| | USD/MNT 0₮

Б.Лакшми: 1 сая төгрөгийн цалинтай байж 2 сая төгрөг үрнэ гэж төсөвлөөд байж болохгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Иргэд баян байх, өрсөлдөх чадвартай байх хоёрыг нэг ойлголт хэмээн авч үзэх нь цөөнгүй юм билээ. Тэгвэл өрсөлдөх чадвар гэж яг юуг хэлээд байна вэ. Өрсөлдөх чадварын тайланг хэрхэн гаргадаг вэ?

-Баян байна, өрсөлдөх чадвартай байна гэдэг бол хоёр өөр ойлголт. Та сугалаанаас их хэмжээний мөнгө хожиж болно, гэхдээ түүнийгээ зах зээлийн эргэлтэд оруулахгүйгээр далайн эрэг дээр хэвтээд цагийг үр ашиггүй өнгөрүүлвэл танд өрсөлдөх чадвар алга байна гэсэн үг. Үүнтэй л ижил. Газрын баялаг ихтэй байлаа гээд тухайн улс хөгждөггүй. Харин түүнийг зах зээлд эргэлдүүлж чадах сайн менежментээс бүх зүйл шалтгаалдаг.

Дэлхийн даяар ихэнх улс орнууд мөн бүс нутгууд өрсөлдөх чадвараа ямар нэгэн байдлаар хэмжиж мөн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх бодлогууд хэрэгжүүлж байна. Иймдээ ч дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлсон тайланг хоёр байгууллага жил бүр гаргадаг.

Харин Монгол Улсын хувьд нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааг 2010 оноос хийж эхэлсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд 63 оронтой харьцуулалт хийхдээ 330 үзүүлэлтээр тооцоолол хийн гаргадаг. Энэ нь өөрөө эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн ашигтай ажиллагаа гэсэн дөрвөн дэд бүлэгт хуваагддаг. Манай улс сүүлийн жилүүдэд дандаа буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнд засаглалын үр ашиг болоод дэд бүтцийн үзүүлэлтүүд буурсан нь хамгийн их нөлөөлсөн. Үүгээрээ бид Венесуэль улстай адил болж ирсэн. Тус улс нь улс төр, эдийн засаг, засаглалын тогтворгүй байдлаараа дэлхийд “баян ходоод” болж буй. Ийм л улстай ижил түвшинд ирж байна шүү дээ, бид.

Үүгээр ч зогсохгүй дэд бүтцийн хувьд шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны дэд бүтцүүдээрээ сүүл мушгисан. Хамгийн сүүлийн тайлангаас үзэхэд Засгийн газрын татвар, хэрэглээний үнийн индекс өссөн нь өрсөлдөх чадварыг ихээр бууруулж байна.

-Улс төрийн тогтворгүй байдал нэлээдгүй нөлөөлсөн байх?

-Монголын улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлийн тайлан сүүлийн жилүүдэд огцом өссөөр байгаа. Энэ нь бүхий л шатандаа нөлөөлж байна.

-ФАТФ-ын саарал жагсаалтын эрчимтэй хяналтад орсон нь өрсөлдөх чадварт нөлөөлөх үү. Валютын ханш нэлээд савласан шүү дээ.

-Саарал жагсаалтад орсноор валютын ханш богино хугацаанд хүчтэй савласан. Үүний учир шалтгаан нь зах зээлд томоохон шок үүснэ гэж үзээд урьдчилан сэргийлэх зорилготойгоор Төв банкнаас арилжааны банкуудад өдрийн гүйлгээний хязгаарлалт тогтоогоод өгчихсөн. Гэтэл иргэд хомсдол үүснэ гэж айгаад их хэмжээний валют худалдаж авч эхэлсэн. Энэ нь эргээд валютын хомсдол үүсгээд ханшийг савлуулчихлаа.

Ер нь саарал жагсаалтад орсноор үүсэх хамгийн том эрсдэл бол нэгдүгээрт, манай арилжааны банкуудтай харилцдаг гадаадын дамжуулагч банкуудын тоо цөөрнө. Ингэснээр тэдгээрийн дунд өрсөлдөөн үгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлцэл буурна.

Иймд ФАТФ-ын захирамжийн дагуу санхүү, эдийн засгийн шинэчлэлтүүдийг хийх шаардлагатай. Санхүүгийн бусад механизмуудыг ашиглаж, эргэлтэд оруулах, олон жил яригдаж байгаа хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг хийх шаардлага тулгарлаа.

-Та эдийн засгийн бүсчлэлийг тогтоож, тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Эдийн засгийн бүсчлэл тогтооно гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Эдийн засгийн бүсчлэл гэх нэр томъёо сүүлийн нэг жилийн хугацаанд нэлээдгүй яригдах боллоо. Энэхүү бодлого нь эрх баригчдаас шууд бусаар хамаардаг. Өөрөөр хэлбэл, аль Засгийн газар гарснаас хамааран өөрчлөгддөг гэсэн үг. Өнөөдрийн түвшинд авч үзвэл, орон нутагт хамгийн том ажил олгогч нь Төр өөрөө болчихоод байна. Үүнтэй холбогдуулан орон нутагт ажлын байрны хомсдол үүсч, иргэд нийслэл болон томоохон хот суурин шилжих болсон. Иймд орон нутгийг хөгжүүлж, шаардлагатай ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай болчихоод байна. Манай улсын өнөөгийн бүсчлэл аль социализмын үед хийсэн загварчлал. Тиймээс дахин шинээр арай өөрөөр сэтгэж эдийн засгийн бүсчлэл хийхийг цаг хугацаа шаардаад эхэллээ. Зарим бүсэд бараг тав, зургаан аймаг багтаж байна. Энэ бол ихэдсэн тоо.

Хамгийн гол нь, зүүн бүсийн гурван аймаг эсвэл аль нэг бүсийнхэн эдийн засгийн хувьд орон зайгаа нөхөх, нэгнийгээ дуурайж хийх биш нэгэнд нь байхгүйг нөхөж хийдэг байвал энэ оновчтой бөгөөд бүсчлэлийн зөв шийдэл болно. Тухайлбал, ойролцоох гурван аймагт бүгдэнд нь мах боловсруулах үйлдвэр байгаад ямар ч хэрэггүй. Яагаад гэвэл тэд нэгнийхээ зах зээлийг шахаж сүүлдээ хэн нэг нь дампуурах эрсдэл хүлээнэ. Түүний оронд нэг нь махаа авдаг, нөгөөх нь арьс шир боловсруулдаг, лаазалсан бүтээгдэхүүн хийдэг ч юм уу ингэж өрсөлдөх биш нөхөх замаар явбал хөгжих, бодлого нь уялдах, дотооддоо нэмүү өртгийн сүлжээ бий болоход хамгийн дөт гүүр болно. Ганц мах ч биш бусад ямар хийж, бүтээж болох зүйл байна түүнийн бүс нутаг, төрийн бодлогын түвшинд уялдааг нь сайтар авч үзэх ёстой.

Нөгөөтэйгүүр давхцаж болох нэг боломж нь аймаг бүрт аялал жуулчлалыг хөгжүүлэх, онцлогийг нь гаргаж ирэх асуудал юм. Энэ салбар нөхөн сэргээгддэг, валютын орох урсгалыг маш сайн татах баталгаатай суваг. Зүүн бүсийн эдийн засгийн өрсөлдөх чадварын чуулганд тавьсан илтгэл, судалгааны дүнд гадаадаас нэг жуулчин ирэхэд 8-11 хүн ажлын байраар хангагддаг гэж байна.

-Тэгвэл манай улсад бизнесийн орчин ямар түвшинд байгаа вэ?

-Төрийн үүрэг бол бизнесийн орчинг зохицуулж, бий болгох юм. Өөрсдөө бизнес хийгээд, хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөх бус зөвхөн зохицуулалтын журмуудыг нь боловсронгуй болгох хэрэгтэй. Жишээлбэл, хүн ам зүйгээр нь судалж, тусгай зөвшөөрлүүдийг олгодог болох ёстой. Улаанбаатарын гудамж, булан бүрт найман нэрийн барааны дэлгүүр бий. Тэд өнөөгийн нөхцөлд ашигтай ажиллаж чадахгүй учир 20 мянган хүн ам нэг дэлгүүр, нэг автомашины засварын төв гэх мэтчилэн зохицуулж өгөх хэрэгтэй гэж бодож байна.

Хамгийн сүүлийн жишээгээр, Төв аймгийн Жаргалант суманд нэг иргэн талх, нарийн боовны цех байгуулан их ашигтай ажиллаж байсан чинь өөр хүмүүс яг адилхан цех нээгээд, нэг мэдсэн ганцхан сум 4-5 цехтэй болчихсон байсан. Ингээд хэрэглэгчид нь хуваагдаад, тавуулаа дампуурчихсан тул Улаанбаатараас талхаа зөөж идэж байна. Хүн ам ихтэй, хөгжингүй орнуудад энэ жишиг хувийн хэвшлүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг боловч манайх шиг жижиг зах зээлтэй оронд тохирохгүй.

-Жилд ер нь хэчнээн хувийн хэвшил дампуурч байгаа вэ?

-Улс, нийслэлийн хэмжээнд төчнөөн хэмжээний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна гэсэн тоог албаныхан хэлдэг. Гэхдээ би юуг хамгийн чухал гэж харж байна вэ гэхээр 5 жил үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийн хэдийнх нь үйл ажиллагаа томорсон юм, хэдийнх нь үйл ажиллагаа тогтворжсон юм, хэд нь дампуурсан бэ гэдэг мэдээлэл хэрэгтэй байна.

-Ингэхийн тулд тухайн орон нутагт удирдлагыг нь шилжүүлэх хэрэгтэй болох байх.

-Бид саяхан судалгааныхаа тайланг гаргахдаа 21 аймгаас Сум хөгжүүлэх сангийн мониторингуудын тайланг авсан. Гэтэл зарим аймгийн удирдлагууд тус сангийн тайланг авах эрхгүй, яаж зохицуулагддаг болохыг ч мэдэхгүй байсан. Ийм учраас илүү хүртээмжтэй ажиллахыг зорьж байвал хоорондын уялдааг сайжруулж, эрхийг нь орон нутагт шилжүүлэх шаардлагатай.

Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлснээр аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой болох юм.

-Эдийн засагч хүний хувьд хэрхэн төсвийн Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Нэгдүгээрт, бид алдагдалгүй төсөв л баталдаг байх ёстой. Олон жилийн турш их хэмжээний алдагдалтай төсвийг л баталж ирлээ шүү дээ. Үүнийг өрх гэрээр төсөөлвөл, 1 сая төгрөгийн цалинтай байж 2 сая төгрөг үрнэ гэж тооцоолоод байж болохгүй.

Хоёрдугаарт, ирэх жилийн төсвийн орлогоо хэт өөдрөгөөр авч үзсэн юм шиг санагдсан. Төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбарын экспортоор бүрдүүлдэг. Гэтэл нүүрс экспортыг хэт өөдрөгөөр авч үзсэн байсан. Мэдээж энэ нь хийсвэр төсөөлөл биш байх. Гэхдээ л биелэлээ олно гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр бодит байдлыг тооцож чадаагүйгээр барахгүй байж болох хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн орлого тасалдах эрсдэл дагуулж байгаа хэрэг.

Гуравдугаарт, сонгуулийн жилийн төсөв гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа 2020 онд хэрэгжихээр тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт удааширна. Тодруулбал, он гараад шууд хэрэгжихгүй, шинэ Засгийн газар гарахаар хэрэгжих төслүүд нэлээдгүй харагдсан.

Дөрөвдүгээрт, аймгуудын төсвийн хуваарилалт шударга бус. Хэнтий аймагт 149 тэрбум төгрөг төсөвлөсөн байхад Дундговь аймагт 2-хон тэрбумыг өгөхөөр шийдвэрлэсэн. Хэнтий аймаг чинь 2016-2018 онуудад төрөөс хамгийн их татаас авч байгаа аймаг шүү дээ. Тийм байхад яагаад ийм их хөрөнгө хуваарилж байгаа юм бэ? Гэсэн хэрнээ ямар зарчмаар хуваарилж байгаа нь тодорхой бус.

-Монголын гадаад болон дотоод өрийн хэмжээ хэр байх вэ?

-2022-2024 онд Монгол Улс гадаад өрүүдийнхээ үндсэн төлбөрийг өгнө. Тухайлбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын тэрбум, 2023 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлөх болон БНХАУ-ын Төв банктай хийсэн своп хэлцлийн зэрэг өр төлбөрийг төлөх ёстой. Ийм байхад төсвийн дийлэнх зарлагыг бүтээн байгуулалт руу хуваарилсан нь маш буруу. Учир нь олон жил эргэлтэд оруулж байж үр ашгаа хүртэнэ шүү дээ.

ОУВС-гийн мэдэгдсэнээр бид энэ их өрөө төлж чадахгүй болох нь тодорхой болсон. Иймд өрийг өрөөр дарах сонголт л үлдсэн гэхэд хилсдэхгүй.

-Энэ байдлаас гарахын тулд бид яах ёстой вэ?

-Дэд бүтцүүддээ хөрөнгө оруулах шаардлагатай. Жишээлбэл, шинэ зам барьснаар бид хэчнээн аж ахуйн нэгжийг холбох боломжтой вэ, эдийн засгийн үр өгөөж нь хэр байх вэ гэдгээсээ шалтгаалан сонголтоо хийх хэрэгтэй. Аймгийн төвүүдийг холбосноор эдийн засгийн эргэлтэд хэчнээн хүн орж ирж, ямар бараа бүтээгдэхүүн татахыг тооцоолон гаргах нь зүйтэй.

Үүнээс гадна технологийн дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй юм шиг санагддаг.

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшмитай ярилцлаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.