| | USD/MNT 0₮

Э.Цэндзэсэм:Үр хүүхэд амьдралын утга учир тэдний төлөө бүхнийг хийх ёстой, энэ бол бидний үүрэг

Энэ жил Алдарт эхийн одонтой гоёхон ээжүүд Төрийн ордныг болон хөдөө орон нутгийг чимж гоёсон онцгой жил байлаа. Монгол Улсынхаа хүн амыг өсгөж олон болгохоор өхөөрдөм хөөрхөн үрсээ тээж төрүүлж тэтгэж өсгөж яваа ээжүүд үнэхээр гайхалтай, харц булаам хээнцэр ганган байсныг нуух юун.

Тэдний нэг болох жирийн нэгэн ээж Э.Цэндзэсэмтэй гэр бүлийн үнэт зүйл, өндөг шиг хайрлаж энхрийлж өсгөдөг үр хүүхдээ эцэг эхчүүд яаж хамгаалж, хэрхэн хайрлаж өсгөх талаар ярилцлаа.

 -Сайн байна уу. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөгөөд зав муутай байна уу?

-Сайн байна уу, хүүхдүүдээ хичээл, цэцэрлэгт нь зөөж, бага хүүхдээ гэртээ хараад л өнждөг дөө.

-Одонтой ээж болсонд баяр хүргэе, гэр бүлийн хамгийн их аз жаргал бол үр хүүхэд байдаг. Үр хүүхдээ нийгмийн муу муухай бүхнээс хамгаалж, өсгөхөд эцэг эхийн оролцоо ямар байх ёстой вэ?

-Баярлалаа. Үр хүүхдээ зөв хүмүүжилтэй хүн болгож өсгөхөд эцэг эхийн оролцоо дэмжлэг ижил тэгшээр оролцох нь маш чухал байх ёстой. Эрүүл саруул,зөв сайхан сэтгэлтэй, ухаалаг чадварлаг хүн болгохын тулд ээж аавын харилцаа, гэр бүлийн хүмүүжил, хүүхдүүдтэйгээ ярилцаж, үерхэл нөхөрлөлд нь анхаарал хандуулах нь хамгийн зөв гэж үздэг.

-Гэр бүлийн үнэт зүйл гэж юу бэ?

-Мэдээж хамгийн түрүүнд үр хүүхэд, бид бүгдийн харилцаа, хайрыг хэлнэ. Харин нарийн тодорхойлох гээд ярилцаад үзвэл гэр бүлийн үнэт зүйлд бидний хандлага хариуцлага, зан байдал, амьдралын олон асуудлын талаар шийдвэр гаргахад нөлөөлдөг итгэл үнэмшил гээд олон зүйл багтах байх.

-Хайр халамж дутуу хүүхдүүд янз бүрийн гэмт хэрэг, халдллагад өртөх гээд байдаг юм. Үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Хайр халамж дутсан гэм зэмгүй олон хүүхэд гэмт хэргийн золиос болон амьдарч байгаад сэтгэл маш эмзэглэдэг. Ажил төрөл, амьдралын янз бүрийн шалтгаанаас болж үр хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, цаг бага зарцуулдаг ээж аавууд байдаг, зарим хүүхдүүд бүр огт халамж хайр гээч зүйл мэдэх ч үгүй өсч байгаа энэ гунигтай нийгэмд эцэг эхчүүд бид өөрсдөө л маш өндөр хариуцлагатай байх ёстой. Анхаарал халамж хайраар дутаах байсан юм бол яах гэж үр хүүхэд гаргаад, яах гэж юуны төлөө амьдраад байгаа юм бэ бид. Үр хүүхэд амьдралын утга учир тэдний төлөө бүхнийг хийх ёстой. Энэ бол бидний үүрэг.

-Хүүхдийн хамгийн том хэрэгцээ бол хайрлуулах, хүүхдээ та бүрэн дүүрэн хайрлаж чаддаг уу?

-Чадаж байгаа. Хайраар дутаачихгүй юмсан гэж хичээж л явна даа. Гэхдээ үр хүүхдээ хайрлаж эрхлүүлж байна гээд юу хүссэнг нь авч өгч, дур зоргоор нь байлгана гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өвсөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ярилцлаж ойлголцдог вэ?

-Одоо үеийн өсвөр насныхан бидний үетэй харьцуулахад тэс өөр сэтгэлгээтэй болжээ. Өнөөгийн амьдарч байгаа нийгэм,техник технологи,хөгжил дэвшил,идэх хоол, эдэлж хэрэглэж байгаа бүхэн гээд бүх зүйлээс нарийн нягт хамаарч тэс өөр болсон. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдөж шинэчлэгдэж чөлөөтэй болсон гээд хүүхдүүдээ тэр зөнд нь орхиж болохгүй юм. Хянах зүйлийг хянаж байх ёстой. Миний том хүү өсвөр насан дээрээ яваа их л олон зүйл өөрчлөгдөж байгаа. Өсвөр насны хүүтэйгээ аль болох эвээр найз шиг ярилцаж, найз нөхдийн харилцаанд нь анхаарал тавьж байх хэрэгтэй.

-Үр хүүхдээ хайрлах хамгаалах тал дээр иргэдийн эрх зүйн боловсрол хэр гэж боддог вэ?

-Манай өнөөдрийн нийгэмд дийлэнх айл өрх, эцэг эхчүүд хүүхэд хамгааллын асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй хуучин уламжлалт арга барилаараа хүүхдийг загнаж зандарч, зодож ойлгуулдаг гэсэн ойлголт хэвээрээ байна. Тиймээс эцэг эхчүүдэд холбогдох хүүхдийн байгууллагын зүгээс сургууль, цэцэрлэгийн багш нартай нь хамтран ажиллаж хүүхэд хамгааллын хуулийн заалт, эрхзүйн боловсрол олгох сургалтыг эцэг эхийн хурал зохион байгуулах үедээ тэдэнд тогтмол өгдөг байх. Энэ хүрээнд дэлхийн улс оронд хүүхдийг хэрхэн зөв хүмүүжилтэй өсгөдөг талаарх бодитой жишээ, хууль эрхзүйн заалтыг танилцуулах зэрэг эцэг эхчүүдэд энэ талаарх эрхзүйн мэдлэг өгөх олон арга зам байна. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг боловсролын төв зэрэг ТББ- тай багш нар хамтран зохион байгуулахад илүү мэргэжлийн амар байх болов уу.

-Хүүхдийн байх ёстой аюулгүй орчныг яаж хангавал зүгээр гэж боддог вэ?

-Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад нийтийн эзэмшлийн бүх талбайг чанартай, байнгын ажиллагаатай камераар хангах ажлыг зохион байгуулах. Энэ ажлыг дэлгүүр, ресторан гэх мэт аж ахуйн нэгжүүдийг өмнөх хэсгээ заавал чанар стандартад нийцсэн камераар камержуулах үүрэг өгч хэрэгжилтийг нь хангаад явбал нийгэмд гарч болзошгүй аюул ослын гаралтад эерэгээр нөлөөлж магадгүй гэж бодож байна.

-Сүүлийн үед янз бүрийн муухай сэтгэл эмзэглүүлэм хэрэг их гарч байна. Ер нь хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс, бэлгийн хүчирхийлэл аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ээж хүний хувьд юуг хийж чадах вэ?

-Ээж хүн хүүхдээ хараа хяналтгүй, анхаарал халамжгүй орхих нь л энэ эрсдлийг бий болоход нөлөөлж байгаа тул ээж хүн бүр хүүхдээ хэнтэй хаана явж байгааг үргэлж анхаарч, хайр халамжаар дутаахгүй халамжлах хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс ээж бүр энэ хариуцлагаа үргэлж ухамсарлаж, амьдралын туршид хэрэгжүүлбэл дээрх эрсдлээс хол байх болов уу.

-Үр хүүхэддээ тавих эцэг эхийн хараа хяналтыг яаж сайжруулах вэ?

-Эцэг эхийн хараа хяналтыг сайжруулахад сургуулийн орчинг ашиглавал илүү үр дүнтэй байх. Тиймээс багш-эцэг эх- хүүхэд гэсэн харилцааг байнгын тогтмол байлгаж, хүүхдийнхээ талаар 7 хоног бүр багштай уулзах эсвэл утсаар холбогдож байхыг багш нараар дамжуулан эцэг эхэд ухамсарлуулах ёстой.

-“Сүүдэр бүү тусга нөллөөлийн аяны хүрээнд нийгэмд болон нийтэд тустай юу хийвэл зүгээр вэ?

-1-т Хууль хүчний байгууллагын зүгээс Хөршийн холбооны үйл ажиллагааг одоо байгаагаас нь илүү идэвхижүүлж, хороо дүүрэг,аймаг, сум, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас холбогдох бодитой хэрэгжих шийдвэрүүдийг гаргуулан хэрэгжүүлж харилцан уялдаа, үр дүнг нь улирал бүр тооцож ажилладаг байх. Жишээ нь хөршийн холбоог сайжруулахын тулд хөрш бүхэн хариуцлагатай байх тухай санамж тараах, мөн сар улирал бүр нийт хөршүүд болон тодорхой хэсэг хөрш айлуудад тухайн орчинд нь олон нийтийн /багахан хэмжээний мэдээлэл өгөх, эцэг эх, хүүхдэд тустай сургалт сурталчилгаа, хөгжөөнт тоглоом ч юм уу эвэнт ч юм уу гэх мэт/ арга хэмжээг зохион байгуулах. 

2-т Амьдралын нөхцөл нь хүнд буюу амьдралын түвшин доогуур айлуудын судалгааг холбогдох хөдөлмөр халамжийн байгууллагаас нь авч, тус байгууллагатай хамтран ажиллаж, амьдралын түвшин доогуур эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний урамшуулалтай гаар гэр бүл, харилцаа хандлага сайжруулж, үр хүүхэддэээ зөв үлгэр дууриалалтайгаар амьдрах сургалтад тогтмол хамруулж байх гэх мэт олон санаа гаргаж болмоор юм шиг санагдаж байна.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ямар бодолтой байна хэрэгжилт хэр гэж бодож байна?

-Мэдээж уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь илэрхий харагдаж байна.Хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх механизм, ийм төрлийн хэрэг гарах, санал гомдол ирэх, дуудлага ирэх бүрт гэр бүлийн дотоод асуудал мэт асуудалд ач холбогдол өгөхгүй орхилгүйгээр яг тус хуульд заасан заалтыг хатуу хэрэгжүүлдэг байх. Энэ хүрээнд холбогдох цагдаагийн байгууллага энэ асуудлаарх мэдээлэл, тайланг улирал бүр хороо дүүрэг,орон нутгийн удирдлагын байгуууллагад тогтмол мэдээлж, тухай бүр холбогдох шийдвэрийг гаргуулан хэрэгжүүлж ажилладаг байх гэсэн саналтай байна.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа?

-За баярлалаа.

О.Сайханцэцэг 

Хайр халамж дутсан гэм зэмгүй олон хүүхэд гэмт хэргийн золиос болон амьдарч байгаад сэтгэл маш эмзэглэдэг. Ажил төрөл, амьдралын янз бүрийн шалтгаанаас болж үр хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, цаг бага зарцуулдаг ээж аавууд байдаг, зарим хүүхдүүд бүр огт халамж хайр гээч зүйл мэдэх ч үгүй өсч байгаа энэ гунигтай нийгэмд эцэг эхчүүд бид өөрсдөө л маш өндөр хариуцлагатай байх ёстой. Анхаарал халамж хайраар дутаах байсан юм бол яах гэж үр хүүхэд гаргаад, яах гэж юуны төлөө амьдраад байгаа юм бэ бид. Үр хүүхэд амьдралын утга учир тэдний төлөө бүхнийг хийх ёстой. Энэ бол бидний үүрэг.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.