| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Баянхонгор аймагт өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон тул гамшгийн зэрэглэл тогтоолгоно

Баянхонгор аймгаас их хуралд сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат,  А.Адьяасүрэн хоёр нутагтаа ажиллалаа. Баянхонгор аймгийн хувьд энэ жил хур бороо багатай байснаас болж ган гачигтай говийн сумдуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ингээд Д.Ганбат гишүүнтэй ярилцлаа.

-Сайн явж байна уу, А.Адьяасүрэн гишүүн та хоёр орон нутагт ажиллаад ирэв үү?

-Сайн сайн байна уу. Бид хоёр аймгийнхаа 21 сум 10 багаар орж, ард иргэд малчид, баг сумын Засаг дарга, төрийн албан хаагчтайгаа уулзаж санал бодлыг нь сонслоо.  

-Баянхонгор аймгийн бүх сумдыг тойрчээ. Сум болгонд тулгамдаж байгаа асуудал олон байсан байх. Ялангуяа говийн сумдаар туурай зуд болж, их хэцүү байдалтай байх шиг байна?

-Харин тиймээ. Говийн сумд зүрх зүсэгдэм байдалтай угтсан. Энэ зун хур бороо байхгүйгээс болж гантай гандуу байна. Энэ цаашаа үргэлжлээд гамшиг болж байна. Энэ байдлаараа бол өвөл цаг хүндэрч зуд болох нь тодорхой болов. Улсын хэмжээнд зуншлага 70-80 хувьд нь боломжийн болоод өнгөрсөн. Гэвч Баянхонгор аймагт хамгийн хэцүү байна. Энэ талаар Г.Занданшатар даргатай бид гурав хөөцөлдөж байж УОК, Засгийн газартай яриад Баянхонгор аймагт 200 сая төгрөг тавиулсан байсан.

А.Адьяасүрэн гишүүн бид хоёр энэ ажлыг үргэлжлүүлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар хоёртой уулзаад “200 сая төгрөг бага байна. Манай аймагт цаг хүндэрсэн тул өвөл өвс тэжээл хэрэгтэй байна” гэж хэлээд 500 сая төгрөг болгосон.

-Цаг хүндэрсэн энэ үед Баянхонгор аймагт мал худалдан авах ажиллагааг эхлүүлнэ гэсэн үү?

-ХХААХҮ-ийн сайдтай уулзаж холбогдох албаныхантай нилээд ярилцаад “Мах, мал авмаар  байна, энэ ажлыг зохион байгуулах шаардлагатай” гэж хэлсэн. Үүнээс гадна “Улаанзагалмай” нийгэмлэгийн дарга Болормаатай уулзаж, олон улсын байгууллагаас тусламж хүргэх шаардлагатай байна шүү гэдгээ уламжилсан. Өвөлжилт хүндрэхээс нь өмнө тусламж хүргэхээр хоорондоо ярилцлаж байна. Ер нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нь тодорхой болжээ.

-Олон сар хоног отор нүүдэл хийж яваа малчид их зутарсан байдалтай харагдсан?

-Отор нүүдэл хийгээд явж байгаа малчидтайгаа уулзсан. Олон аймгийн нутаг дэвсгэр дээр малаа туугаад явж байна. Хэд хэдэн малчидтай уулзахад таван аймаг дамжиж 2 сар нүүдэл хийж яваа хүмүүс ч байна. Явсан газраа хөөгдөж туугдаж байгаа айл ч байгаа талаар ярьсан.  Гадны аймгийнхан бэлчээрээ харамлаж хөөж туудаг гэнэ. Уг нь УОК-ийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдтай уулзахдаа “Гантай гандуу газраас нүүж яваа малчдыг гарал үүслийн гэрчилгээтэй байгаа бол хөөж туухгүй” гэж тохирсон. Гэвч тийм биш байна.

-Төр засгаас малчдын талаар авч хэрэгжүүлэх ямар арга хэмжээ байна вэ?

-Өнөөдөр Шадар сайд Я.Содбаатар нь өвөлжилтийн талаар мэдээлэл хийнэ. Төр засаг өвөлжилт хүндэрч мэдэхээр болсон аймгуудад яаралтай арга хэмжээ авахгүй бол оройтох нь байна шүү. Ганц хувийн хэвшилд найдахгүйгээр төр засгаас анхаарч үзэж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна.

-Цагийн байдал хүндэрсэн энэ үед хоёр гишүүний хувьд ямар санал гаргаж байгаа вэ?

-Хэдий зарим газар нь гайгүй ч говийн сумдууд гантай байна. Тэгэхээр аймгийн хэмжээнд гамшгийн зэрэглэл тогтоолгоё гэсэн саналыг гаргасан. Гамшгийн зэрэглэл тогтоосон байхад Засгийн газар, УОК онцгой анхаарч ажиллах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Монгол хүн хаана хүнд хэцүү байна. Тэнд хүрч ажиллана” гэсэн. Тийм ч үүрэгтэй. Үүнээс гадна эдийн засагт төрийн оролцоог нэлээд оруулна гэсэн. Яг ийм үед анхаарч ажиллах хэрэгтэй болчихоод байна.

-Өвс тэжээлийн хомсдолтой. Олдож байгаа нь үнэтэй байна гэж малчид ярьж байна?

-Өвс их үнэтэй байна. Зарим өвс шаардлага хангахгүй, хүний гарт орж,  нэг боодол өвс 12-15 мянгаар зарагдаж байна. Тэжээл ч мөн ялгаагүй үнэтэй байна. Айлууд малаа ачаад “Эмээлт” зах ирэхэд “Баянхонгорын гантай газраас ирсэн мал” гээд авахгүй байна гэх мэтчилэн зовлон их байна.

-Аймагт мал худалдан авч байгаа компаниуд байна уу?

-Малчдын хувьд хүлээлттэй байна. Өнөөдрийн байдлаар хувийн компаниуд нь худалдаж авсан зүйл алга. Уг нь дөрвөн компанитай гурвалсан гэрээ хийж, 30 хувийг нь урьдчилж өгч, 70 хувийг нь дараа өгнө гэсэн гэрээтэй. Ийм хүлээлт үүсгэчихсэн, аймаг тойроод олон мал нядалгаанд орох гээд хүлээлттэй байгаад байдаг. Гэвч аймаг дээр ажиллаж байгаа “Мах маркет” компани 300-хан бог боловсруулж гаргаж байна.

-Улс орны нөхцөл байдал ч тэр дундаа эдийн засгийн нөхцөл байдал их эрсдэлтэй боллоо. Үүнд УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засаг хүнд байна. Төсвийн тодотголыг 4,8 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Гэвч энэ алдагдлаа нөхөхийн тулд зээл авч, өр нэмэгдүүлж байна. Энэ нь ард түмний амьдрал дээр хүнд тусч, хоёрдугаарт Монгол Улсад өр нэмэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд нь 600 сая ам.долларын өр тавьжээ. Дөрвөн жилийн өмнө 20-25 сая төгрөгийн өр ард иргэд төлнө гээд байсан бол одоо 30, 31 сая төгрөг боллоо. Өртэй хүн өөдлөж, өттэй мал таргалдаггүй гэдэг. Гаднаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг, шатахуунаа 100 хувь ОХУ-аас авдаг. Үүнтэй уялдаад валютын ханш хязгааргүй өсөх нь мэдээж. Ингээд ирэхээр удахгүй шатахууны үнэ дахиад нэмэгдэнэ.

-Төр засгийн бодлого шийдвэрийг харахад бүх зүйл болохгүй, бүтэхгүй байгаа биш юм шиг харагдах юм?

-Дандаа болохгүй, бүтэхгүй байна гэж шүүмжлэхгүй. Болж бүтэж байгаа ажил бий. Жишээлбэл, ковид 19-тэй тэмцэж байгаа ажил ахицтай байгаа. Эрүүл мэндийн салбарынхан эрвийх дэрвийхээрээ сайн ажиллаж байгаа. Гадаадад гацсан бүх ард иргэдээ шат дараалалтай татан авч байгаа нь сайн хэрэг. Сайны хажуугаар саар гэгчээр хандиваар цугласан мөнгийг дарга нар нэг нэгнээ шагнаж урамшуулжээ гэх хэл ам шүүмжлэл гарсныг нуухгүй.

Түүнээс гадна 2020 онд хийсэн хамгийн зөв зүйтэй ажил бол хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянга болгосон явдал. Энэ байдлаараа үргэлжлүүлэх ёстой. Гэвч 2021 онд хүүхдийн мөнгөө бүтэн жилээр нь биш хагас дутуу өгч, буцаагаад 20 мянга болгож ялгаварлаж магадгүй нөхцөл байдал үүсэх вий дээ.

-Улсын мөнгө улайдаггүй гэгчээр төсвийг үр зүйлгүй зүйлд зарцуулж байна гэх шүүмжлэл их гараад байгаа?

-Тиймээ, та бүхэн харж байгаа биздээ, хэнд ч хэрэггүй баахан хөшөө дурсгал барихын тулд хэдэн тэрбумаар нь төсөвлөчихсөн. Андлалын хөшөө гэх мэт зүйлд хэдэн зуун саяар нь төсөв тавьчихсан. Гэтэл наана нь ард иргэдийн амьдрал хүнд хэцүү байна. Хамгийн түрүүнд ард түмнээ бодож, хүүхдүүдийн мөнгийг өгөх ёстой. Эрх баригчид хэтэрхий олуулаа болчихоор ард түмнийхээ үгийг сонсдоггүй, үл тоодог. Монголчууд “олдвол өлдөнө” гэж ярьдаг нь үнэн.

-Олонхи болсон эрх баригчдад цөөнхийн бүлэг хэр хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

-Бид парламентын засаглалтай ард түмэн, олонхи болсон байгаа ч эд нарт хяналт тавь гэж цөөнхийн бүлэг бий болсон. Цөөнхи гишүүд байнга үнэнийг ярьж, ард түмнийхээ талд зогсдог. Эрх баригчид олуулаа болохоор ялзардаг. Ардчилсан намын бүлэг 11 гишүүнтэй ажиллаж байна. Үүнээс хоёрыг нь Баянхонгорчууд сонгож өгсөн. Бид бүхэн талцахгүй, улстөржихгүй, намчрахгүй хамтарч ажиллах ёстой. Төр засгаас хийх ажилд хяналт тавьж шахаж шаардаж ажиллах болно.

-Та хоёр нутгийнхаа 1000 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулжээ. Энэ мөнгөний эх үүсвэр хаанаас гарч байгаа вэ?

-Оюутны төлбөр айл болгонд хүнд ачаа болдог. Оюутангүй айл гэж бараг байхгүй. Айл өрхийн ачааг хөнгөлөхийн тулд оюутны тэтгэлэгийн 500 сая төгрөгийг Адьяасүрэн гишүүн бид хоёр хувиасаа гаргаж, 1000 оюутанд 500 мянган төгрөгийн батламж гардуулсан.  Энэ мөнгөний эх үүсвэр хаанаас гарч байгаа вэ гэдгийг сонирхож байгаа байх. Миний хувьд гадаад дотоодын худалдаа, барилгын материалын худалдаа хийдэг “Техник импорт” гэсэн компанитай. А.Адьяасүрэн гишүүн тээврийн бизнес эрхэлдэг. Тэгэхээр бид хоёрын хувийн бизнесээсэээ мөнгө гаргаж, оюутны тэтгэлэгийг олгож байгаа юм. Нийтдээ 500 сая төгрөгийн сан үүсгэж, нэг оюутанд 500 мянган төгрөг өгөх дүрэмтэй. Бид хоёр ямар нэгэн шаардлага тавихгүй.

-Аймгийн төвөөс Шаргалжуут орох 57 км замыг барих асуудал юу болсон бол?

-Энэ замыг барих төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн. Төсвийн тодотголоор оруулсан ирэх жилээс зам баригдана. 

Хэдий зарим газар нь гайгүй ч говийн сумдууд гантай байна. Тэгэхээр аймгийн хэмжээнд гамшгийн зэрэглэл тогтоолгоё гэсэн саналыг гаргасан. Гамшгийн зэрэглэл тогтоосон байхад Засгийн газар, УОК онцгой анхаарч ажиллах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Монгол хүн хаана хүнд хэцүү байна. Тэнд хүрч ажиллана” гэсэн. Тийм ч үүрэгтэй. Үүнээс гадна эдийн засагт төрийн оролцоог нэлээд оруулна гэсэн. Яг ийм үед анхаарч ажиллах хэрэгтэй болчихоод байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.