| | USD/MNT 0₮

Ж.Солонго:Дөрвөн сая ам.долларын тоног төхөөрөмж авчихвал кино урлаг сэргэнэ

Манай улс 30 жилийн дараа Соёлын яамаа дахин байгуулж сайдаар нь түүхч С.Чулууныг томилсон байгаа. Сайд С.Чулуун томилогдсон даруйдаа ярихаасаа илүүтэй олон ажил хийж хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм.

Соёлын салбартаа орхигдсон хоёр, гурван байгууллага байгаагаагийн нэг нь Монгол кино нэгтгэл ТӨҮГ байгаа юм. Тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай гэсэн хөрөнгө мөнгийг нь гаргаж, өөд нь татаж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх талаар Соёлын сайд С.Чулуун хэлсэн билээ.

Монгол кино нэгтгэл ТӨҮГ-ын захирал Ж.Солонго хэлэхдээ “Соёлын яамныхаа мэдэлд очвол санхүүгийн дэмжлэг үзүүлж киногоо хөгжүүлэх байх боломжтой. Нэг ч удаа улсаас нэг ч төгрөг аваагүй. Өөрийн өөрийгөө санхүүжүүлж яваа соёл урлагийн ганц байгууллага. Санхүүгийн асуудал үнэхээр хүндрэлтэй” гэж зовлонгоо ярив.

Түүнчлэн “Кино урлагийг дэмжих тухай хууль хийгээд таван жил болсон. Олон удаа хэлэлцсэн бөөн юм болоод одоо гарах гэж байна. Энэ хууль маш цэвэрхэн цомхон аятайхан хууль гарна. Энэ хууль гарснаар кино урлагийг засгаас төрөөс дэмжих юм байна гэсэн ойлголттой байгаа.

Хуучин үед соёл урлагийн байгууллагад өгч байсан 100 хувь мөнгөний 47 хувийг зөвхөн кино эзлэж байсан. Гэвч 1992 онд нэг ч төгрөггүй болгоод зогсоосон. Цирк, Монгол кино нэгтгэл хоёрыг биеэ даа гээд хаячихсан. Ингээд бид нар 30 жил энэ салбарыг сүйрүүлчихгүй, дулаан гэрэл цахилгааны төлбөрөө төлж, гадаад талбайгаа засч сайжруулж, өөрийн өөрсдийгөө тэжээж явна. Олон үйлдвэр дампуурсан ч кино үйлдвэр хэвээрээ байгаа шүү.

Гэвч төрийн өмчит компанийн эд зүйлсийг үнэ төлбөргүй ашиглах, үнэгүй авах гэсэн санаатай хүмүүс их ирдэг. Би төрийн юмыг хүнд үнэгүй өгөхгүй. Манайд кино хийх гэж байгаа бол мөнгөө төлөөд хий. Бүх юм нь бэлэн байна.

Кино үйлдвэрийг бүх урлаг соёлын газруудаас ганцааранг нь гаргаад улсын төсөвгүй болгочихсон. Бид нар татвар төлөгчдийн мөнгөөс нэг ч төгрөг аваагүй. Бид нар Соёлын яамныхаа мэдэлд очвол санхүүгийн дэмжлэг үзүүлж киногоо хөгжүүлэх байх. Кинонд хамгийн их хөрөнгө зардаг. Гэхдээ бид өөрсдийгөө болгож баримтад кино хийж байна, жилдээ хоёр том кино хийж байгаа. Кино урлагийг дэмжих тухай хуулийг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа учир батлагдаад гарчих байх. Одоо ганц асуудал гэвэл үзвэр. Үзвэр дээр бид бүх мөнгөө алдчихаад байна.

Нэг кино махаа зулгааж хийгээд кино театр дээр очихоор орлогын чинь 50 хувийг авна. Тэгэхгүй бол гэрээ хийхгүй гэх юм. Юу ч хийгээгүй кинотеарт 50 хувиа өгнө гэдэг үнэхээр хайран. Хэчнээн хүний хөдөлмөр шингэсэн билээ. Тэгэхээр энэ буруу тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Кино театрууд монополь болчихсон.

АНУ-д гэхэд 90 хувийг нь кино хийсэн уран бүтээлчид, 10 хувийг нь кинотеатрууд нь авдаг байх жишээний. Тэгж байхад манайд 50 хувийг нь авна гэсэн буруу тогтолцоогоор явж байна.

Уг нь бүх кинотеатрууд манай үйлдвэрийн харьяа байсан. Гэвч 1990 онд тараагаад хаячихсан. Тэгэхээр 4 сая ам.долларын тоног төхөөрөмж авчихвал кино сэргэнэ. Гэхдээ ийм үнэтэй тоног төхөөрөмж авчихаар ирж киногоо хийж чадах уу. Кино хийх процесс үнэтэй болоод байна.

Олон удаагийн төсөл хийгээд холбогдох яам болон Засгийн газарт өгсөн ч хариу алга. Ядаж 4 сая биш юмаа гэхэд 2 сая байхад болно.

Монголчууд гадаадад киногоо гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь юу байна вэ гэвэл техникийн шаардлага хангахгүй байна. Асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

Харин кино үйлдвэрийн боловсон хүчний тухайд гэвэл хангалттай байгаа. 40 гаруй хүнээс 30 гаруй нь шилэгдэж үлдсэн. Тэд нар тогтмол кино хийхэд бүрэн зэвсэг, хэрэглэлтэй байна” гэдгээ ч салбарын сайдад дуулгасан юм.

 

Монголчууд гадаадад киногоо гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь юу байна вэ гэвэл техникийн шаардлага хангахгүй байна. Асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.