| | USD/MNT 0₮
НББХ-оор УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Н.Учрал хэлэхдээ “Өнөөдөр манай улсад өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай, шийдлээ хүлээж хүлээж буй олон асуудал байна. Түүний нэг нь тэтгэврийн систем юм. Статистикаас харахад нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улс эх орондоо насаараа ажиллачихаад ийм бага хэмжээнд тэтгэвэр тогтоолгож буй системд заавал салхи оруулах хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч энэ байдал арилахгүй, өнөөдөр 30 настай залуу хүн шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч үр хүүхдээсээ хараат, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй тэтгэвэр авдаг байдал үргэлжилнэ. Тийм учраас өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг нь болж чадахуйц тэтгэврийн системийн өөрчлөлтийг санал болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн” гэлээ.
Тэрбээр мөн хуулийн төсөл батлагдвал өнөөдөр ажил хийж байгаа залуу хүн тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр аваад зогсохгүй 2 дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлал үр хүүхдүүдэд нь өвлөгдөх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Гэвч гишүүд хэлэлцээд Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Тиймээс хууль санаачлагчид нь төслийг буцаах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Харин энэхүү Тэтгэврийн шинэчлэлийг дэмжээгүй долоон гишүүнийг танилцуулж байна.