| | USD/MNT 0₮

Ш.Чимэдцэеэ:Д.Түвшинжаргалыг буруутгаж байгаадаа гол биш Гэр бүлийн тухай хуулийг өөрчилмөөр байна

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өчигдөр хэвлэлийнхэнд хандаж Дуунд залбирсан тавилан тоглолтоо хийх гэж байгаа талаараа мэдээлэл хийсэн юм. Мөн түүнчлэн тэрбээр өөрийн өмч хөрөнгө болох байраа олон жил хамтран амьдарсан Д.Түвшинжаргалд алдах дээрээ тулаад байгаа юм.

Жил болгоны арваннэгдүгээр сард өөрийн бие даасан тоглолтоо хийдэг уламжлалтай бөгөөд найман жил завсарласан байгаа юм байна. Энэ удаагийнх нь  тоглолтыг Сүхбаатарын эмэгтэйчүүд зохион байгуулж өгөхөөр болжээ. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Найман жилийн дараа та “Дуунд залбирсан тавилан” тоглолтоо хийх гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Би жил бүр уран бүтээлийн тоглолт хийдэг байсан. Сүүлийн найман жил өнжсөн байна. Өнгөрсөн жил тоглолтын товоо гаргасан ч хийж чадаагүй өнөөдөртэй золгожээ. Ингээд өнгөрсөн онд төлөвлөснөөрөө ирэх арваннэгдүгээр сарын 28-нд миний бие даасан “Дуунд залбирсан тавилан” тоглолт UB паласын концертын их танхимд болно. Дуунд хайртай ард түмний хувьд их хүлээлттэй байх шиг байна.

-Тоглолтод нь ямар уран бүтээлчид оролцох вэ. Ганц өдөр болох уу?

-Би Ардын жүжигчин Б.Норовбанзад багшийгаа байхад амьд сэрүүн байхад нь уран бүтээлийн цэнгүүндээ байнга оруулдаг байлаа. Харин багшийгаа бурхан болсноос хойш Ардын жүжигчин Долгорыгоо тоглолтоддоо оруулдаг болсон.  

Энэ удаагийн тоглолтоо арай өөрөөр хийе гэсэн бодолтой байна. Миний шавь нар өсч торнисон байна. Шавь нартайгаа мөн Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ орно. Энэ чуулгыг долоон хүнтэй байхад нь би орж байлаа. Одоо бол 20 гаруй хүнтэй болжээ. Уртын дууны холбоо гэж бий. Тэднийхээс 108 дуучин оруулна гэдгээ хэлсэн. Увертюра хамтлагийнхан оролцоно. Миний "Чанадын чанадаас" гэсэн хамтлаг бий. Тоглолт их сайхан болно доо. Би ч өөрөө тоглолт хийхийг маш их хүсч хүлээжээ. Нөгөө талд үзэгчид ч хүлээсэн байдалтай байна. Тасалбар худалдаанд гарсан байгаа. Тасалбарын хажуу талд миний CD бий. Надад байгаа 1000 тасалбар бараг зарагдаад дуусчихсан шүү. 

“-Дуунд залбирсан тавилан” дууныхаа шүлгийг та өөрөө бичсэн билүү?

-Тиймээ. Хөгжмийг нь Морин хуур чуулгын удирдаач Д.Түвшинсайхан хийсэн. Миний тавилан бол дуунд залбирсан тавилан. Би дууны төлөө төрж, дууны төлөө амьдарсан хүн дээ. Насаараа ард түмнийхээ дунд хайрлагдаж хүндлэгдэж иржээ. Нэг хүний хайр дутагдах нь яах вэ, нийтийн хайранд явна гэдэг их сайхан юм даа. Монгол Улс 3 сая гаруй хүнтэй гэхэд нэг сая хүнийх нь хайранд өлгийдүүлж яваа даа би.

-Таны амьдралд асуудал үүсээд удаж байна. Танд туслах хандивын аяныг нээсэн байгаа юм билээ?

-Тоглолтоос гадна хандивын аян нээсэн байгаа юм билээ. Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүд Солонгост ажиллаж амьдардаг Ариунжаргал, Япон улсад ажиллаж амьдардаг Энхтуяа гэж хоёр хүн “Ардын жүжигчин, ард түмний хайртай дуучин Ш.Чимэдцэеэдээ туслая” гэсэн хандивыг эхлүүлсэн байгаа. Одоогоор Монголчуудаас 3 гаруй сая төгрөг цугласан байна. Санаачлагч нь дээрх хоёр эмэгтэй байгаа юм. Хандив бол тоглолтоосоо тусдаа

-Олон жил хамт амьдарсан хань ижил тань таны байрыг авахаар шүүхээр хөөцөлдөж явсаар байгаад давж заалдах шатны шүүх дээр таныг ялсан гэх. Байрны асуудал нь юу болсон бэ?

-Д.Түвшинжаргалын нэхэмжлээд байгаа байр бол 2002 онд Сүхбаатар аймгийн иргэн Б.Мөнхцэцэг гэж эмэгтэй худалдаж авсан байдаг. Тэр эмэгтэй төлбөрийг нь 100 хувь барагдуулсан байдаг. Ингээд АЖ хүртсэн нутгийн эгчдээ бэлэглэж байна гээд надад өгсөн. Хариуд нь би өөрийн эзэмшлийн газраа өгсөн байдаг.с2003 онд Түвшинжаргал хуулийн байгууллагад гаргасан нэхэмжлэлдээ “Энэ би байрыг захиалж бариулсан, гэрээ хийсэн” гэдэг.

-Яг шүүхийн шатанд ямар асуудал үүссэн бэ?

-Шүүгч Д.Түвшинжаргалаас энэ маргаантай байгаа дөрвөн өрөө байр, грашийн гэрээг хэн анх хийсэн бэ гэж асуухад тэрбээр “Мөнхцэцэг гэж хүн хийсэн юм билээ” гэж хариулсан. Шүүгч та төлбөрийг нь хийсэн юмуу гэхэд “Би төлөөгүй” гэж хариулсан байдаг. Ийм байхад давж заалдах шатны шүүх дээр шүүхийн шийдвэр гарч байрыг нь Д.Түвшинжаргалд өгөхөөр болсныг гайхаад байх юм. Болсон явдал ерөөсөө ийм. Анхан шатны шүүх дээр би ялсан. Давж заалдах шатны шүүх дээр би ялагдчихаад байна. Өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг суллуулж авна гээд байдаг. Шүүхийн тогтоол шийдвэр бол шийдвэр байх. Ингээд би тэвдэж эхэлсэн.

-Анх хэдэн сая төгрөгөөр авсан байр юм бэ?

-Анх 64 сая төгрөгөөр Мөнхцэцэг гэж эмэгтэй авсан шүү дээ. Тухайн үед байрны гэрчилгээ гараагүй байхад Д.Түвшинжаргал надтай гэрлэлтээ батлуулъя гэж шавдуулсаар байгаад нэг өглөө дагуулж очоод батлуулчихсан. Баталгаагаа барьж явж байгаад өөрийнхөө нэр дээр болгосон байсан. Тэрийгээ надаас олон жил нуусан байгаа юм. Та нар намайг мэднэ дээ, би намрын тэмээ шиг л амгалан хүн дээ. Цоо шинэ байр машины зогсоолтойгоо 10 гаруй жилийн дараа 360 сая төгрөг болсон байдаг. Өөрийнхөө байрны тал мөнгийг Д.Түвшинжаргалд төлж байгаа. Би худлаа хэлэхгүй дээ.

-Д.Түвшинжаргал ярихдаа “Би тэр хүнийг шүүхэд өгөөгүй. Таныг шүүхэд өгсөн” гэж ярьсан?

-Тэр хүнийг надаас салаад явахад нь би Ланд крузер машинаа ч өгч байсан. Ингээд хэдэн жил боллоо. Би гэрлэлтийн баталгаагаа салгуулъя гээд шүүхэд өгтөл зөрүүлээд “Байрыг чинь авна” гээд шүүхэд өргөдөл гаргасан байгаа юм. Байр битгий хэл Сүхбаатараас чирч ирсэн хэдэн ноорхой хивс, угаалгын машин тоос сорогчийг хүртэл авна гэсэн. Уг нь тэр хүнээс салснаас хойш авсан эд байгаа юм шүү дээ.

Нэг зүйлийг онцлоод хэлэхэд би Д.Түвшинжаргалыг буруутгахаасаа илүү Гэр бүлийн тухай энэ хуулийг буруутгаж байна. Энэ хөрөнгө хэнийх байхаасаа үл хамаараад 5-аас дээш жил амьдарсан бол хөрөнгийг нь тэс голоор нь хуваана гэж байна. Ийм хуультай юм байна. Би яах вэ, ард түмний буянаар, өөрийнхөө чадлаар өндийгөөд босоод ирнэ. Харин цаана нь гарч чадахгүй хүмүүс ямар их хэлмэгдэж байдаг болоо. Энэ хуулиа өөрчлөөд өгөөч гэж төр засаг, УИХ-ын гишүүдээс гуйж хүсмээр байна. Гэр бүлийн тухай хуулиа эргэн хараачээ. Д.Түвшинжаргалыг буруутгахаас илүүтэй, энэ Гэр бүлийн тухай хуулийг буруутгаж байгаа юм шүү.

-Шүүгчид хэт нэг талыг барьсан шийдвэр гаргачихаж байгаа юм бишүү?

-Шүүгчид яаж ажиллаж байгааг харах үнэхээр өрөвдмөөр юм. Тэр хүн анхан шатны шүүх хурал дээрээ “Би гэрээ хийгээгүй. Мөнгө төгрөгийг нь төлөөгүй” гэж хэлсэн байхад Давахын шүүх дээр тэр хүний талд шийдвэрээ гарчихаж байгааг хэн ч гайхна шүү дээ. Цаана нь алдар нэртэй Чимэдцэеэ байгааг  уг нь танина биз дээ. Энэ бол үнэн гунигтай байгаа биз дээ. Анхан шатны шүүх хуралд би суусан. Дараагийн шатны шүүх хуралд би ажил явдалтай болоод сууж чадаагүй юмаа.

-Яг хэдэн онд гэрлэлтээ салгасан юм бэ?

-Энэ хүн 2007-2008 онд сална, салахгүй гэж явсаар салсан юм. Салахдаа эр хүн юм даа, миний шавь залуухан охинтой янз бүрээр болоод дундаасаа хүүхэдтэй болоод явсан. Яг энэ байрны маргаан бол 2014 онд эхэлсэн юм шүү дээ.

-Давж заалдах шатны шүүх хуралд яагаад сууж чадаагүй юм бэ?

-Шүүх хурлууд болж байхад миний ганц хүүгийн эхнэр бурхан болсон. Төрсөн эгч минь мөн нас барсан. Ийм хүнд зүйлтэй нүүр тулж байхад шүүхийн шийдвэр гарч намайг хохироосон. Одоо тэтгэврийн минь хамаг дансыг хаачихсан.

Д.Түвшинжаргал гэж хүнд 100 гаруй сая төгрөг гаргаад өгсөн байхад одоо дахиад 100 гаруй сая төгрөг гаргаж өг, эс бөгөөс байрыг чинь хурааж авна. Дуудлага худалдаанд оруулна гээд байгаа юм.

Нэг зүйлийг онцлоод хэлэхэд би Д.Түвшинжаргалыг буруутгахаасаа илүү Гэр бүлийн тухай энэ хуулийг буруутгаж байна. Энэ хөрөнгө хэнийх байхаасаа үл хамаараад 5-аас дээш жил амьдарсан бол хөрөнгийг нь тэс голоор нь хуваана гэж байна. Ийм хуультай юм байна. Би яах вэ, ард түмний буянаар, өөрийнхөө чадлаар өндийгөөд босоод ирнэ. Харин цаана нь гарч чадахгүй хүмүүс ямар их хэлмэгдэж байдаг болоо. Энэ хуулиа өөрчлөөд өгөөч гэж төр засаг, УИХ-ын гишүүдээс гуйж хүсмээр байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.