| | USD/MNT 0₮

МҮОНРТ хэмээх том айлыг шавартай хутгаж хаясан Захирлуудын зөвлөлийг огцрохыг шаардаж байна

МҮОНРТ-ийн уран бүтээлчид Захирлуудын зөвлөлөө огцруулахыг шаардаж, өчигдөр мэдэгдэл хийж, холбогдох баримтуудыг дэлгэжээ. 

Тэд “МҮОНРТ хувийнх биш, олон нийтийнх. Ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаа зогсоо. Тагнаж, чагнахаа зогсоо. Бид гэмт хэрэгтэн биш. Хөдөлмөрийн үнэлэмжийн тэгш бус байдлыг зогсоо” гэсэн уриаг барьж зогсон хэвлэлийн хурал хийжээ. 

Ахмад уран бүтээлчид "Цаашид энэ байгууллагыг удирдах чадамжгүй болсон Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр Үндэсний зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ үү. Энэ шаардлагыг эс биелүүлбэл эсэргүүцлийн тэмцэл өрнүүлэн, дараагийн шатанд шилжихийг мэдэгдэж байна" хэмээн гарын үсэг зуржээ.

Хэвлэлийн хуралд оролцсон сэтгүүлч Ш.Ёолк "Хуримтлагдсан факт баримтуудыг хараад арай ч дээ гэж бодсон. 80 жилийн түүхтэй энэ байгууллагыг элгээр нь хэвтүүлээд авъя гэсэн алсын бодлого яваад байгаа юм биш биздээ. Магадгүй Монгол кино үйлдвэрийн гунигт хувь заяа энэ байгууллага дээр давтагдах гээд байгаа юм биш биз гэсэн муу зөн совин татаад байна шүү. Үндэсний тодотголтой мэргэжлийн энэ байгууллага байж л байг л дээ, юу нь болохгүй байгаа юм" гэлээ. 

Тоймч, сэтгүүлч Бямбацэцэг "Бидэнд 256 хүний материал ирсэн. Санал хүсэлтээ бичиж амжаагүй олон ч хүн бий. Хамгийн өндөр хувь авсан асуудал бол дандаа ёсзүй, дарамт шахалт, хүчирхийлэл. Уран бүтээлийн байгууллага хараат болно гэдэг харамсалтай. Шинэ контент хийхгүй байна. Ялгаварлан гадуурхалт байна гэж хэлсэн. Удирдлагын багт ямар ч ёсзүй алга гэдгийг бичсэн байна" гэв. 

Мөн түүнчлэн ахмад уран бүтээлчдийн төлөөлөл "2007 онд Нинжжамц захирал яаж сүүлээ хавчаад нүдний булай шүдний сойз р болоод явсныг би гэрчилнэ. Энэ онд ахиад ийм юм гаргалаа. Бид нарын үгийг сонсдоггүй. 2017 онд ирэхэд нь Хүн төвтэй ажиллаарай гэж ганц үг хэлсэн. Гэтэл байшин төвтэй ажилласан баримт материал нь байна. Энэ байгууллагыг үнэхээр тарамдуулахаар шийдсэн байна. Төсөвтэй холбоотой мэдээллийг хараад тархинд цус харвах гэж байна" гэлээ.

Мөн сэтгүүлч Б.Пүрэв "Нэг асуудал бол энэ тагнах чагнахтай асуудлыг хэлэх нь зүйтэй. Ерөнхий захирал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үндэсний зөвлөлийн захирлуудын хажууд бүх камерууд дуу бичдэг гэж хүлээн зөвшөөрсөн. Тагнаж чагнах нь гэмт хэрэг мөн" гэв. 

Ахмад сэтгүүлч Ц.Алтанцэцэг "Энэ телевизэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Одоо тэр дарга нарын авч байсан цалингийн үнийн дүнг хараад өөрийн эрхгүй нулимс дусалсан. Бид хэн юм бэ тэд нарын хувьд тэд нарыг тансаг амьдруулахын тулд хуруу хумсаа хуйхалж ажиллаж байгаа юм байна. Нинжжамц захиралтай хоорондоо харьцсан мессэжийг хараад гайхсан. Бид доромжлуулж байна. Хамт олныхоо эсрэг явж, өр рүү өшиглөж байна" гэлээ.

Түүнчлэн ахмад уран бүтээлчид "Энэ телевиз хувь хүний мэдэл рүү явж байна. Юм болгон дээр ойчиж, ойчуулж байна. Зориг зүрхтэйгээр бүхнийг хэлж байгаа залууст баярлалаа" хэмээв. 

МҮОНРТ-ийн 450 гаруй ажилтан гарын үсэг зурж, нэгдсэн байгаа ажээ. 

МҮОНРТ-ийн уран бүтээлчид Захирлуудын зөвлөлөө огцруулахыг шаардаж, өчигдөр мэдэгдэл хийж, холбогдох баримтуудыг дэлгэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.