| | USD/MNT 0₮

Б.Мөнхцэцэг:Миний урладаг Гяраг бүсийг Япон болон Өвөрмонголоос их захиалж хийлгүүлдэг

Монголчууд бид эрт дээр үеэсээ эдэлж хэрэглэж байсан зүйлсээ өөрсдөө хийж ирсэн түүхтэй. Тухайлбал хонины ноосыг ээрч бүс хийдэг байсан нь өдгөө Гяраг бүс хийх хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.

Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг суманд Гяраг хэмээх өвөрмөц эдэлгээ сайтай энэхүү бүсийг хийж зардаг Б.Мөнхцэцэг хэмээх эмэгтэйтэй ярилцлаа. Түүний хувьд Цагаансар болон Үндэсний их баяр наадмаар хамгийн их захиалга авдаг бөгөөд гэр бүлээрээ энэхүү бүсээ хийж, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байна. Түүнээс гадна Япон улсад сүмогоор барилддаг, бэлтгэл сургуулилалт хийдэг манай улсын бөхчүүд их захиалж авдаг байна. Б.Мөнхцэцэг “Өөрсдөө хийдэг байя, өөрсдөө бүтээдэг байя тэгж байж Монгол Улс хөгжинө” хэмээн ярилаа.

-Сайн байна уу, та хэзээнээс эхэлж ийм бүс урлаж эхэлсэн бэ?

-Сайн сайн байна уу. Миний хувьд 1999 оноос эхэлж энэ бүсийг оёж сурсан. Анх энэ нутгийн бэр болж ирээд охиноо төрүүлсэн. Охиноо харж гэртээ байхдаа зүгээр суухыг хүсээгүй. Ямар нэгэн юм хийх ёстой гэж бодоод хийж эхэлсэн. Тэр үед энэ нутгийн Самдан гэж айлын хүмүүс энэ бүсийг хийдэг гэж сураг сонсч байсан. Харин манай нөхрийн ээжийнх нь ах нь Ням гэж хөгшин байсан. Тэрийг гэртээ урьж авчраад ийм бүс хийхийг нөхөртэйгээ хамт заалгаж сурч байлаа.

-Таны хувьд үйлдвэрлэл нь гэртээ явагддаг юм байна. Анхны бүс нь хэдэн метр болж байна?

-Тийм. Гэр маань ажлын байр шүү дээ. Анхны бүсээ 10 метраар ороож байснаа сайн санадаг юм. Эхэндээ шантармаар хэцүү санагдаж байсан ч метрыг нь ахиулаад жаахан нэхчихээр л түүндээ баярлаж урамшаад хагас сар шахуу сууж байж дуусгаж байлаа, тэр бүсээ. Эхнийхээ нэг бүсийг нөхөртөө бүслүүлээд, хоёр дахь бүсээ адуугаар зарж байсан түүхтэй. Тэрнээс хойш энэ миний хийж чадах ёстой ажил юм байна гэж бодоод гэртээ өрхийн үйлдвэрлэл бий болгосон доо.

-Таны хийж байгаа бүсийг харж байхад өнгө болоод хэв маяг гээд олон сонголттой байж болохоор юм байна?

-Тийм. Манай монголчууд уламжлалаараа дурдангийн улаан, шар бүс бүсэлдэг байсан. Одоо бол тэгэхээ больсон. Дээлнийхээ өнгөнд уусгаж, дээлийн эмжээртээ тааруулж өнгө өнгийн бүс бүсэлдэг болсон. Залуучуудын хувьд солонгын долоон өнгийг сонгох, эсвэл хадагны таван өнгөөр бүс хийлгүүлдэг болжээ. Ер нь тухайн хүн ямар өнгө, хийц хүсэж байна тэрүүгээр нь би хийж өгдөг.

-Бүсний материалыг их сонирхож байна. Хаанаас авдаг вэ?

-Цэвэр даавуун утсаар оёдог. Нэг давуу тал нь гэвэл энэ бүсийг бүсэлсэн байхад биед түшигтэй, бөөр нурууг сайн хамгаална. Материалаа “Нарантуул” захаас авдаг. Дээр үед хонины ноосыг чивчиртэл ээрүүлдээд ороож хийдэг байж. Миний хувьд зургаан давхар утсаар хийдэг.

-Одоо хамгийн уртдаа хэдэн метр гаргаж чадах вэ. Нэг бүсийг хэдий хэр хугацаанд хийдэг вэ?

-Есөн метр гарна. Нэг бүсийг хийхэд хоёр хоног зарцуулдаг. Заримдаа цалгардаад долоо хоног ч суух тохиолдол бий шүү.

-Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зах зээл чухал байдаг. Эрэлт нийлүүлэлт хэр байдаг вэ. Захиалга хэр авдаг вэ?

-Эгч нь зах зээлийн үед бүх бүсээ үүргэвчинд хийгээд гандан хийд, томоохон дэлгүүрүүдээр их явж зардаг байсан. Одоо энэ цахим сүлжээ их амар болжээ. Сошиал сүлжээг ашиглаж их зарна захиалга авна. Мөн хоёр том дэлгүүр бий, “Тосон торго” болон “Гандан шоп” дэлгүүрт аваачиж өгч заруулдаг юм. Бас Манай улсын сумочид Японоос их захилга өгч хийлгэдэг юм.

-Гяраг бүсний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд цаашид юуг анхаарах нь чухал вэ?

-Монголчуудад уламжлагдаж ирсэн өв соёл, баялаг гэж хардаг. Миний хувьд өргөжүүлэх хүсэл сонирхол их байдаг. Хамгийн гол нь тууштай хийх хүн чухал. Би олон шавьдаа хийхийг нь зааж өгсөн. Тэр хүмүүсийн хувьд яг шимтэж хийхгүй байна. Яагаад гэвэл үр шимийг нь хүртэж мэдэхгүй болохоороо хийхгүй байх шиг. Хааяа нэг дур сонирхол хэрэгцээгээрээ хийж байна уу даа гэж хардаг. Шимтэж хичээж суухгүй хойрго юм шиг санагддаг. Мэдээж тэсвэр тэвчээр шаардсан ажил. Миний хувьд цай уугаад, нэг биеэ нэг засч аваад нам суучихна. Тэвчээр шаардсан ажил болохоор хүүхдүүд халгаад байдаг. Би бүсээ хийгээд зарж байж л өрхийн орлоготой болно шүү дээ. Яг яс суугаад хийх юм бол үр шимийг нь сайхан хүртэнэ гэсэн үг. Хэрвээ ийм бүс хийж суръя гэсэн хүүхэд залуус байх юм бол би өөрийнхөө мэдэх чадах бүхнийг харамгүй зааж өгч сургана.

-Үр шим их гэж ярилаа. Та ийм бүс хийж зараад хэдэн төгрөгийн орлого олдог вэ?

-Янз бүр. Ашиг ихтэй, нэг бүсийг 60 мянгаар зарна. Хос бүс нь 120 мянгаар зарагдана. Хийдэг материалын үнэ гайгүй ч ажиллагаа ихтэй байдаг учраас хамаг үнэ хөлс шингэчихдэг юм.  Бас дээрээс нь цахилгаан машин гэж байхгүй дан гараараа нэхэхээр ажиллагаа ихтэй.

-Эдэлгээний хувьд сайн юм шиг санагдлаа?

-Сайнаар барахгүй машин хүртэл чирдэг гээд боддоо. Ерөөсөө сэмэрч урагдана гэж байхгүй.

-Энэ Гяраг бүсийг Төв аймгийн Алтанбулаг суманд л хийдэг. Бусад газар хийдэггүй гэсэн үү?

-Миний хийж байгаа бүсэн бүтээгдэхүүн манай сумаас гарсан. Алтанбулаг сумын өвөг дээдсээс уламжлагдан ирсэн. Манай суманд хийдэг хэдхэн хүн бий. Гэхдээ тэд үйлдвэрлэл болгох хэмжээнд хүргээгүй. Хааяа нэг өөрсдийнхөө хэрэгцээг л хангадаг гэхүүдээ. Гэхдээ энэ Гяраг бүс бол манай сумын брэнд бүтээгдэхүүн. Миний хувьд цаашлаад аймаг болон улсын брэнд болгохыг хүсч байна. Тийм зорилготой байгаа шүү.

Төр засгийн зүгээс яг ийм уламжлал болсон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргахад тусалж дэмждэг байгаасай гэж хүсдэг. Мөн санхүүгээр дэмжиж өгснөөр бид нарын хийж байгаа энэ ажил цаашаа өргөжин тэлнэ. Үр хүүхдүүд хийж сурч, өвлөж авч үлдэнэ.

-Гадаад улс руу гаргаж зарахаар хэдэн төгрөгөөр зарах уу?

-Сүүлийн үед Японд барилдаж байгаа залуу хүүхдүүд их захиалж авдаг. Мөн Өвөрмонголчууд их авдаг. Ер нь гадаадад их гаргаж зарахын тулд дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Мөн урлагийнхан их авдаг. Мэдээж гадныханд арай ахиу үнэтэй зарна.

-Хамгийн их захиалга болон ачаалалтай үе нь хэзээ байдаг вэ?

-Цагаансар, Үндэсний их баяр наадмаар хамгийн их захиалга авна. Цагаансараар  айл чинь шинэлнэ биздээ. Гэтэл гэрийнхээ ажлынх хийх завгүй өндийж сууна шүү дээ. Захиалга өгсөн хүмүүс чинь  хашааны гадаа хүлээгээд зогсчихно. Би охинтойгоо, нөхөртэйгээ хамт суугаад хэдхэн хоногийн хугацаанд 80 гаруй бүс хийгээд 4-5 сая төгрөг олж байсан. Сүүлийн үед хурим найраа хийж байгаа залуу хосууд ийм Гяраг бүсэлдэг болжээ. бүсийг Байнга хийвэл зах зээлтэй санагддаг шүү.

-Ярилцсанд баярлалаа?

-За баярлалаа.

Манай монголчууд уламжлалаараа дурдангийн улаан, шар бүс бүсэлдэг байсан. Одоо бол тэгэхээ больсон. Дээлнийхээ өнгөнд уусгаж, дээлийн эмжээртээ тааруулж өнгө өнгийн бүс бүсэлдэг болсон. Залуучуудын хувьд солонгын долоон өнгийг сонгох, эсвэл хадагны таван өнгөөр бүс хийлгүүлдэг болжээ. Ер нь тухайн хүн ямар өнгө, хийц хүсэж байна тэрүүгээр нь би хийж өгдөг.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.