| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Улс орныг дампууруулж, ирээдүйг нь балласан хүн бол Ц.ЭЛБЭГДОРЖ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариуллаа. 

-Та Ардчилсан намаас бүр гарчихсан уу. АН-ын даргын сунгаа ирэх сард болно. Та оролцох уу?

-Буруу ойлголт яваад байна. Би 1990 онд МУИС-ийн багш байж байгаад АН-ны хөдөлгөөнд оролцож 30 гаруй жил явжээ. Би намасаа гараагүй ээ. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар цөөхөн хэсэг нөхөд буюу удирдлагын түвшний цөөн хүмүүс, түүний цаана байгаа хүмүүс намайг намаас хасах шийдвэр гаргасан. Би арай хасаагүй байлгүй дээ. АН-ыг үүсгэн байгуулсан, 5-6 жил намын даргыг нь хийсэн шүү дээ гээд итгээгүй лавлах бичиг өгсөн. Гэтэл үнэн гэсэн бичиг өгсөн учраас би Эрдэнэтэд бие даан нэр дэвшсэн. Би намаас гараагүй, намайг намаас хассан тэр үеийн удирдлагын зарим хүмүүс гаргасан. Гэхдээ тэд энэ шийдвэрээ засч, залруулах байх гэж итгэж байгаа. 

-Та Шударга бусын хонгилыг анх зарласан хүн. УИХ-ын гишүүн болсныхоо дараа Ерөнхий сайдтай хамтарч энэ хонгилыг нураана гэж хэлж байсан. Энэ юу болсон бэ?

-УИХ-д зүгээр суухгүй. Нэгдүгээрт шударга бусын хонгилыг нураах чиглэлээр МАН-тай хамтраад ажиллаж байна. Шүүхийн тухай хуулийн шинэчлэлд Ажлын хэсэгт нь орсон байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2016 онд Монгол Улсын цаг агаар бүрхэг байсан. Манан будан ихтэй байсан. Тэр үеийг бодвол манан будан сарниж байгаа. Тухайн цаг үед шүүхэд ажиллаж байгаа зарим хүмүүс хонгилын гишүүд болсноор завхрал их бий болсныг та бүхэн мэднэ.

-Тантай хамт мөр зэрэгцэн явж байсан намын нөхдийг чинь шоронд хорьчихлоо. Та үүнийг юу гэж харж байгаа вэ? 

-Шүүх эхлээд гэрчээр асууна гэдэг юм. Тэгээд сэжигтнээр татна, яллагдагч болгоно. Би яг тэр замналаар явсан хүн шүү дээ. Намайг хэдэн ч хэрэгт гэрчээр дуудсан юм. АН-ын даргын сунгаа явагдахаар гурван хоногийн өмнө намайг шууд яллагдагчаар татаж, олон нийт Монгол даяар цоллосон. Тэр үед үнэхээр айхтар том хонгил ажиллаж байсан. Гэхдээ бүх хүн дээр ажиллахгүй. Цаашдаа ажиллаж мэдэх, олон юм ярих, тодорхой хэмжээний мэдээлэлтэй, эсвэл АН-ын дарга болох, Ерөнхийлөгчид өрсөлдөөд байж мэдэх цөөхөн хүмүүсийн эсрэг хонгил ажилласан. Нэг нь над дээр. Нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга  ажилласан. Одоогийн нөхцөл байдлыг би үнэлж хэлж мэдэхгүй байна. Нэг юмыг хатуу хэлэхэд шударга бусын хонгил нураагүй байна. Толгойг нь сольсон. Их бие, хөл гар хавиар зөндөө юм байх шиг байна. 

-Та АН-ын дарга байсан хүн. Танай нам одоо сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна гэж шүүмжилж байна. Намын ч байргүй хэцүү байдалтай байна гэх? 

-АН одоо УИХ-д 11 гишүүнтэй. Үүний 4 нь хуучин, 7 нь шинэ гишүүд. Тэгэхээр шинэдэж байгаа байх. Удахгүй чангарна гэж итгэж байна. Н.Алтанхуяг намын дарга байхдаа АН-ын байрыг зарсан гэдгийг С.Эрдэнэ гаргаж тавьсан. Гэтэл би намын байр зараагүй. Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад шийдвэр гаргаад, тэр байшинг зарсан.

Харин хожим надтай холбоод байхаар нь материалыг нь авч үзэхэд Улаанбаатар банк авсан байна билээ. Би Ерөнхий сайд байсан хүн юун намын байр зарах манатай. Дуудлага худалдаа нэрээр Улаанбаатар банкинд зарсан байдаг. Нууц биш 7 орчим тэрбумаар  дуудлага худалдаагаар зарсан. Тэр мөнгийг юунд зарсан, үрсэн гээд одоо асуудал үүсч байгаа.

Манай нам байргүй биш, байртай. Төв шуудангийн урд хоёр давхар. Би тэнд байсан. Гэхдээ намын байрны том, жижиг огт хамаагүй. Манай нам тэр жижиг байранд байхдаа л ялалт байгуулж байсан. Байр саваа голохоосоо илүүтэй үнэтэй цэнэтэй зүйлийнхээ төлөө, ард түмнийхээ төлөө цохилох зүрх сэтгэлтэй байхад нам байртай байна уу үгүй юу хамаагүй. 

-АН-ын чадамж яг ямар байгаа юм бэ?

-Миний бадрангуй тэмүүлэл буураагүй байна. Явцын дунд гажуудал гарсан уу гэвэл гарсан. Олон хүнийн найдаж харж лидер гэж харж байсан хүмүүсээс алдаа завхрал гарсан. Бадрангуй тэмүүлэл бөхөөгүй байгаа шүү.  Манай ард иргэдийн дунд ч нам унтраагүй гэдгийг саяын орон нутгийн сонгуулиар та бүхэн харсан биздээ. Манай намыг бусад намтай харьцуулаад хэрэггүй дээ.

-Стратегийн орд газрыг та юу гэж харж байна вэ?

-Байгалийн баялаг дээр эрэлт нийлүүлэлт шударга өрсөлдөөн байхгүй. Үндсэн хуулиар бол ард түмний өмч. Гэтэл нэг лиценз авчихсан хүн яахаараа тэрний эзэн болчихдог юм бэ. Тийм учраас би Ерөнхий сайдын явуулж байгаа байгалийн баялаг ард түмнийх байна гэдэг дээр бодлогын хувьд санал нийлдэг. Төр байгалийн баялаг дээр анхаарлаа тавьж эзэн болох ёстой.

-Ачит ихт компанийн удирдлагуудтай холбоотой маргаан ямар шатанд явж байгаа вэ. Та нар хоорондоо тэмцэлдээд байдаг хэрэг үү?

-Та нарын тэмцэл гээд байх юм. Энэ Ачит ихийг би авахгүй. Байгалийн баялагийг ярьж байна. Байгалийн баялагаас бизнес эрхэлж байгаа олон мянган хүнд баяр хүргэж дэмжинэ. Манай Засгийн газар баялагийг бүтээж байгаа хүмүүсийг дэмждэг байсан. Харин баялагийг дээрэмдэж байгаа хүмүүсийг дэмжихгүй, тэдний эсрэг тэмцдэг. Намайг Элбэгээ, Цагаан хоёртой тэмцдэг гээд ойлгоод байх юм. Ачит ихт дээр байгаа 2 тэрбум ам.доллар бол чиний юм биш Эрдэнэтийн юм гэж ойлгуулж байгаа. Харин одоо 34 хувийг нь төр авахаар болж байгаа юм билээ. Анх төрд байсан. Гэтэл эд нар луйврын аргаар авсан юм. Нэг нь Ерөнхийлөгч, нөгөө Тамгын газрын дарга байхдаа луйвраар авчихсан байхгүй юу. Буцаагаад төр авч байгаад баярлаж байна. Тэд нарын мөнгө гэж байхгүй. Эрдэнэтийн баялагийг ашиглаж 30 сая ам.долларын цэвэр ашиг олчихоод хэвлэл мэдээллийг худалдаж авч, бусдын тархийг угаасан байдаг. Цэвэр ашиг нь жилд 30 сая ам.доллар гэж боддоо. Монголд бол байгалийн баялагийн тэмцэл яваад байгаа нь үнэн.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намдаа буцаж ирлээ. Энэ хүн ирснээр нам шинэчлэгдэх үү. Та хэрхэн харж байна вэ. Ц.Элбэгдорж намаа авья гэвэл та яах вэ? 

-Улс орныг дампууруулж, Монгол Улсын ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэн хүнтэй сөргөлддөг хүн биш. Үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас захиа илгээхдээ танд нэлээн хатуу үг дайсан. Та энэхүү захидлын хариуд юу гэж хэлэх вэ? 

-Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар энд хүрээд ирэх хэрэгтэй. Би эх орноосоо урвадаггүй хүн. Анд нөхдийн харилцаа анд нөхдийн харилцаа. Эх орноо худалдах гэдэгтэй би эвлэрч чадахгүй. Амьдрал их баян шүү. Хүмүүс ирж л байдаг. Явж л байдаг.

-Төсвийн асуудалд та нэлээд шүүмжлэлтэй хандсан?

-Яг энэ удаагийн төсөв бол Ковидын төсөв биш юм шүү. Ковидын төсөв гэдэг хүнд байна гэж хэлээд төрийн болон оффисын байр барихыг шууд зогсоох хэрэгтэй. Гэтэл 18 тэрбумаар яамны байр барина гээд 3 тэрбумыг төсөвлөөд явж байдаг нь ковидын төсөв мөн юмуу. Хэвийн үеийн төсөв байна. Тийм учраас өр шир нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлдгийг болих хэрэгтэй.

-Та ирэх сард болох АН-ынхаа хуралд оролцох уу. Та намын даргад нэр дэвших үү? 

-Би намаасаа өөрөө гараагүй. Намайг хассан бичиг өгсөн.  Хэрвээ хассан бичгээ хүчингүй болговол би хуралдаа орно. Ер нь ч тэгээд намын гишүүд дэмжвэл юу ч хийсэн болно. Би энэ намд их олон ажилласан юм. Их сургуулийн багш байхдаа л ажиллаж эхэлсэн. Амьдрал бол уналт ялалт байдаг гэдгийг мэдэрсэн.

-Ерөнхийлөгчийн сонгууль хэдийнэ эхэлжээ. Одоогийн Ерөнхийлөгч дахин үзэх боломжтой юу? 

-АН зохион байгуулалтаа хийгээд явах байх. Хэн нэр дэвшихээс шалтгаалж, дэмжих эсэхээ шийднэ. Мэдээж нэг хүн нэр дэвших л байх. Хэн ч дэвшсэн яах вэ дээ.

-МАНАН бүлэглэл нурсан уу? 

-Нураагүй ээ, нураагүй. Эрдэнэтийн 49 хувийг яана гэнэ үү. Тэр 49 хувийг төр авсан юм байх гэсэн чинь хэлэлцээ хийнэ ч гэх шиг. Хулгайч дээрэмчинтэй хэлэлцээ хийдэг төр байж болох уу. Би нураагүй гэж харж байгаа. Нөгөө тал дээр хууль хяналтын байгууллага дээр ч бүрэн гүйцэт цэвэрлэгээ хийгдээгүй л байна. 

-Эрдэнэтийн 49 хувийг булааж авна гэсэн үг үү?

-Дээрэмдээд авсан юмыг буцаагаад л авах ёстой шүүдээ. Хэний өмч байсан юм ОХУ-ынх байсан. Хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр гэж бий. Хоёр улсын хоорондын гэрээг УИХ өөрчлөх ёстой. Тэгэхээр энэ бол хулгай дээрэм шүү дээ. Хуулиар далайлгаж хүний өмчийг авахыг эсэргүүцнэ. 

-Та намаа шинэчлэх гээд фракц байгуулаад байсан. Тэр юу болсон бэ? 

-Би чинь жигүүрхэн, мигүүрхэн байгуулаад явдаг хүн биш л дээ. АН гэж том нам байгаа. Мундаг нам. Их олон хүсэл, их олон хүний бадрангуй тэмүүлэл төвлөрсөн нам. 

 

 

 

 

Улс орныг дампууруулж, Монгол Улсын ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэн хүнтэй сөргөлддөг хүн биш. Үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.