| | USD/MNT 0₮

Хятадын компани Монголын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулсан гэв

-ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРӨГ НӨЛӨӨ УЧРУУЛСАН ГЭЖ ҮЗЭВ-

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Люкс нью проперти солюшн” компанийнхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшилж болохуйц байдлаар газраа ашигласан нөхцөл байдал тогтоогдсоныг хуулийн байгууллагынхан нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичигтээ тодотгожээ. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зургадугаар сард газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай захирамж гаргахдаа “Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, “Ургах наран” хорооллын урд талын авто болон төмөр замын хооронд газар ашиглагч “Люкс нью проперти солюшн” ХХК нь өөрийн ашиглалтын газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгосугай” гэжээ. Тэнд тус компанийнхан 80 мянган ам метр талбайд “Хаппи виллаж” нэртэй амины орон сууцын хороолол барьж байсан юм. 

Ийнхүү барилга барих явцдаа Туул голын нэг цутгал Хөлийн голын голдиролд үйл ажиллагаа явуулснаар хөрс нь хэсэг газраа доройтож бохирдсон, ахуйн хог хаягдлаар дүүрсэн, сул шороо ихтэй болсон нь шалгалтын явцад тодорхой болсон гэнэ. Тиймээс дээрх компанийн эзэмшиж буй газрын гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.2-т заасан “Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэх заалтыг үндэслэн хураан авсан байна. “Люкс нью проперти солюшн” компанийнхан үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулахуйц үйл ажиллагаа явуулсны зэрэгцээ Монгол Улсын төсөвт төлөх ёстой газрын төлбөр болох олон сая төгрөгийг тушаагаагүй нь дээрх хуулийн 40.1.5 дахь хэсгийн “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол хүчингүй болгоно” гэснийг зөрчсөн баримт ч тодорхой болсон аж.

Тиймээс НПГ-аас нийслэл, дүүргийн Газрын алба, Засаг дарга нарт нь албан тоот илгээж хуулийн заалтыг биелүүлэхийг шаардан нэр дурдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай дөрвөн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгуулсан гэнэ. Гэтэл тухайн аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгөө нийлүүлсэн манай улсын хөрөнгө оруулагч нар өөрсдийнхөө оруулсан мөнгийг л олж авмаар байна. Цааш нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулах, хураан авч улсын орлого болгох, эсэх нь бидэнд хамаагүй гэж буй сурагтай.

Хятадын хөрөнгө оруулалттай компанийнхан Үндэсний аюулгүй байдалд харшилж болохуйц байдлаар газраа ашигласан гэв
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.