| | USD/MNT 0₮

Н.Баттогтох:Баянхонгор аймагт дурангийн мэс заслын хагалгааг амжилттай нэвтрүүлээд гурван жил болж байна

Баянхонгорчуудын хувьд “мэс заслын” гэх тодотголтой Н.Баттогтох эмчийг андахгүй сайн мэднэ. Түүний хувьд 2008 онд Богд суманд мэс заслын эмчээр томилогдон очиж, ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй. Эрүүл мэндийн салбарт 15 гаруй жил ажиллахдаа тэрбээр аймгийн нэгдсэн эмнэлгийг удирдаж байсан хариуцлагатай, туршлагатай эмч аж. Түүнээс гадна Баянхонгор аймагт баг хамт олноо удирдан Дурангийн мэс заслын хагалгааг нэвтрүүлж, гурван жилийн хугацаанд нутагшуулсан чадварлаг нэгэн ажээ. Ингээд мэс заслын эмч Нямбуугийн Баттогтохтой ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Нямбуугийн Баттогтох гэдэг. Уг гарал Завхан аймгийн Баянхайрхан сумынх. Минжийн сайхан хангай, Идэр, Тэс голын хөндий миний өссөн нутаг. Манай аав ээж хоёр малчин гаралтай хүмүүс. Аав минь намайг эмч болгоно гэсээр байгаад цагаан халадтай чагнууран гоёлтой эмч болгосон доо. Ингээд 2006 онд АШУҮИС-иа эмч мэргэжлээр төгсөөд, сургуульдаа жил багшилсан. Хоёр жилийн хугацаанд олон шавьтай болсон.

-Нийт хэчнээн шавьтай болсон бэ?

-2000 гаруй гарын шавьтай. Одоо бол бүгд тангараг өргөсөн хариуцлагатай эмч болсон байна.

-Анагаахын оюутнуудын хувьд урт хугацаанд суралцаж төгсдөг. Ханьтайгаа танилцаж амьдралаа эхлүүлж байсан үеэ дурсвал?

-Анагаахын гуравдугаар курсийн оюутан байхдаа хань Ө.Гэрэлмаатайгаа танилцаж байсан. Бид хоёр их эмч мэргэжилтэй. Хоёр жил багшаар ажиллаж байхад манай хүн эмч мэргэжлээр төгссөн. Бид хоёрын ажил амьдралын гараа Баянхонгор аймгаас эхэлсэн.

Бид аймагт ирээд 15 жил амьдарсан байна. Манай хадам аавыг Бавуусүрэнгийн Өлзийбат, хадам ээжийг Нацагийн Гантөмөр гэж аймгийн эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан хүн бий.

Би Эрдэнэцогт сумын хүргэн хүү болж ирж, ажилласан түүх намтартай. Баянхонгор аймаг бол миний эх орны нэг хэсэг гэж бодож явдаг.  Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Баянхонгор аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж ажилласан байна. Энэ бол багагүй хугацаа гэж боддог.

-Эмч мэргэжил гэдэг мэдээж хариуцлагатай байхыг шаарддаг, тэр дундаа Их эмчийн албыг хашиж байгаа хүнд алдаа, хий гаргах эрх байхгүй биз?

-Тэгэлгүй яах вэ. Мэдлэг мэргэжлийн хувьд хариуцлагатай ажиллана. 2008 онд мэс заслын их эмчээр нарийн мэргэжил эзэмшиж төгсч ирж байсан.

-Мэс заслын эмчийн гараагаа яг хаанаас эхэлж байв?

-Анх 2008 онд Богд сум дундын эмнэлэгт очиж, ажлаа эхэлж байлаа. Мэс заслын тасгийг нь зохион байгуулж засварлах, тоног төхөөрөмж багажуудыг нь өөрөө цуглуулах, угсрах, шөнө дөл болтол ажиллах гээд бүгдийг гардан хийж байв. Дархан хүн өөрийнхөө багажийг гараараа хийдэг гэж сонсч байсан. Яг түүнтэй адил тэр эмнэлгийн мэс заслын тоног төхөөрөмжийг цуглуулах, хагалгааны хуучин орыг нь угсрах, төсөл бичих гэх мэт ажлыг гардан хийсэн. Тэгэхээр энэ сумаас мэс заслын эмчийн ажлын гараа эхэлж байсан гэж ярих дуртай.

-Богд сум дундын эмнэлэгт нийт хэдэн жил ажилласан бэ?

-Нийтдээ таван жил ажилласан байдаг. Энэ суманд ажиллах миний гол зорилго бол хөдөөгийн тойргийн сумдаас ард иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулахгүй байх, чирэгдэл үүсгэхгүй, өөрийнхөө хүч хөдөлмөр мэдлэг чадварыг зориулъя гэсэн зорилготой ажилласан. Тэрнийхээ хүчинд олон удаа яаралтай хагалгаа болон төлөвлөгөөт хагалгааг сумандаа хийдэг болсон. Тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн тайланг харахад Богд сумаас ирж хагалгаанд орох иргэдийн тоо эрс багассан байдаг. Тэгэхээр энэ эмнэлгээс мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн гэж хэлж болно.

-Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэзээнээс эхэлж ажиллах болсон бэ?

-Богд сумаас аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ ирж мэс заслын эмчээ үргэлжлүүлэн хийсэн. Ингэхдээ бас нэг том зорилго тавьсан. Тэр нь юу бэ гэвэл Хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг нэвтрүүлье гэсэн зорилт тавьсан. Энэ мэс засал бол анагаах ухааны хувьд хамгийн дэвшилтэд мэс засал. Хүнд бол хамгийн хөнөөлгүй, аюулгүй мэс заслын тоонд ордог. Баянхонгор аймагт уг мэс засал нэлээд хоцорсон байдалтай явж байсныг би санал санаачлага гаргаж багаараа зүтгэж байж, дурангийн мэс заслыг 2017 оны арваннэгдүгээр сараас аймгийн Нэгдсэн эмнэлэгт гурав дахь жилдээ нутагшуулан, ажил жигдрээд явж байна.

-Гурван жилийн хугацаанд нийт хэчнээн өвчтөнд дурангийн мэс засал хийсэн бэ?

-Одоогоор 400 гаруй хүнд дурангийн мэс засал амжилттай хийжээ. Тухайн үед дурангаар мэс засалд орох хүмүүсээ Улаанбаатар руу алдаад байсан. Үйлчлүүлэгчээ алдана гэдэг бол эрүүл мэндийн зүгээс авах санхүүжилтээ алдана гэсэн үг. Хоёрдугаарт иргэд маань Улаанбаатар руу чирэгдэл үүсгэж яваад байсныг багийнхантайгаа хамтарч ажиллан зогсоож, асуудлыг шийдвэрлэсэн.

Тухайн үед бид нар БНСУ-ын Данвон эмнэлэгт багаараа явж дурангийн мэс заслаар суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Үүний хүчинд энэхүү хагалгааг эрсдэлгүй амжилттай сайн хийж сурсан.  Цаашдаа бид нар дурангийн мэс заслыг нэвтрүүлэх тал дээр давуу байдлыг ашиглаж хийх ажил зөндөө байна.

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа ямар асуудал юу байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа маш олон асуудал бий. Тухайлбал, сумын иргэд сум дээрээ шинжилгээгээ өгөөд оношоо тогтоолгож, шинжилгээгээ өгөх, эмчилгээгээ хийлгэх нөхцөл боломж маш хомс байна. Оношилгооны аппарат авлаа гэхэд дараа нь урвалж оношилгоог тасралтгүй нийлүүлдэг байдал асуудалтай, төсөв санхүү нь хязгаарлагдмал гэх мэт.

Мөн эрүүл мэндийн салбарт тулгамдсан нэг асуудал бол эм, эмнэлгийн хэрэгслийг чанаржуулах, чанартай эм тариагаар хангах асуудал чухлаар тавигдаж байгаа.

Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн төв буюу эрүүл мэндийн салбар дээр хэн ажил сайн хийж, илүү мөнгө олсон нь цалингаа, санхүүжилтээ илүү авдаг тогтолцоо руу орох ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 10 өвчтөн үзсэн эмч, 40 өвчтөн үзсэн эмч хоёр адилхан цалин авч байна. Тэгэхээр цаашдаа үзсэн өвчтөнийхөө тооноос хамаарч цалин мөнгөө авдаг тогтолцоо руу орно. Сумын эрүүл мэндийн төв дээр үзүүлсэн тусламжийнхаа нэр төрлөөр санхүүжилтээ олж авдаг нөхцөл боломжийг санаачилна гэсэн бодолтой байна. Гуравдахь асуудал гэвэл тоног төхөөрөмжийн дутагдал гэж бий. Үүнийг цогцоор нь шийдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.

-Таны хувьд цахим эрүүл мэнд гэсэн үйлчилгээг нэвтрүүлсэн гэж сонссон?

-Эрдэнэцогт сумаас аймгийн төв дээр ирж үзүүлэхийн тулд маш их оочер дараалал үүсдэг байсан. Аймгийн эмнэлэгт байхдаа цахим эрүүл мэнд гэсэн үйлчилгээг нэвтрүүлж, амжилттай явж байна. Өвчтөн өнөөдөр ирж үзлэгийн дугаар авлаа гэхэд цаг нь дууссан байх жишээний. Маргааш ирээд дахиад дугаарлаж дугаар авах байдлыг өөрчилж, өвчтөн ирсэн тохиолдолд өнөөдрийн дугаар байхгүй бол маргааш, нөгөөдрийн дугаарыг тэр өдөртөө тус хүнд олгодог ийм тогтолцоог бий болгосон.

Мөн одоо хүмүүс гэрээсээ утсаар дугаар авч болох тогтолцоог бүрдүүлсэн. Сумын төв, багаас ч иргэн хүн утасдаад эрүүл мэндийн үзлэгийн дугаар авч болно. Цаашдаа цахим эрүүл мэнд гэсэн үйлчилгээг өргөжүүлнэ.

-Уламжлалт болон эмийн бус эмчилгээг хөгжүүлэх боломж хэр байна?

-Эрүүл мэндийн салбарт уламжлалт болон эмийн бус эмчилгээг хөгжүүлэх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, өвчтнүүд судсандаа, бөгсөндөө тариа хийлгүүлж, эм ууж эдгэрсэн гэх сэтгэл амралтаар өөрийгөө хуурдаг.  Өрнө Дорнын хоёр том анагаах ухааныг зэрэгцүүлж авч явах ёстой.  Тиймээс бид уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхээр удирдлагуудтайгаа ярилцаж байгаа. Уламжлалт эмчилгээний эмч, сувилагч нарт ажлын байр алга. Зарим нь ажлын байр байхгүйгээс болж 103-ын эмч ч хийсэн явж байх жишээний.

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт уулын мухарт малын бэлчээрт байгаа малчдыг хэр хамруулж чаддаг вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулахаар суманд оршин суудаг хүмүүс болон төрийн албан хаагчид хамрагддаг. Бид бүхэн хэдэн тоотой л үлддэг. Тэр уулын орой дээр, бэлчээрт малаа хариулаад явж байгаа малчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл малчид эрүүл мэндийн үзлэгийн гадна үлдээд байдаг учир энэ хүмүүст хүрч ажиллана.

Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулахаар суманд оршин суудаг хүмүүс болон төрийн албан хаагчид хамрагддаг. Бид бүхэн хэдэн тоотой л үлддэг. Тэр уулын орой дээр, бэлчээрт малаа хариулаад явж байгаа малчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл малчид эрүүл мэндийн үзлэгийн гадна үлдээд байдаг учир энэ хүмүүст хүрч ажиллана.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.