| | USD/MNT 0₮

Д.Түвшинжаргал:Ш.Чимэдцэеэтэй 23 жил амьдарсан нь үнэн, тэр хүн л намайг шүүхэд өгсөн

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, Ш.Чимэдцэеэ хоёрын хувийн амьдралын дуулиан үргэлжилсээр.

МУАЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгийг олон жил хамт амьдарч байгаад салсан МУАЖ Д.Түвшинжаргал шүүхийн шийдвэрээр авах дээрээ тулаад байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн байгаа юм. Олон нийтийн ойлгож буйгаар Гэр бүлийн тухай хуулиар хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Гэхдээ Ш.Чимэдцэеэгийн байрыг олон жил хамт амьдарсан Д.Түвшинжаргал авахаар улайрч байгаа нь эрийн шинжгүй шуналын тулам гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа юм.

Харин байраа шүүхийн шийдвэрээр алдахад хүрсэн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд Сүхбаатарчууд туслаж дэмжиж байртай болгох аяныг эхлүүлж, мөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсноо ч мэдэгдсэн байгаа юм.

Ингээд Ардын жүжигчин Д.Түвшинжаргалтай ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн 2019 онд Ардын жүжигчин хэмээх хүндтэй шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авсан билээ.

-Сайн байна уу та, сайхан намаржиж байна уу?

-Сайхан, намаржаа тавлаг байна даа.

-70 жилийн түүхтэй Үндэсний урлагийн их театр уран бүтээл арвинтай ойгоо угтаж байна. Ахмад уран бүтээлчийн хувьд ойн талаар сэтгэгдлээ хуваалцана уу та?

-За баярлалаа. Энэ сайхан театрт би 33 жил ажилласан байдаг. Уртын дууны болон ардын дууны гээд 13 гавьяат, хоёр Ардын жүжигчинтэй байхад би 25 настай орж ирж байлаа. Тэгээд 33 жил энэ сайхан алтан тайзан дээр уртын дуугаа шуранхайлж, уран бүтээл хийсэн байна. Найз нөхөдтэйгээ хамтарч олон сайхан уран бүтээлийг хийж иржээ. Бид Алтан үеийн гэж ярьдаг даа. Үеийн үед уламжилж ирсэн ардын урлагийг дамжуулан өртөөлж иржээ. Сайхан дурсамж юм даа.

-Уртын дууны салбараас төрсөн Ардын жүжигчдийн нэг болсон. Та хэдэн оноос энэ уртын дууны шуранхайтай амьдралаа холбосон бэ?

-Би сүүлийн 36 жил уртын дуу дуулж явна. “Энэ урлагт төгс төгөлдөр суралцана гэж байдаггүй” хэмээн Н.Норовбанзад багш маань 73 настайдаа хэлж байсан.  Багш минь төрөлхийн сайхан увидас, авьяастай хүн байлаа. Харин олон жил дуулж, ард түмнээ баясгасныхаа дараа “Бүрэн дүүрэн сурна” гэж байдаггүй юм гэжээ. Үүгээр уртын дууны гайхамшгийг улам тодотгосон байна. Энэ үгний үнэ цэнийг өөрийн биеэр амсч, ойлгож, ухаарч явна. Тэр сайхан багш нар, энэ агуу урлагийн буянаар би сайхан амьдарч ирлээ. Ж.Дорждагва багш маань 1934 онд БНМАУ-ын Гавьяат цол хүртэж байсан юм билээ. Түүнээс хойш 86 жилийн дараа эрэгтэй уртын дуучин Ардын жүжигчин цол хүртсэн нь би. Маш их баярлаж байлаа энэ бол түүх юм даа.

-Таны хувьд уртын дуугаа шавь нартаа зааж байна уу. Нийт хэчнээн шавьтай вэ?

-Тиймээ. Ахмад уран бүтээлийн хувьд уламжлагдаж ирсэн уртын дуугаа өөрийн шавь нартаа зааж сургаж байна. Нийт 20 гаруй шавьтай. Одоо Монгол Улсын Консерваторийн уртын дууны ангийн зөвлөх багшаар ажиллаж байна. Багшаар 17 жил ажиллажээ.

-Тантай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад их удлаа?

-Юу билээ.

-Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг шүүхийн шийдвэрээр таныг авахаар болсон гэх мэдээллийн талаар тэр хүн тайлбар хийсэн байсан?

-Би энэ хүнийг шүүхэд өгөөгүй. Тэр хүн л намайг шүүхэд өгсөн. Тэр хүнтэй 23 жил амьдарсан минь үнэн. Нуух зүйл байхгүй. Шүүхийн асуудал, шүүхийн шийдвэр яаж гарахыг би мэдэхгүй шүү дээ.

-Тэр яриад маргаан болоод байгаа байр яг хэнийх нь юм бэ?

-Тэрийг би мэдэхгүй, шүүх л мэдэх байх.

Би энэ хүнийг шүүхэд өгөөгүй. Тэр хүн л намайг шүүхэд өгсөн. Тэр хүнтэй 23 жил амьдарсан минь үнэн. Нуух зүйл байхгүй. Шүүхийн асуудал, шүүхийн шийдвэр яаж гарахыг би мэдэхгүй шүү дээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (117)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.