| | USD/MNT 0₮

Баян-Өлгийчүүд Улсын начин Н.Мустафадаа хоёр өрөө байр авч өгөх тендер зарлажээ

Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар “Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох”  110 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарлажээ. Тус аймгийн ИТХ нь 2020 оны ээлжит бус 11-р хуралдаанаараа 92 дугаар бүхий тогтоол үйлдэж ийнхүү байр авч өгөх шийдвэрийг гаргасан байх юм.

Зарлагдсан тендерийг энд дарж үзнэ үү

Өнгөрсөн жил Улсын начин цол хүртэж, Баян-Өлгийчүүдээ баярлуулсан бөхдөө нутгийн удирдлагууд нь хоёр өрөө байр бэлэглэчихэж чадахгүй, чансаа байхгүй. Аргагүй эрхэнд тендер зарлаж, начнаа орох оронтой болгох гэж хичээж байгаа нь инээдтэй ч нөгөө талаараа эмгэнэлтэй харагдаж байна шүү. Аргагүй л манай эх орон бөхийн эх орон юм, начин цол хүртсэн хүнд хүртэл татвар төлөгчдийн мөнгөөр байр сав авч өгөхөөр тендер зарлаж байгаа нь харахаар гэж олон нийт шүүмжлэхээс илүүтэй элэг доог хийж байгаа харагдана.

Уг нь өнгөрсөн есдүгээр сард Баян-Өлгий аймгийн М.Икей баатрын нэрэмжит Өлгий хотын төв талбайд Улсын начин Нурланы Мустафад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болсон.

Тодруулбал, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” компанийн бөх Нурланы Мустафад нутгийнхан нь хүндэтгэл үзүүж, энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлагууд 2016 онд баталсан "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-ын дагуу Н.Мустафагийн амжилтыг хоёр өрөө байраар мялаасан.

Мөн “Өлгий хүчтэн” бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, бизнес эрхлэгч Ж.Нурбек хувиасаа улсын начин Н.Мустафад “Land cruiser-200” автомашин бэлэглэсэн талаар мэдээ гарч байсан. Гэтэл шинэ начин орох оронгүй болоод Орон нутгийн өмчийн газар нь хоёр өрөө байртай болгохоор ийнхүү тендер зарлав уу. Эсвэл начин цолны хүндэтгэлийн арга хэмжээнд нь "байлсан" хүмүүс байр, машинаа өгөөгүй юм болов уу. 

Дашрамд дуулгахад, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа өнгөрсөн 2019 оны Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын их баяр наадмын тавын даваанд тухайн жилийн түрүү бөх Э.Оюунболдод өвдөг шороодон Монгол Улсын начин цолыг атгаад алдаж байлаа.

Өдгөө 28 настай түүний хувьд анх 2012 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин”, 2014 болон 2015 онуудад нутгийн баяр наадамд дараалан үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан, арслан цолны болзол хангаж байсан юм.

Н.Мустафаг бөх сонирхогчид олон жил улсын цолонд хүрнэ хэмээн итгэж байсан бөгөөд тэрбээр 2018 онд зохион байгуулагдсан Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, улсын начин С.Дангаасүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд болон Наурызын баярт зориулсан барилдаанд дараалан түрүүлж өлгий нутгийн дараагийн хүчтэн гэдгээ харуулж байсан.

Харин энэ  жил санасандаа хүрч Баянхонгор аймгийн Улсын харцага Н.Золбоогоор дөрөв, Булганы Улсын өсөх идэр начин Э.Энхбатаар тав давж "Монгол Улсын начин" цолыг хүртсэн билээ. 

Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар “Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох” 110 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарлажээ. Тус аймгийн ИТХ нь 2020 оны ээлжит бус 11-р хуралдаанаараа 92 дугаар бүхий тогтоол үйлдэж ийнхүү байр авч өгөх шийдвэрийг гаргасан байх юм.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.