| | USD/MNT 0₮

Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргалаа

Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтанд байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ.

Татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч улсын буюу “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалт”-ыг Европын Холбоо 2017 оноос хойш хөтлөж байгаа бөгөөд тус жагсаалтанд Монгол Улсыг 2017 оны 12 дугаар сарын 05-нд оруулсан. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны хамтарсан хүчин чармайлтаар 2018 оны 1 дүгээр сард тус “хар жагсаалт”-аас манай улс богино хугацаанд гарч хяналт-ажиглалтын “саарал жагсаалтанд” шилжсэн.

Энэхүү жагсаалтаас гарахын тулд татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоог хангах, татвараас зайлсхийхтэй тэмцэх олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2017 онд 350 дугаар тоот тогтоол баталж холбогдох арга хэмжээг авч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д 2018 оны 01 дүгээр сард манай улс албан ёсны гишүүнээр элсэж, уг байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн зохицуулалтыг татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлсэн.

Түүнчлэн Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийн хүрээнд “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц””-ыг Монгол Улсын Их Хурал 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр соёрхон баталж, тус конвенц 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.

Жич: Энэхүү жагсаалт нь ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын хяналтын жагсаалт буюу албан бус хэллэгээр “саарал жагсаалт” биш бөгөөд ЕХ-ны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт юм.

Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноос хойш энэ оны тавдугаар сарын 11-нд ФАТФ-тай онлайн уулзалт зохион байгуулж, “Монгол Улс өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн” хэмээн тус байгууллагаас урьдчилсан байдлаар мэдэгдсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.