| | USD/MNT 0₮

22 жил чимээгүй явсан Б.Булган хохирогч уу, эсвэл гэрч хамжигч уу

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилалын алтан хараацайнуудын нэг С.Зоригийн амийг хэрцгийгээр хөнөөснөөс хойш 22  жил өнгөрлөө.  Олон жил илрээгүй, алуурчин, захиалагч нь олдоогүй энэ хэргийн учир зангилаа тайлагдахгүй байсаар өдийтэй золгов. 

Учир нь талийгаачийн амийг хохироосон хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэгт унагааж хүчээр ял үүрүүлсэн гэх ноцтой бичлэг нийгэмд дуулиан шуугиан тарьсан.Тэднийг эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийн албан тушаалтнуудыг ч цагдан хорьж байв. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүнэ гэдэг бол гэмт хэрэг гэж тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад өнгөрсөн.

Тиймээс хууль бусаар эрүүдэн шүүгдэж ял үүрч, улмаар ялаа эдэлж байгаа тэднийг хилс хэрэгт гэм зэмгүй буруутгагдсан хэмээн үзэж, Хуульзүйн сайд асан Ц.Нямдорж ялтнуудын ар гэрийнхнээс уучлалт гуйж, суллана гэдгээ ч мэдэгдээд асуудал намжсан. Хэрвээ гэм зэмгүй хоёр иргэний өмнө төр том нүгэл үлдсэн. Гэмээ цайруулсан ч тэдний өмнө төр, төрийн алба хаагч, хууль сахиулагчид төлж барахгүй өртэй, уучилж барамгүй нүгэл үйлдсэндээ гэмших ёстой. Нөгөө хүмүүнлэг ардчилсан нийгэм хаана байна гэж хашгирсан. 

Яагаад хүн алаагүй хүмүүсийг алсан мэтээр хэрэг хүлээлгэв гэдэг нь их асуудалтай эргэлзээтэй байсан. Энэ хэргийн захиалагч хэн байв. Ямар хүмүүс хэргийг үйлдчихээд хэн нэгэн гэм зэмгүй хоёр хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, хохироов. Хууль хяналтын байгууллагынханд энэ хэргийг эцэслэн шийдэж шийдвэрлэхийг яаравчилсан болохоос үнэн мөнийг олох талаар огт бодоогүй юм.

22 жил загас мэт дуугүй явсан Б.Булган тэгвэл яг хэн болох вэ. Анхандаа хохирогч болж явсан хүн дунд үедээ гэрч болов. Харин сүүлдээ хэргийн хамжигч болж, эрүүгийн хэрэгтэн болсон. Яах аргагүй хэргийн гол гэрч болох С.Зоригтой зургаан жил хамтран амьдарсан Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй вэ. Гэрчийн мэдүүлэггүйгээр хэрэг шийдвэрлэсэн тохиолдол Монголд анх удаа гарсан.

Таван засаг дамжсан энэ хэргийг шийдэгдсэн гэж үзвэл шударга бус болно. Магадгүй “Улс төрд орж байгаа бол “Эрдэнэт”-ийн хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг хоёроор хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй биш бололтой. Захиалагчийг зарлаагүй байж, хэрэг хийсэн хүмүүсийг олж ялласан нь эцэстээ худлаа жүжиг болж хувирав.

Хэргийн гол гэрч байгаад сүүлдээ хамжигч болсон Б.Булган өдийг хүртэл чимээгүй байсаар. Түүнийг жил тойрон хорьж, улсын баатар Э.Бат-Үүлийг сэжигтнээр бус яллагдагчаар татсан ч хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй зүйл энэ хэргийн гол зангилаа ч байж мэднэ.

Үнэндээ Б.Булган л бүгдийг мэднэ. Түүнийг хоригдож байх явцад нэр бүхий УИХ-ын гишүүд санаа тавин асарч байсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр батлан даалтаар суллагдсаныхаа дараагаар төрийн ордноор орж гардаг болсон гэх. Тухайн үед Б.Булган “Гэмт этгээдүүд эрэгтэй эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан. Эрдэнэтийн төлөө та нарыг бүгдийг чинь ална, Одоо Бат-Үүлийг ална” гэсэн хэмээн мэдүүлж байснаас өөр юу ч хэлээгүй гэдэг.

Учир битүүлэг, ээдрээ төвөгтэй, эргэлзээ зангилаатай энэ хэрэгт цор ганц гэрч бол яах аргагүй Б.Булган юм. 
 

Учир битүүлэг, ээдрээ төвөгтэй, эргэлзээ зангилаатай энэ хэрэгт цор ганц гэрч бол яах аргагүй Б.Булган юм.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.