| | USD/MNT 0₮

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж дуусч байна

Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцжээ. 

СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал бол саналын хуудас хэвлэх, санал авах байр бэлдэх ажлууд байдаг. Дүүргүүд иргэддээ тухайн хороонд нэр дэвшиж байгаа дэвшигчдийг маш сайн танилцуулах хэрэгтэй. Сонгууль зохион байгуулагдахтай холбоотой мэдээллээ маш сайн өгч ажилла. Мөн иргэддээ саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт, иргэний үнэмлэх хоёроо заавал авчрах шаардлагатай гэдгийг нь сануулаарай. Зохион байгуулалтын ажлыг сайн хийж, хүмүүсээ мэдээллээр бүрэн хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах хэрэгтэй. Дүүргүүд баримт бичгийн бүрдлээ сайн хангаарай” гэв. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “УИХ-ын сонгуулийн үеэр 222 улсын байцаагч хяналт тавьж ажилласан. Сонгуулийн санал авах байранд тавигдах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллана” хэмээв.

Түүнчлэн холбогдох бүх мэргэжлийн байгууллагууд сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллүүдээ танилцуулав. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, иргэдийн биеийн халууныг хэмжих, амны хаалт зүүлгэх, санал авах байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийлгэж ажиллах шаардлагатай гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэргэжлийн байгууллагуудад анхааруулж хэллээ. 

Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм.

УИХ-ын сонгуулийн үеэр 222 улсын байцаагч хяналт тавьж ажилласан. Сонгуулийн санал авах байранд тавигдах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.