| | USD/MNT 0₮

ҮСХ:Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөг болжээ

ҮСХ-ноос Монгол Улсын 2020 оны эхний есөн сарын Эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа. 

МӨНГӨ, ЗЭЭЛ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 9 дүгээр сарын эцэст 22.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (9.3%) их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 2.2 (74.7%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 779.6 (7.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.  

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 30.9 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 802.6 (4.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.  Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.9 (51.5%) их наяд төгрөг нь иргэдийнх байна. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11.0 (1.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 161.5 (16.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.2 пунктээр өссөн байна. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.6 (0.2%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.8 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны 9 дүгээр сард 2854.17 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар суларсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны 9 дүгээр сард 419.00 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар суларсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2020 оны 9 дүгээр сард 37.60 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 2.6 хувиар чангарсан байна.

ТӨСӨВ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.3 их наяд  төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 6.7 их наяд төгрөг (91.6%) байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр (30.0%) өссөн байна. Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

Зарлагын өсөлтөд урсгал зардал 1.7 (29.6%) их наяд төгрөг, хөрөнгийн зардал 610.0 (46.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон  нөлөөлжээ. 

Улсын нэгдсэн төсвийн орлогын 83.2 хувийг татварын орлого, 8.4 хувийг татварын бус орлого, 8.0 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.4 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлж байна.

Татварын нийт орлого 2020 оны эхний 9 сард 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (13.1%) их наяд  төгрөгөөр буурахад орлогын албан татвар 330.9 (18.5%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 183.9 (13.0%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 149.4 (22.0%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 146.9 (8.3%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 74.7 (11.4%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 33.4 (5.7%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

ГАДААД ХУДАЛДАА

Монгол Улс 2020 оны эхний 9 сард нийт 141 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.1 тэрбум америк доллар, импорт 3.9 тэрбум америк доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (13.9%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 799.0 (13.4%) сая америк доллароор, импорт 670.7 (14.6%) сая америк доллароор тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 9 сард 1.3 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 128.3 сая америк доллароор буурч, 1.2 тэрбум америк долларын ашигтай байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 799.0 сая америк доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 254.7 сая америк доллар, нүүрсний экспорт 961.2 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 670.7 сая америк доллароор буурахад автобензины импорт 62.1 сая америк доллар, дизелийн түлшний импорт 202.9 сая америк доллар, суудлын автомашины импорт 124.5 сая америк доллар, ачааны автомашины импорт 80.5 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувиар буурч, өмнөх оны эцсээс 1.9 хувь, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 3.8 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 2.7 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувиар  өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 5.8 хувиар буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 9 дүгээр сард өмнөх оны эцсээс 1.9 хувиар өсөхөд  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 13.1 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 6.0 хувиар буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 9 дүгээр сард өмнөх сараас 0.3 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.3 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 5.0 хувь), төмс хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 16.0 хувиар буурсан байна. Харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн байна.

Инфляц 2020 оны 9 дүгээр сард 1.7 хувь гарсны 29.4 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр буурсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 30.9 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 802.6 (4.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.9 (51.5%) их наяд төгрөг нь иргэдийнх байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.