийн шалгалтын онцлог нь юу байгаа вэ?

-Шалгалтад орсон иргэдийн боловсрол, мэргэжил туршлагыг нь харгалзахгүйгээр бүртгэл хийж байгаа. Тийм учраас сэтгэцийн эмгэг өвчин, авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бол хэн ч төрийн албаны шалгалт өгөх эрх нь нээлттэй.

-Сорилын ном олдохгүй байна гэх гомдол цөөнгүй сонсогддог. Шалгалтад бэлтгэх боломжийг хэрхэн хангаж ажилласан бэ?

-Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэл ажлын хүрээнд шалгалтын гарын авлага номыг цахим хэлбэрээр хариутай нь өөрийн цахим хуудсанд байршуулж нийтэд мэдээлсэн. Мөн өдөрт 25-30 сорил даалгаврыг цахим хуудсандаа оруулж байгаа. Энэ нь шалгалтад бэлтгэж байгаа иргэд цахимаар өдөрт 25-30 сорил өөрийгөө бөглөн шалгах боломж олгож буй туслалцаа юм. Гуравдугаарт хөдөө, орон нутагт интернетээс хол алслагдсан иргэдэд зориулан шалгалтын гарын авлага номоо цаасан хэлбэрээр хэвлэсэн.

-Өмнөх шалгалтаар орон нутгийн иргэд тун хангалтгүй оноо авсан. Үүнд ямар шалтгаан, нөлөөлсөн бол? Сорилын ном, гарын авлагын хүрэлцээ хангалтгүй байна уу?

-Хөдөө орон нутаг руу цахимаар, цаасаар ч сорилын ном, гарын авлагыг явуулж байна. Хувь хүн  өөрөө “Би төрийн албанд орно” гээд зорьж л байгаа бол боломж нь бий. Хаана байгаагаас үл хамааран уншиж бэлтгэсэн хүн л тэнцэнэ. Хэн нэгнээс бэлэн зүйл хараад сууж байгаа хүн тэнцэхгүй шүү дээ. Би шалгалтын асуудал хариуцдаг хүний хувьд хэлэхэд  шалгалтын өглөө 08.30 цагт эхэлнэ гэж анхааруулаад байхад 08.31 минутад ирдэг. Тэгэхээр энэ жилийн шалгалтад цаг чанга барина. Бид сарын турш бүртгэл явуулж, 30 хоногийн туршид өдөр, шөнө ялгалгүй сервер ажиллаж байхад эхний 25-26 хоногт бүртгэлд хамрагдахгүй. Сүүлийн 3-4 хоногт олноороо бүртгүүлэх гэж сервер гацаадаг. Тэгээд биднийг бэлтгэсэнгүй гэж загнадаг.

-Шалгалтын хугацаа дөхөхөөр байгаа газраа солино гэсэн хүсэлтийг шалгуулагчид гаргадаг гэх?

-Тийм. Нэг асуудал шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Улаанбаатарын иргэн гэнэтхэн Өвөрхангай руу шилжинэ гэдэг. Бид цахимаар мэдээллэсэн. Аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд шилжилт хөдөлгөөнийг хийж өгье гэсэн. Харамсалтай нь 26-нд хуваарь мэдээлсний дараа “Би шилжих байсан юм” гэдэг. Бид шалгалтыг зохион байгуулахын тулд тодорхой хэмжээний шинэлэг үйл ажиллагааг явуулж байна. Үүнийг албаар эсэргүүцэж байгаа мэт үйлдлийг иргэд гардаг. Цахимаар номоо гарга гэхээр нь цахим болгочихоор цаасаар гарга гэнэ. Ингэж зохион байгуулалттай юм шиг асуудал бидний өмнө тулгарч байдаг.

-Шалгалт өгсөн зарим иргэн “Ном цээжлээд байдаг гэтэл асуулт нь ирсэнгүй. Хэзээ ч тэнцэхээргүй даалгавар байсан” гэх нь бий. Сорилын агуулгын тухайд?

-Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна. Япон, Солонгос, Сингапур улсын туршлагыг шалгалтын агуулгад нэвтрүүлж байгаа. Бусад оронд төрийн албан хаагчийн шалгалтыг голдуу хандлага, зан үйл, ярилцлагын хэлбэр дээр тулгуурлан явуулдаг. Харин манай монголд ийм хэлбэрээр явуулах боломж бүрдээгүй байна. Учир нь ярилцлагаар авах гэхээр цөөн хүн амтай учраас манай тэр, энэ шалгалтад орж байна, дэмжээрэй гээд хэлчихдэг. Гэтэл шалгуулагч нэг үг ч дугараагүй байхад өндөр оноо авч байсан тохиолдлууд өнгөрсөн жилүүдэд гарч байсан. Ерөнхий шалгалтын онцлог нь ярилцлага байхгүй. Зөвхөн шалгалтаар авна.

Харин албан тушаалын буюу тусгай шалгалтад ярилцлагын шалгуур орж ирнэ. Өнгөрсөн жил бид нийт шалгалтад ирэх тестийн 40 хувийг жишиг байдлаар гарын авлагаар хэвлэн нийтэд зарласан. Үлдсэн 60 хувь нь тестийн санд буюу компьютерийн программд нууцаар хадгалагдаж байсан. Үүнийг манай иргэд, олон нийт унших юмаар дутмаг байна гэж шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл бид жишгийг нь гаргаж өгөөд бусдыг нь өөрөө холбогдох ном, товхимол, гарын авлагаас уншаад бэлтгэ гэсэн. Үүний цаана төрийн албанд үнэхээр мэдлэг чадвар эзэмшсэн албан хаагч оруулах гол зорилго бий юм.

-Өнгөрсөн жил орон нутагт шалгалт өгсөн шалгуулагчид хангалтгүй оноо авч тэнцсэн хүн ховор байсан. Хэр бэлтгэсэн байгаа бол?

-Хувь хүний л хариуцлагатай холбоотой асуудал.

-Уншиж байж л тэнцэнэ. Сохор азанд найдах боломжгүй, тийм үү? Та шалгуулагчдад хандан зөвлөгөө өгөхгүй юу?

-Төр чадварлаг боловсон хүчин, хүний нөөцтэй байх ёстой. Тиймээс төрийн албан хаагч болохын тулд өөрийгөө бэлдэх нь зүйтэй. Наад зах нь албан бичгийн төсөл бэлтгэдэг аргазүйд суралцсан байх, архив, албан бичиг хөтлөлтийн стандарт мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бичгийн цаасны хэмжээ хаанаас хэдэн см хэмжээтэй байх, өгүүлбэр хаана голлох, гарын үсэг, гарын үсгийн тайлал хаана байх, тамга, тэмдэг хаана дарагдахыг мэдэж байх ёстой. Энэ чиглэлийн үүрэг, даалгаврууд жилээс жилд төрийн албаны сорил, даалгаварт орсон байдаг гэж л хэлмээр байна.

-Шалгалтын сорилыг сулруулсан уу?

-Сулруулаагүй. Багаар ажиллах, дүн шинжилгээ хийх гэх мэт олон сорил даалгаварыг боловсруулсан байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Шалгалтад орсон иргэдийн боловсрол, мэргэжил туршлагыг нь харгалзахгүйгээр бүртгэл хийж байгаа. Тийм учраас сэтгэцийн эмгэг өвчин, авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бол хэн ч төрийн албаны шалгалт өгөх эрх нь нээлттэй.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.