| | USD/MNT 0₮

Салхитын ордоос авлига авсан шүүгч Б.Сайханцэцэгт оноосон ялыг хасаж, нэг жил хорихоор болов

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдон хахууль авсан гэм буруутай хэмээн ял шийтгүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг, түүнд хахууль өгсөн Ц.Өнөрцэцэг нарын давж заалдах гомдлыг хэлэлцлээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял өнгөрсөн долдугаар сарын 29-нд оноогоод 20 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. Харин Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр хахууль авсан буруутай гэж дүгнэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноосон юм. Тэдний үйлдлийг Ц.Өнөрцэцэгийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан “Салхитын мөнгөний ордын” гэх хэргээс тусгаарлан сүүлд нь шийдвэрлэсэн билээ.

Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг эсэргүүцэн уг хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, О.Баясгалан, Б.Баяраа, П.Одонтунгалаг, О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг нар давж заалдах гомдол гаргасан агаад нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар илтгэж, Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, оноосон ялыг багасгасан байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийг “Төгсөөгүй, хахууль өгөхийг завдсан үйлдэл. Гэхдээ гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн тогтоол зөв” гэж дүгнээд хорих ялыг нь тус бүр нэг жил болгон багасгажээ. Ташрамд дурдахад, “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Б.Цолмонбаатар тэргүүтэй хүмүүсийн гомдлыг энэ баасан гарагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлосон байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдон хахууль авсан гэм буруутай хэмээн ял шийтгүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг, түүнд хахууль өгсөн Ц.Өнөрцэцэг нарын давж заалдах гомдлыг хэлэлцлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.