| | USD/MNT 0₮

Б.Бат-Эрдэнэ: Монголын тал 2038 он хүртэл ямар ч ашиг хүртэхгүй

Өчигдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээг хүчингүй болгох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Шүүхийн шийдвэрийн талаар ярих зүйл алга. Харин гэрээний тухайд эхнээсээ л Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ бол буруу, Монголын талд хохиролтой гэрээ болсон гэж хэлж байсан хүмүүсийн нэг нь би. Тухайн үедийн хамтарсан Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг гэрээг байгуулсан. Гэрээг үзэглэхээр Дубай руу явсныг нь тухайн үеийн танхимын гишүүд нь ч мэдээгүй байсан. Тийм учраас энэхүү хэргийг шалгах ажлын хэсэг гараад, бүрэлдэхүүнд нь Д.Дэмбэрэл, Г.Тэмүүлэн бид хэд орж ажилласан. Буруу зүйл байна гэдгийг нь ч хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө нэртэй ч гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм. Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюутолгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн. 

Д.Тэрбишдавга гишүүн бид хоёр УИХ-д удаа дараа шаардлага хүргүүлж байж 2018 оны гуравдугаар сарын 23-нд УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах ажлын хэсэг гарч, төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс дэд ажлын хэсэгт орж ажилласан.

Дубайн гэрээ нь хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт Ажлын хэсгээс гарч, УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар луу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Энэ долоо хоногт уг асуудал яригдах байх.

УИХ-ын 57 дугаар тогтоолоор "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюутолгойн хувь хэмжээг эрхзүйг бүрдүүлэх замаар 50-иас доошгүй хувьд хүргэ" гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарч,мөн л Оюутолгойн Монголын талын хувийг 51-н хувьд хүргэ гэж гарсан. Гэтэл өнөөдөр тэр 34 хувийг үнэ төлж авахаар болчихоод байна. Монголын төр, ард түмэн ашиг болох нь бүү хэл асар өрөнд орох гэрээ шүү дээ. Тухайн үед бидний сэрэмжлүүлж байснаас илүү дордсон хувилбараар ороод ирчихлээ" гэлээ.

-Өчигдрийн шүүхийн шийдвэрээр Дубайн гэрээ буюу Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссон гэж ойлгож болох уу?

-Шүүхтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. УИХ бол энэ гэрээг цуцал гэдэг дүгнэлт гаргасан. Тухайн үед 57 дугаар тогтоолоор 5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа босгоно, тэгээд дөрвөн жилийн дотор үр ашгаа нөхөөд, ашгаа авах тухай яригдаж байсан. Гэвч одоо Монголын ард түмэн Оюутолгойн гэрээнээс 2038 он хүртэл ашиг хүртэхээргүй болоод байгаа шүү дээ. Зарим хүний хэлж байгаачлан 2048 он хүртэл юу ч харахааргүй болоод байна.

Өчигдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээг хүчингүй болгох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.