| | USD/MNT 0₮

У.Энхбаяр:Циркийн төв байрыг циркийн зориулалтаар нь ашиглуулах ёстой

БНМАУ-ын Гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль энэ жил 80 жилийн түүхтэйгээ золгож байна. Тус сургуулийн байранд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн акт тавьсан учир сургуулийн хамт олон ойн хүндэтгэлийн тоглолтоо Нүүдлийн цирктээ “нүсэр”  хийжээ. Циркийн сургуульд стандарт нийцсэн орчин үеийн шинэ байр шаардлагатай байгаа учраас тус сургуулийн захирал, хамт олон салбарын сайд С.Чулуун болон холбогдох УИХ-ын гишүүд болон байгууллагуудад хандсан байгаа юм байна.

Ингээд тус сургуулийн зөвлөх багш, хүндэт профессор У.Энхбаяртай ярилцлаа.

-Циркийн сургуулийн 80 жилийн ой өнөө жил тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа байх?

-Манай алдартай циркийн сургууль үүсгэн байгуулагдаад 80 жилийн түүхтэйгээ энэ жил золголоо. Ойн хүрээнд олон ажил төлөвлөсөн байсан ч дэлхий дахинд тархсан халдварт өвчнөөс болж арга хэмжээнүүд хойшилсоор байгаад өдий хүрсэн. Ингээд өнгөрсөн есдүгээр сараас эхэлж өндөржүүлсэн бэлэн байдал гайгүй болсон учир бид сургуулийн тоглолт байгуулах эрхтэй болоод Нүүдлийн цирктээ ойн хүндэтгэлийн тоглолтоо сургууль, багш нарын дэмжлэгтэйгээр маш сайхан амжилттай зохион байгууллаа. Ойн хүрээнд баримтад кино, ном хийж байгаа. Хүндэтгэлийн арга хэмжээ буюу циркийн тоглолтыг хоёр хоногийн өмнө зохион байгуулсан. Ирэх арванхоёрдугаар сард Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

-Манай улс 30 жилийн дараа Соёлын яамтай болсон. Салбарын сайд та бүхний энэ  байгаа байдлыг ирж үзсэн үү. Ямар арга хэмжээ авна гэсэн бэ?

-Соёлын яамтай болсонд маш их баяртай байгаа. Соёл урлагийн хүмүүс бид чинь аав ээжтэй болсон юм шиг л баярлаж байгаа. Ойн тоглолтондоо салбарын сайд С.Чулууныг урьсан ч орон нутагт томилолтоор явж таарсан. Өмнө нь манай байраар ирж үйл ажиллагаатай танилцсан. Мөн УИХ-ын гишүүд ч манай сургуулийн байраар ирж үзэж нөхцөл байдлыг харсан. Тэдгээр албаныхан хуучин Циркийн сургуулийн орчныг сайжруулж, шат дараалалтай арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

-Хуучин Циркийн сургуулийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газраас зогсоочихсон байгаа юм байна. Ямар үндэслэлээр зогсоосон юм бэ?

-Манай дуган /сургууль/ хуучин Богд хааны хатандаа зориулж барьсан чогчин дуган юм. Тодруулбал 1895 онд баригдаад 1903 онд ашиглалтад орсон гэж ярьдаг. Тэгэхээр 100 гаруй жилийн түүхтэй барилга байгаа биз. Ингээд 1940 онд Циркийн сургууль байгуулагдахад тухай үеийн ардын зураач Намхайцэрэнгийн зураг төслөөр засаж сайжруулж тоноглосон байдаг юм. Ингээд циркийн тоглолт хийдэг, хүүхэд сургаж бэлтгэдэг болсон. Дашчойлан хийдийн дуганууд манай Циркийн сургуулийн агуулахууд байсан. Харин дараа нь 1971 онд циркт зориулагдсан маш том ордонтой болсон. Удалгүй сургууль нь үлдэж, циркийн уран бүтээлчид төв байр руу нүүж явсан түүхтэй.

-Хэдэн жилийн өмнө хуучин сургууль нь шатаж байсан байхаа?

-2015 онд засвар үйлчилгээтэй холбоотойгоор манай энэ сургууль шатсан. Багш сурагчдын хүчээр эргүүлж босгож ажиллах нөхцлийг нь бүрдүүлсэн. Гэвч өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэхүү сургуулийг хуучирч элэгдсэн байна, циркийн сургуулилалт явуулахад эрсдэлтэй хэмээн үзэж акт тавьж, үйл ажиллагаа явуулахыг түр хязгаарласан. Манай Консерваторийн удирдлага албан бичиг явуулсан. Ямар ч байсан орон зайг нь ашиглаж, хүнд даацын үзүүлбэр үзүүлэхгүй, зөвхөн мэргэжлийн хичээлээ тэндээ оръё гэсэн хүсэлтийг албан бичгээр тавьсан. Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэхдээ энэ өвөлдөө ямар ч байсан тэр сургуульдаа хичээллэж болох байх гэж найдаж байгаа. Сургалтын үйл ажиллагаа бол тасралтгүй явагдана.

-Циркийн урлаг стандартын барилгатай байх ёстой. Гэтэл өнөөдөр барилга алга гээд байгаа?

-Байхгүй биш барилга нь байгаа шүү дээ. Шинэ циркийн барилга байгаа биз дээ. Төрөөс, монголын ард түмэн циркчдэд зориулж барьж өгсөн орд өргөө шүү дээ. Харин манай сургуулийн хувьд байр нь хуучирч муудсан учраас шинэ байр хэрэгтэй байна. Учир нь XXI зууны шилдэг жүжигчдийг бэлтгэж гаргаж байгаа гэдэг утгаараа манай сургууль орчин үеийн стандартын шаардлага хангасан байртай байх ёстой.

-Шинэ төв байрыг зориулалтын дагуу ашиглахгүй байна. Дотор нь банк болон үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Нэг хүний өмч болчихсон гэх?

-Засвар хийгээд дууссаны дараа циркийн зориулалтаар нь ашиглах байлгүй дээ. Соёлын яам зориулалтынх нь дагуу ашиглуулах ёстой. Циркт зориулсан барилгыг өөр зүйлээр ашиглах боломжгүй баймаар юм. Хэдий хувьчлаад авсан хүн циркийн зориулалтаар ашиглуулна гэж авахдаа хэлсэн байлгүй дээ. Түүнээс нураагаад өөр зүйл барьчихгүй байлгүй дээ.

-Энэ байрыг их аварга Д.Дагвадорж хэрхэн ямар замаар хувьчилж авсан талаарх асуудлыг та сайн мэдэж байгаа байх?

-2007 онд Засгийн газрын тогтоол гараад Төрийн өмчийн хороо журмаа гаргаад менежментийн гэрээгээр хувьчлагдсаныг ард түмэн сайн мэдэх байх. Мэдээж хувийн өмч хөрөнгө болсон гэсэн үг. Гэхдээ циркийн зориулалтаар ашиглах ёстой шүү дээ. Энэ их засварын дараа циркийн зориулалтаар ашиглуулах байх гэж харж байгаа. Соёлын яам ч гэрээгээ хийх байлгүй дээ. Нэгэнт циркт зориулагдсан циркийн барилга юм чинь зориулалтаараа ашиглагдах ёстой.

-Аса аваргыг циркийн барилгаа буцаагаад өгөөсэй. Циркийн урлагийг гудамжинд гаргалаа гээд шүүмжлээд байгаа. Цирк үнэхээр гудамжинд гарчихсан юмуу?

-Циркийн урлаг гудамжинд гарсан эсэхийг сая тавьсан тоглолтоос харах ёстой. Гудамжинд гараагүй, харин ч дэлхийд Монголоо сурталчилж, том уралдаан тэмцээнүүдээс шагнал авчирч байна. Ямар нэгэн нөхцөл боломжийг ашиглаж бид уран бүтээлээ хийсээр байна. Цаашид хийсээр ч байх болно. Циркийн урлаг тасралтгүй явах ёстой. Циркийн урлаг Монголын нэрийг дэлхийд гаргаж байхад гудамжинд гарсан мэтээр ташаа ойлгож болохгүй. Циркээс өөр гадаадад Монголоо сурталчилдаг урлаг ховор шүү. Сурагч нар сургуулиа төгсөөд л том том циркт урилгаар очиж ажиллаж байна. Тэд чинь Монгол гэсэн нэрээр явдаг.

-Сургуулиа төгссөн чадварлаг циркчид гадаадад их гарч ажилладаг байх?

-Энд хүлээж аваад цалинжуулах албан байгууллага алга. Хаана өндөр цалин хангамж амлаж байна тийшээгээ явна шүү дээ. Гадаадад бол өндөр цалинтай ажиллаж байна. Хаана амьдрал сайхан байна тэнд ажиллаж амьдарна. Гэхдээ тэд чинь эх орондоо хэдэн мянган ам.доллар оруулж байгаа. Ядаж л ар гэрийнхэндээ мөнгө явуулна.

-Шинэ циркт уран бүтээлчид бэлтгэлээ хийж болдоггүй юмуу?

-Уг нь бид нар хийдэг байсан. Энэ жил засвартай байгаа юм билээ. Бид бэлтгэл хийхдээ түрээсээ төлж хийдэг байсан. Мэдээж түрээсийг улсаас төлнө л дөө.

-Нүүдлийн циркээ хэзээ буулгах вэ?

-Сая тоглолтоо хийчихлээ. Одоо хүйтэрч байгаа учир буулгана. Тэгээд хуучин цирк рүүгээ очиж бэлтгэлээ хийнэ. Ирэх хавар дахиад бариад бэлтгэлээ хийнэ.

-Циркийн сургуулийн хувьд залгамж халаагаа сайн бэлтгэж байгаа юу?

-Мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээлчдийг бэлтгэн гаргадаг. Гадаадын олон орноос манайд хүүхдүүдээ сургая гэсэн хүсэлт ирдэг. Хуучин сургуульд гадаадын оюутнуудыг авч сургах боломж байхгүй. Хамгийн түрүүнд сайхан байртай болох ёстой. 80 жилийн түүхтэй сургуульд суурь бааз байлгүй яах вэ.

Засвар хийгээд дууссаны дараа циркийн зориулалтаар нь ашиглах байлгүй дээ. Соёлын яам зориулалтынх нь дагуу ашиглуулах ёстой. Циркт зориулсан барилгыг өөр зүйлээр ашиглах боломжгүй баймаар юм. Хэдий хувьчлаад авсан хүн циркийн зориулалтаар ашиглуулна гэж авахдаа хэлсэн байлгүй дээ. Түүнээс нураагаад өөр зүйл барьчихгүй байлгүй дээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.