| | USD/MNT 0₮

ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА АЯНЫГ АМЖИЛТТАЙ НЭЭЛЭЭ

Бид байнга нүүрс ярьдаг, үргэлж зорилго, төлөвлөгөө ярьдаг. Харин одоо нүүрс тээврийн жолооч нарынхаа эрүүл мэнд, ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар санал нэгдэн хэлэлцэж, бодитой ажил хиймээр байна хэмээн төр хувийн хэвшлийнхэн онцоллоо. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Тайван” авто зогсоол цогцолборт зохион байгуулагдсан /2020.10.18/-нд “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяны нээлт дээр ийнхүү тодотгосон юм.

Аяны нээлтэд зохион байгуулагч байгууллагууд болох ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Орон нутгийн замын хяналтын хэлтсийн гэрээт цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа С.Батсүх “Түгээмэл түмэн хишиг “ ХХК-ийн дотоод хяналт шалгалтын албаны дарга Ч.Пүрэвсүрэн, “Баян зам тээвэрчдийн холбоо”-ны үйлдвэрчний хороон дарга П.Баярхүү болон бусад аж ахуйн нэгж байгууллага, нүүрс тээвэрлэгч жолооч нарын төлөөлөл оролцов.

Арга хэмжээг нээж ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд тус аяныг яагаад зохион байгуулах болсон талаар товч мэдээлэл өгье. Дэлхий нийтэд жилдээ 2-3 сая хүн тоосноос шалтгаалах уушгины эмгэг өвчнөөр өвчилж байна гэх судалгаа бий. Үүний 14 мянга орчим нь уул уурхайн салбарынхан байна. Харин Монгол улсад 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 3037 тохиолдол бүртгэгдэж, хяналтад байдаг гэх судалгааг манай төвийн статистик мэдээллээс харж болно.

Дээрх 3037 иргэн маань хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон гэсэн үг. Тиймээс та бүхнийг ийм нөхцөл байдалд хүргэхгүйн тулд эрт шатанд нь илрүүлэх, цааш хүндрүүлэхгүй байх зорилгоор уг аяныг зохион байгуулж байгаа юм. Тиймээс аяны хүрээнд хийгдэх үзлэг шинжилгээнд нүүрс тээвэрлэгч жолооч та бүхэн идэвхтэй хамрагдаарай” гэдгийг онцолсон.

Харин Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон “Автотээврийн үндэсний төвөөс энэ оныг “Хариуцлагатай тээврийн жил” болгон зарласантай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Таван толгойн орд газраас Гашуун сухайт боомт хүртэл уртын болон богинын замаар нийт 13500 гаруй жолооч нүүрс тээврийн ажлыг эрхэлж байна. Эдгээр жолооч нарын 80 гаруй хувь нь хөдөлмөрийн насны идэвхитэй хүмүүс ажиллаж байна. Эдгээр нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоондоо идэвхтэй оролцоорой” гэв.

Нүүрс тээвэрлэгч жолооч нарын хувьд байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан аажимдаа хоолой сэрвэгнэх, цэртэй ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх зовиурууд илэрдэг. Энэ байдал нь удаан үргэлжилснээр мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих, гуурсан хоолойн архаг үрэвслүүд үүсдэг байна.  Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийн тоос, хүнд металлын өртөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор уг аяныг зохион байгуулж буй юм.

Монгол улсад 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 3037 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний  53.8 хувийг тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 22.5 хувийг мэдрэлийн өвчнүүд, 9.2 хувийг хордлогын шалтгаант өвчнүүд эзэлж байна. Харин тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс уушги тоосжих өвчин зонхилох хувийг эзэлжээ. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газраас гаргасан статистик мэдээллээр  өнгөрсөн онд уушги тоосжих өвчнөөр 133 даатгуулагч иргэн оношлогдож хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгосон.

Энэ үеэр нүүрс тээвэрлэгч жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах, тэдний ажиллах орчин нөхцөлийг үе шаттайгаар сайжруулах нь чухал гэдгийг төр хувийн хэвшлийн байгууллагууд тодотгож байлаа.

Аяны нээлтэд хүрэлцэн ирсэн нүүрс тээвэрлэгч жолооч нарт мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, нэг удаагийн маск, бээлий, анхны тусламжийн багц зэргийг гардуулан өгсөн юм.

 

Нүүрс тээвэрлэгч жолооч нарын ая тухтай амрах, үйлчлүүлэх боломжийг бүрэн хангасан  “Авто зогсоолын цогцолбор” ашиглалтад орно. 

Аяны нээлтийн арга хэмжээний дараа зохион байгуулагч талууд Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нарт эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор баригдаж буй “Тайван авто зогсоол” цогцолборын үйл ажиллагаа, барилгын явцтай танилцлаа. Уг төслийг 2018 оноос “Түгээмэл түмэн хишиг”  ХХК хэрэгжүүлж эхэлжээ.  

Тавантолгой–Цагаанхад-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 км авто замаар 14000 гаруй авто машин нүүрс тээвэрлэж байна. Гашуун сухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт дунджаар 800 орчим нүүрс тээвэрлэгч машин хилээр нэвтэрдэг ба нүүрс экпортын оргил ачааллын үед өдөрт 1500-1600 орчим авто машин хилээр нэвтэрдэг аж.  Түүнчлэн ачаалал хэвийн үед 20-30 км, ачаалалттай үед 140 км урт дараалал зам дээр үүсдэг ба нэг удаагийн эргэлтэнд жолооч нар 3-14 хоногийг зарцуулдаг гэнэ. Урт дараалалд олон хоног зогсож буй жолооч нар хог хаягдлаа замын хажуу руу хаях, бие засах, шороон замаар явж агаарт их хэмжээний тоосжилт үүсгэх зэргээр байгаль орчныг маш ихээр бохирдуулахаас гадна Цагаан хадны орчим суурьшсан 3000 гаруй иргэн цайны газар, дэн буудал, халуун ус, хүнс барааны дэлгүүр зэрэг эрүүл, ахуйн шаардлага хангаагүй үйлчилгээг иргэд, тээвэрчдэд үзүүлж буй нь өндөр эрсдэл дагуулсаар байгаа юм.   

Тиймээс “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь нүүрс тээвэрлэгч 14000 гаруй жолооч нар дарааллаа алдахгүйгээр ая тухтай амрах ,үйлчлүүлэх 2500 машины багтаамжтай “Авто зогсоолын цогцолбор” байгуулж буй нь энэ аж. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор төрийн нэг цэгийн үйлчилгээ, эмнэлэг, халуун ус, зоогийн газар, кино театр, үйлчилгээний төв бий болох юм. Уг цогцолбор 2021 оноос өмнө ашиглалтад орох аж.

Нүүрс тээвэрлэгч жолооч нарын хувьд байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан аажимдаа хоолой сэрвэгнэх, цэртэй ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх зовиурууд илэрдэг. Энэ байдал нь удаан үргэлжилснээр мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих, гуурсан хоолойн архаг үрэвслүүд үүсдэг байна. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийн тоос, хүнд металлын өртөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор уг аяныг зохион байгуулж буй юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.