| | USD/MNT 0₮

Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах эсэх асуудлыг ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ жилийн өмнө  Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан байгаа. ФАТФ байгууллага Парист төвтэй боловч тодорхой бүс нутгууд хариуцсан салбар нэгжүүдтэй. Тэдгээр нь бүс нутгийнхаа Засгийн газрууд хоорондын хамтарсан баг бүрдүүлж харьяалагдаж буй улс орнууддаа үнэлгээ хийдэг байгууллага юм.

Үндсэн үйл ажиллагаа нь дэлхийн улс орнууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг судалж, зөвлөмж өгөх. Ингэхдээ улс орнуудын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг 49 шалгуур, үзүүлэлтээр дүгнэж зөвлөмж гаргадаг ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг улс болгон биелүүлэх үүрэг хүлээдэг.
 
Харин манай улс дээрх шаардлага, үзүүлэлтийг хангаагүй учир ийнхүү “Саарал жагсаалт”-д орсон байгаа юм.
 
Тэгвэл энэ өдрүүдэд манай улсыг Саарал жагсаалтаас гарах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая /2020.10.13/ зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэхэд саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа.

Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ. ”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ.

Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол Улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна. Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна” гэжээ.

Тэгэхээр Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэх асуудлыг ирэх 7 хоногийн сүүлээр эцэслэн шийдвэрлэнэ. Хэрвээ гаргачихвал хамгийн богино хугацаанд Саарал жагсаалтаас гарсан, мөн хамгийн олон шаардлагыг нэг дор биелүүлсэн гэх "тодотгол" манай улсыг дагалдах юм байна. 


 

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэх асуудлыг ирэх 7 хоногийн сүүлээр эцэслэн шийдвэрлэнэ. Хэрвээ гаргачихвал хамгийн богино хугацаанд Саарал жагсаалтаас гарсан, мөн хамгийн олон шаардлагыг нэг дор биелүүлсэн гэх "тодотгол" манай улсыг дагалдах юм байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.