| | USD/MNT 0₮

Мөнгө угаасан, хахуулийн хэрэгт холбогдсон “Тавантолгой” ХК, “Номин даатгал” ХХК-ийн албан тушаалтнуудыг ЦАГААТГАВ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт холбогдох, мөнгө угаасан, бусдаас хахууль авсан хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болголоо. Шүүхийн эл шийдвэрт олон хүн эгдүүцэж байна. Учир нь орон нутгийн төсвийг бүрдүүлэгч, зарим шагнал урамшууллыг ч дээрх компаниас гаргуулах явдал байдаг болохоор удирдах албан тушаалтных нь холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болголоо. Ийм шийдвэр гаргахад нь бас улстөрчид, төрийн албан тушаалтнууд ч нөлөөлсөн байх магадлалтай хэмээн хардаж буйгаа илэрхийлсэн юм. Цагаан захтнуудын хэргийг шийдвэрлэдэг дагнасан шүүх байгуулахгүй бол иймэрхүү байдлаар хэргийг нь хэрэгсэхгүй болгох, замхрах магадлал нэн өндөр. Шүүхийн тухай хуулийг шинэчлэхээр ярьж буй өнөө үед авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулахыг хөндөх ёстой болов уу. Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд дагнасан шүүх байгуулж болохоор заасан учраас эх хуулиа удирдлага болговол авлигатай хийх тэмцэлд үр дүнтэй санагдана. Үүнийг хэд хэдэн баримтыг эш татан илэрхийлэхийг зорьсны нэг нь дээр өгүүлсэн “Тавантолгой” ХК-ийн албан тушаалтанд холбогдох хэрэг.

Г.Шүрэнхишигийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2019 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийн 17.4-2.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө завшсан, 18.6-1 дэх хэсэг зааснаар өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийж мөнгө угаасан гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн талаар хэвлэлийхэн мэдээлж байсан билээ. Харин НПГ-аас түүнийг “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны нэгдүгээр сард “Номин даатгал” ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу 53.7 сая төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Номин даатгал” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Н.Алтанцэцэгээс 2.4 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Ханбогд сум дахь шүүхэд шилжүүлсэн аж. Тус шүүх хэргийг энэ сарын 2-нд хэлэлцээд Г.Шүрэнхишиг, Н.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Мөнгө угаасан, хахуулийн хэрэгт холбогдсон “Тавантолгой” ХК, “Номин даатгал” ХХК-ийн албан тушаалтнуудыг ЦАГААТГАВ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.