| | USD/MNT 0₮

С.Чулуун:Соёл урлагийн салбар маш олон обьект, үнэт зүйлээ алдчихсан юм байна

Манай улс 30 жилийн дараа Соёлын яамтай болсон билээ. Ер нь соёл урлагийн салбар орхигдож, ямар нэгэн салбарын бөөрөнд наалдаж, багахан хэмжээний төсөв санхүү авч аргацааж ирсэн талаар сайд С.Чулуун нь ярьсан удаатай.

Одоо өөрийн гэсэн яамтай болсон учир орхигдсон салбараа өөд нь татна гэдгээ ч тэрбээр хэлсэн байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулсан.

Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байгаа юм.

Ингээд Кино урлагийг хөгжүүлэх болон соёл урлагийн салбар ямар байдалтай байгаа талаар Соёлын сайд С.Чулуунтай ярилцлаа.

 -Монгол кино үйлдвэрийн үйл ажиллагаатай та танилцсан. Идэвхтэй уран бүтээл хийгээгүй удаж байна. Соёлын яамны зүгээс цаашид юуг анхаарч ажиллах вэ?

-Соёлын яамнаас БСШУ-ны Байнгын хорооноос Кино урлагийг дэмжих тухай хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаар орж дэмжигдлээ. Өөрөөр хэлбэл, Монголын кино урлагийг хөгжүүлэх, кино урлагийн дэд бүтэц, түгээлт, эрхзүйн орчныг сайжруулж, шинэ уран бүтээлчдийг дэмжих энэ чиглэлд тусгайлсан хуультай болох ажил яригдаж байна. Үүнээс гадна Соёлын яам шинээр байгуулагдаад Монголын соёл урлагийн бүхий л чиглэл дээр анхаарлаа хандуулж байна. Нэгдүгээрт эрхзүйн орчныг бүрдүүлэх, хоёрдугаарт дэд бүтэц, эдийн засгийн боломжийг олж хайх, гуравдугаарт урлаг, уран бүтээлийг бодлогын хувьд хэрхэн дэмжлэг үзүүлэх авч явах гэдэг асуудлыг ярина. Энэ хүрээнд олон нийтийн анхааралд өртөөд байгаа кино урлагийн салбарын асуудал байлаа.

Энэ салбарт зөвхөн уран бүтээлээс гадна дэд бүтэц, үйлдвэрлэл, эдийн засаг, аялал жуулчлал, өв соёлыг хадгалах, хамгаалах түгээн дэлгэрүүлэх бүх л цогц үйл ажиллагаа байгаа. Дээрээс нь боловсон хүчний бодлогын асуудал гэх мэт. Энэ бүхнийг цогцоор нь явуулах бодлогыг Соёлын яам авч хэрэгжүүлнэ. Хуучин Монгол кино үйлдвэрлэл Монголын кино урлагийн түүхэнд хамгийн том дэд бүтцийг байгуулан ажиллуулж байсныг хүмүүс мэднэ. Энэ маань цаг үеийн шаардлагаар 1990 оны үед хүнд байдалд орж, дэд бүтэц нь битгий хэл кино урлаг нь хөгжихөд эдийн засгийн хувьд саадтай болсон. Бодит байдал ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцаж танилцлаа.

Шинэ юмыг бүтээх гэхээсээ илүүтэй байгаа боломж хуучин бүтээсэн зүйлийнхээ хөрсөн дээр бодлогынхоо хувьд боломж дэд бүтцийнхээ хувьд ч тэр цааш нь хөгжүүлнэ. Үнэхээр боломжгүй зүйлийг шинэчилж хөгжүүлэхээс өөр зам байхгүй.

-Монгол кино нэгтгэл төрийн өмчийн мэдэлд байдаг байхаа?

-Тийм. 100 хувь төрийн өмчийн мэдэлд байгаа. Энэ газрыг хувьчилсан гээд хэн нэг хүний хувийн өмч гэж үздэг асуудал байхгүй. Харин салбарын яамны харьяанд биш, төрийн өмчийн үйлдвэрийн газар гэсэн нэртэй хэрнээ төрөөс ганц төгрөгийн татаас авдаггүй. Үүнийг салбарын яам руу яаж холбох, яам яаж бодитой өөрийн харьяаллын хүрээнд цааш нь авч явах уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй.

-Ямар асуудлыг нь шууд шийдвэрлэж болохоор байна вэ?

-Шууд шийдвэр хэлэхэд хэцүү. Тулгамдаж байгаа асуудлыг нь Ажлын хэсэг дээр судална. Цээжний бангаар үйл ажиллагаанд хандах боломжгүй. Ямар ч байсан бүгдийг нь судлаж, материалыг нь үзэж, эдийн засгийн бололцоо юу байна. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд ашгаа хэзээ олох юм. Ер нь Соёлын бодлого үйл ажиллагааг хариуцаж байгаа төрийн төв байгууллага өөрөө дэд бүтцээ авч явах ёстой. Гэхдээ одоо байгаагаараа бол төрөөс татаас авахгүй явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өөрийн өөрийгөө авч явахын тулд соёл урлагийн бүх салбарт анхан шатны гарааны дэмжлэг хэрэгтэй байна. 20-30 жил орхигдож, ямар нэгэн салбарын бөөрөнд наалдаад ирсэн урлаг соёлын салбарын эрэг боолт нь бүх зүйлээрээ суларчихжээ. Тэгэхээр эрэг боолтыг чангалж, бат суурьтай тогтвортой байлгахгүй бол бид наана нь яриад нэмэргүй. Дөрвөн жилийн дотор шийдэхгүй байж магадгүй. Дөрвөн жил суурийг нь тавиад өгвөл 40 жил оршин тогтнох магадлал ч бий.

-Соёлын яам энэ газрыг авах боломж байгаа юу?

-Бид нар энэ саналаа Төрийн өмчийн хороотой яриад Засгийн газарт танилцуулна. Харьяа байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаас хол хөндий болчихоор явахаа больчихдог. Сум орон нутгийн Соёлын төвүүд босоо тогтолцоо байхгүй хэвтээ тогтолцоотой учраас Соёлын төвийн арга зүй, мэргэжилтэн үйл ажиллагаа гээд бүх зүйл нь тасарчихжээ. Соёлын яамнаас Соёлын төв бүх шатандаа нэг голдрилоор явбал Монгол Улсын соёл урлагийн салбар үйл ажиллагаа явуулж хөгжиж чадна.

-Таныг Кино үйлдвэрийг өөрийн мэдэлдээ авахаар дайрч эхэллээ гэж ярьж бичээд байна?

-Би бүгдийг авах гээд байгаа юм биш, нэг голдрилд оруулах нь чухал. Үнэхээр хувьчилсан юм бол үүргээ биелүүл, хувьчилж авсан юм худалдаж авсан гэдгээ тодорхой болго. Төрд байгаа юм бол дэмжлэг үзүүл. Төр, хувийн хэвшил хоёр нь нийлээд урлагийн олон салбаруудыг ямар арга замаар явуулах вэ гэдэг үзэл баримтлалаа тодорхой болгочих. Тэгэхгүй бол маргаан үл ойлголцол, хардалт сэрдэлт яваад байдаг. Одоо бол манай яаманд ийм юмнуудын араас хөөцөлдөх зав байхгүй. Бид асуудлаа тодорхой үзээд яриад явна. Бид нар бодлогын яамтай болсон учраас яамныхаа дор ажиллуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Тэгж байж яам дэмжинэ.

-Тэгэхээр энэ газарт хөрөнгө мөнгөний асуудал  их тулгарч байна уу?

-Ер нь бол энэ газарт боломж, дэд бүтцийн нөхцөл байгаа юм байна. Энэ газарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Хөрөнгө оруулалтаа хаанаас босгох уу, Кино урлагийг дэмжих сангийн мөнгөнөөс тодорхой хувийг нь хэрхэн зарцуулах уу. Шууд уран бүтээл туурвих уу, эхлээд дэд бүтцээ бий болгоод тэрнийхээ дагуу уран бүтээлчдээ дэмжээд явах уу гэдэг асуудал яригдана. Гэхдээ ганц яамны хэмжээнд биш урлагийн салбарынхантайгаа ярилцаж, энэ долоо хоногт томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна. Ингээд УИХ дээр хэлэлцэгдэх хуулийн төслийн Ажлын хэсэг дээр яригдаад эрхзүйн орчинтой, эрхзүйн орчноо дагаад хэрэгжүүлэх арга зам нь тодорхой, тодорхой хугацааны дараа хүрэх зарчим, арга зам, үр дүн нь илэрхий байна.

Түүнээс биш нэг студийг дэмжиж, нэг байгууллагатай ажиллана гэсэн зүйл байхгүй. Монголын кино гэж байгаа болохоос нэг хүний кино гэж байхгүй шүү дээ. Монгол Улсын уран бүтээлийг дэлхий дахинд гаргах, за бүр дэлхийд гаргахгүй юмаа гэхэд бүс нутгийн хэмжээнд гаргаж чадах, бүр болъё Монголын хэмжээнд энэ салбарыг төлөвшүүлж уг суурийг нь тавьж өгөх нь чухал байна. Бид дэлхий яриад өөрийнхөө нөхцөл байдлыг мэдэхгүй тал бий. Тэгэхээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж бодлогоо боловсруулна.

-Монголын кино урлагийн хөгжил ямар шатандаа явж байна вэ?

-Би кино урлагийг мөхсөн гэж хэлэхгүй. Мэдээж энэ 30 жилийн хугацаанд уран бүтээлчид, кино урлагийг дэмжиж байгаа хүмүүс, киноны салбарынхан хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж ирсэн. Тодорхой хугацаанд үр дүнд хүрсэн нь байгаа үр дүнд хүрээгүй нэг хэсэг байгаа. Энэ бол өөрсдийнх нь хувийн хэвшлийн тэнхлээс хамаарч байна. Дэлхий дахинд хүрсэн баримтад кино ч байна. Бүр ус шиг кино ч бий. Кино урлагийг хөгжүүлэхийн тулд төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй байна. Тэгээд уран бүтээлчид, олон нийтийн байгууллага, дэмжигч, хөрөнгө оруулагчид эрхзүйн зохицуулалтаа хийж өгөхгүй байгаа учраас барьж авах зүйл алга.

Удахгүй Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Мөн Кино урлагийг дэмжих сан байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулна. Кино урлагийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж байна. Соёлын яамтай боллоо. Тэгэхээр өөрөөр хэлбэл, бодлогын, хууль эрхзүйн, эдийн засгийн хөрс суурь гээд бүх зүйл нь цогц байж энэ салбар цаашаа явна. Үүнийг хэн нэгэн ямар нэгэн эрх ашгийн үүднээс тайлбарлах боломжгүй. Эрх ашиг нь зөвхөн Монголын урлаг, соёлын бодлогод байгаа юм.

-Кино урлагийг дэмжих сангийн мөнгийг хэрхэн яаж зарцуулах вэ?

-Энэ сангийн мөнгийг тусгай журмаар зарцуулна. Энэ журам нь өөрөө Тусгай сангийн тухай хуульд тодорхой заасан. Журамд яаж заасан түүгээрээ зориулагдана. Түүнээс энэ санг хардаж сэрдэж, хөндлөнгийн хяналт орохгүй байх зөвлөл, шалгаруулах процесс, урдах хойдох үйл явц гээд бүх зүйлийг нь зарчмын дагуу явуулах ёстой.

-30 жилийн дараа Соёлын яам дахин байгуулагдсан. Яг ямар чиглэлээр яаж ажиллах вэ?

-Соёлын яамны бодлого үйл ажиллагааг тодорхой болгоно. Соёлын салбар орхигдсон гэж хэлэхгүй, харин хөгжлийн болон бодлогын хувьд дэмжлэг багатай явж ирсэн. Эрхзүйн орчин олон салбар дээр дутуу явж иржээ. Соёлын тухай хууль нь хуучирсан. Музейн тухай хууль байхгүй, Кино урлагийг дэмжих эрхзүйн орчин байхгүй гэх мэт. Уран бүтээлчдийн хувьд залуу уран бүтээлчдийн чадамжийг дээшлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэгдсэний дараа ажлын байраар хангаж өгөх зохицуулалтууд бага юм билээ.

Мөн эдийн засгийн бааз суурь чухал байна. Манай соёл урлагийн салбар санхүүжилт бага авдаг. Маш олон обьект үнэт зүйлээ алдчихсан юм байна. Бид нар Ажлын хэсэг гаргасан байгаа. Манай соёлын салбарынхан “Олон жил дээрэлхүүлсэн. Одоо бол дээрэлхүүлэхгүй шүү. Өөрийн гэсэн яамтай байна” гэсэн. Кино урлагийг хөгжүүлэх тухай хууль дээр Ажлын хэсэг гараад явна. Тэгэхээр кино урлагийн халуун тогоонд шанагдсан уран бүтээлчдийн дэмжлэг дуу хоолой хэрэгтэй байна. Төгс хууль гэхээс эрхзүйн боломжит орчинд болж байж дараа дараагийн асуудал яригдана. Бүгдийг төрөөс авч явах боломжгүй. Өнөөдрийн байдлаар 900 гаруй студи байна. Тэднээс хэд нь кино хийх чадамжтай вэ, хэд нь бүс нутгийн хэмжээнд кино хийж гаргах уу гэдэг бодох асуудал. 

-Шинэ яамны бүтцийн хувьд?

-Боломжийн сайн бүтэцтэй гэж хэлнэ. Кино хариуцсан мэргэжилтэнтэй болсон. Соёл гэгээрлийн газартай болсон. Шинэ бүрэлдэхүүнийг нэлээн чадамжтай баг бүрдсэн гэж бодож байгаа. Хэл ус сайтай гадаадад төгссөн хүмүүс бий. Ямар нэгэн эрх ашгийн харшилгүй хүмүүс авсан.

 

Би кино урлагийг мөхсөн гэж хэлэхгүй. Мэдээж энэ 30 жилийн хугацаанд уран бүтээлчид, кино урлагийг дэмжиж байгаа хүмүүс, киноны салбарынхан хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж ирсэн. Тодорхой хугацаанд үр дүнд хүрсэн нь байгаа үр дүнд хүрээгүй нэг хэсэг байгаа. Энэ бол өөрсдийнх нь хувийн хэвшлийн тэнхлээс хамаарч байна. Дэлхий дахинд хүрсэн баримтад кино ч байна. Бүр ус шиг кино ч бий. Кино урлагийг хөгжүүлэхийн тулд төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.